|
Зургийг byasalgal.mn сайтаас авав. |
Хүнтэй огт юм ярихгүй, дохио зангаагаар ч харилцахгүй, харц тулгарч, бие шүргэлцэхгүй, утас, интернет, сүлжээ байхгүй, хотоос зайдуу газар 10 хоногийн турш үүрийн 04.00 цагаас оройн 21.00 цаг хүртэл өдөрт 10 цагийн турш бясалгана гэвэл ямар сонсогдож байна? Махан хоол идэхгүй, юм уншиж бичихгүй, хөгжим сонсохгүй, гагцхүү бясалгах, идэх, унтах, бие засахаас өөр юм хийхгүй, мөн энэ бүхэн ямар ч үнэ төлбөргүй гэвэл ямар санагдаж байна даа?
10 хоногийн дуугүй бясалгал, эсхүл Випашяна бясалгал гэж сонссон ч байж магад. Гээд сонсогдож байгаагаасаа амаргүй, тэр хэрээрээ зорилго нь асар холд чиглэсэн байх ёстой, цэвэр ариунаар нь хадгалан үлдэх учиртай энэ бясалгалыг хийдэг гэж, өөрийгөө “номын хүн” гэж бусдад гайхуулах нь огт зөв зүйл биш болохыг багш нар маань хэлдэг тул блогтоо тэмдэглэл бичдэггүй байлаа. Харин энэ удаа 10 хоног яваад ирэхдээ нэг ч гэсэн хүн энэ бясалгалын тухай мэдээсэй, сууж үзэх сэтгэл төрөөсэй гэж чин үнэнээсээ хүссэн учраас өөрийнхөө бяцхан туршлагыг хуваалцахаар шийдэв. Хүн гэдэг амьтан чинь өөрийнхөө мэдэрсэн сайн сайхныг бусадтай хуваалцмаар санагддаг шүү дээ. Харин бичвэр маань урт болох тул унших, эс унших нь уншигчийн мэдэх хэрэг.
Бясалгагч болохоор шулуудсан эрлийн эхлэл
Д.Төрмөнх ахын блогоос Г.Аюурзана ахтай бясалгалын талаар ярилцсан нийтлэл олж уншсан үеэс энэ л бясалгалд суух юм сан гэсэн бодол үе үе орж ирдэг байв. Тэгэхэд би 18 настай байлаа. Ерөөс бага байхын сэтгэлийн амар амгалан гээч зүйлийг хаанаас, юунаас ч юм эрдэг хүүхэд байж билээ. Сэтгэлийн амар амгалан гэж юу хэлээд байгааг ч ойлгодоггүй асан тийм жаахандаа тийнхүү хайдаг байсныг бодвол хэзээ нэгтэйгээс, магад төрөхөөс минь өмнө ч юм уу, надад суучихсан “дадал” байж мэднэ. Эрлийнхээ үзүүрээс атган явсаар Шри Шри, Рейки зэрэг олон бясалгалд 14 настайгаасаа эхлэн сууж үзсэн. Нэг л юм дотроос “энэ хайсан зүйл маань биш байна аа” гээд эхлүүлээд орхино. Тохирсон хүндээ сайхан байдаг учраас сайлж муулаагүй юм шүү, угаас бясалгал бүхэн сайн сайхан зорилготойгоос хойш.
Дээр дурдсанчлан 18 насандаа яг ид Аюур ахын зохиолуудад автсан байсныг ч, Төрмөнх ахын нийтлэлүүдэд (улс төрөөс бусад) дуртайг ч хэлэх үү, мөн л дотроос “ийшээ л явах хэрэгтэй” гэсэн бодол хатгаад байсныг ч хэлэх үү, явна даа гээд шийдтэл 19-өөс дээш насны хүн хамрагдаж болно гэдгийг мэдлээ. 19 хүрээгүй байсан ч бясалгал зохион байгуулагчтай холбогдож, үнэн учраа хэлснээр суух зөвшөөрөл авсан ч тохироо нь бүрдээгүй байсан уу, явж чадаагүй юм. Түүний дараа жил нь ч бас. Гэснээс анх явна гээд явж чадаагүй жил ask.fm гээд асуулт хариултын платформыг хүмүүс өргөн хэрэглэдэг байсан болохоор “Харвардад сурдаг” У.Билгүүн гэдэг залуугийн энэ бясалгалд суусан тухай мэдсэн охид голдуу цөөнгүй хүн суухаар очсон гэдгийг танил бясалгагчаасаа сонсож билээ. 10 хоног огт үнэ төлбөргүй гэхээр л хүмүүс гайхаад байдаг юм шиг байгаа юм. Ширхэг будааг ч өртгөөр хэмждэг капиталист нийгмийн гишүүд юм болохоор үнэгүй зүйл зөвхөн хулганы хавханд л байдаг гэсэн бохир бодолд автсан бид арга ч үгүй биз.
Г.А, Л.Ө, Д.Т гээд уншдаг хүмүүс маань бүгд л энэ бясалгалыг хийдгийг мэдсэн миний хувьд багаасаа эрсэн “нөгөө зүйл”-тэй минь ч холбогдоод ямар ч эргэлзээ байгаагүй дээ. Гэрийнхэндээ ойлгуулж хэлнэ гэдэг л харин амаргүй санагдаж байсан. “Гарч орох” нь ховор, болзоонд явлаа ч гэж бараг сонсогддоггүй охин нь 10 хоногийн турш ямар ч холбоо барих боломжгүй газарт очно гэдэг эцэг эхийн хувьд гайхах, санаа зовох зүйл мөн. Гээд манай хоёр бясалгалдаа бүртгүүлээд бясалгалынхаа брошурыг аваад ирэхэд санаа нь амарсан даа. Тийнхүү 18-тайгаасаа хойш сууж үзэхийн хүслэн болсоор явсан би түүнээсээ 3 жилийн дараа л анх буюу 21 насандаа явсан юм.
Тийнхүү бясалгалдаа сууснаар хүсэж байсан шиг минь хайсан зүйл маань ч мөн болохыг очсон эхний өдрөө мэдэрсэн нь сонин. Гэвч хүслэн болсон шигээ амархан байгаагүйг хоёр дахь өдрөөсөө мэдсэн. Тэр л үед хүний тархи юм бодохгүйгээр хором ч байж чаддаггүй бөгөөд сэтгэл санаа үргэлж өнгөрсөн, ирээдүй хоёрын дунд савлаж, одоо цагтаа оршиж өгдөггүйг ухамсартайгаар ойлгосон билээ. Ялангуяа над шиг сайн сайхан мэдрэмжид хэт их анхаарал хандуулаад, муу муухай мэдрэмжээс болж өгвөл зугтахыг хичээдэг, дэврүүн, мөрөөдөмтгий, юмсын утга учирт их анхаардаг байсан хүний хувьд байгаа зүйлийг яг байгаагаар нь ажиглах, тэрхэн мөчдөө юу ч бодохгүй оршиж чадна гэдэг хэцүүхэн даваа байсан. Гадагш огт харилцахгүй ч сэтгэлд үүсэх шуурга үнэхээр шантрааж байв. Дээрээс нь нэмээд хөдөлгөөнгүй суух үед хамаг бие чилэх, бясалгал дундуур өөрөө ч мэдэлгүй унтаж орхих, үүрээр 4 цагт сэрэхийн хэцүү зэргийг ярих ч юм биш. Амьхандаа л Агнистын гэгээг их уншдаг болохоор бусдыг шүүхгүй, гаднаас буруу хайхгүй, гагцхүү өөрөө өөрийнхөө хувь тавилангийн эзэн байж, хариуцлага хүлээх чадвартайгаар амьдрах учиртайг гайгүй ойлгочихсон гэж өөрийгөө тоодог байсан минь ямар том эндүүрэл байсныг, яг үүнтэй адил хүмүүс магтах үед даруу загнадаг маань ч хэрээс хэтэрсэн эго байсныг олж харснаар нүдийг минь нээж эхэлсэн байх аа.
Уур уцаар, шунал тачаал, атаархал, дайсагналаа дарахыг хичээж, амар тайван амьдрах ёстойг угтаа бараг бүгд л мэддэг шүү дээ. Агнистын гэгээрхүү нийтлэл уншдаг хүмүүс бол бүр илүү мэднэ. Гээд тийнхүү оюун ухааны түвшинд тунгаан бодсон нь огтхон ч хангалтгүй бөгөөд биеэрээ мэдрээгүй л бол хоосон онолын мэдлэг болохыг ч мөн аажим аажмаар ойлгох нь тэр ээ. Өөрөөр хэлбэл, уур хүрэх үед хүн уурлаж болохгүйгээ хэнээр ч хэлүүлэлтгүй мэддэг ч өөрөө ч мэдэлгүй уур хилэндээ автсаар байгаад нэг мэдэхэд хажуудах хүнээ гомдоочихсон, эсвэл өөр нэгэнд гаргасан байх нь бий. Болохгүй гэдгийг мэдэж байгаа ч хүчээр тэвчилгүйгээр хэрхэн уур хүрэхийг болиулах аргыг мэдэхгүй болохоор тэр шүү дээ. Практик аргыг нь мэдэхгүй болохоороо л “тэгье гэж уг нь бодоогүй” гэсэн олон явдалтай бид нүүр тулдаг даа. Атаа жөтөө, өрсөлдөөн тэмцэл, шунал тачаал зэрэг бусад мэдрэмжүүдийн хувьд ч адилхан. “Нэг л мэдэхэд” гэсэн үгээр эхлээд “за, ганц л амьдарна шүү дээ” гээд өөрсдийгөө цагаатгах ч өнөөх таагүй мэдрэмжүүд дотроос хатгасаар байна.
Юутай ч анх явсан би их л олон юм шинээр мэдэж авсан ч маш их шантарснаа нуугаад яах вэ. Сайн сайхан мэдрэмжид их дулдуйддаг хүн чинь сайн сайхан ч бас үүрд үргэлжлэхгүй, мөнх бус юм шүү гэхээр хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй нь мэдээж. Муу муухай зүйл тохиоход удахгүй бүх юм сайхан болчихно, энэ бүхэн мөнх биш ээ гэсэн бодолд нь харин тайвшраад байсан хэрэг.
Эхний 10 хоногоо дуусгаад дахин явах талаар бодохоо ч түр хойш тавьсан. Надтай л адилхан анх явсан хүмүүс сайхан болчихлоо, бүх бие амарчихлаа гээд байхаар нь гайхаад л. Гэхдээ гэртээ очоод өглөө, оройныхоо нэг, нэг цагийн бясалгалыг хийхийг хичээсээр байсан минь их тус болсон юм шүү. Бүх зүйл мөнх бусыг алхам алхмаар биеэрээ ойлгож мэдрэх тусам бүх бясалгалын дотроос мөнх бусын бясалгал дээд нь гэсэн үнэнийг өөртөө нээсэн билээ. Тодруулбал, аз жаргалтай сэтгэлийг л хөгжүүлэх бус, аз жаргал хийгээд гуниг зовлонгийн аль аль нь мөнх биш учраас алинд ч автахгүй сэтгэлийн тэнцвэрээ хадгалан орших нь дотоод сэтгэлийн амар амгалангийн үндэс суурь болохыг энэхүү бясалгалаар заадаг. Угтаа бол миний багаасаа хайсан зүйл мөн байгаа биз? Гэтэл би өдөр тутмаас, холхи алсаас мэдэрдэг уйтгар гунигаа яаж нимгэлэх вэ, яаж юм бүхнээс илүү их аз жаргал мэдрэх вэ гэсэн шүү зам руу орчихсон байсан.
Тийнхүү яаж ч юм бэ, ямартай ч бясалгалаа тасралтгүй хийж, хэрэгжүүлэхийг хичээсээр байсан нь дахин бясалгалдаа явах бат итгэлийг суулгасан билээ. Юмсад хандах хандлага, харах өнцөг ч бас үнэхээр мэдэгдэм өөрчлөгдөж байсан болохоор урам зориг орсон. Тиймээс дараа жил нь их сургуулиа төгсчихөөд дахиад явсан даа.
Випашяна бясалгалын тухай маш товч
Интернетээс “випашяна бясалгал”, эсвэл “Vipassana meditation” гээд хайхад өч төчнөөн мэдээлэл гарч ирэх тул би өөрийнхөө үгээр товчхоон дурдъя. Випашяна, анапана гээд л анх уншсан хүнд ихэд харь сонсогдох энэ үгс угтаа эртний Энэтхэгийн пали хэлний үгс юм. Бидний Бурхан багш хэмээн нэрийддэг Бурхан Будда яг энэ бясалгалын аргаар гэгээрэлд хүрсэн гэдэг бөгөөд үндсэндээ мартагдсан байсан энэ аргыг дахин нээж, хүн төрөлхтөнд үлдээсэн хүн нь тэр билээ. Гээд энэхүү бясалгал Буддын шашинтай ямар ч холбоогүй бөгөөд шашин шүтлэг, үндэс угсаа, хүйсийн илэрхийлэл, бэлгийн чиг баримжаанаас үл хамаарч дотоод сэтгэлийн амар амгалан байдлыг эрэлхийлсэн хэн бүхэн суух боломжтойгоороо онцлог.
Учир нь хэн бүхэн зовдог бөгөөд тийм шашинтны, ийм шашинтны зовлон гэсэн тусдаа зүйл байдаггүй нь ойлгомжтой. Харин ч шашны зан үйл, шашны номлолоос маш хол байлгаж, ялгаж салгах учиртайг байнга ойлгуулахыг хичээдэг. Випашяна гэдэг нь пали хэлээр “бодит үнэнийг байгаагаар нь харах” гэсэн утгатай. Энэ нь махчилбал хэн нэгэн хөндлөнгийн хүн, эсвэл ямар нэгэн харь зүйл намайг аврахгүй, гагцхүү би өөрөө өөрийгөө аварна, хувь тавилангаа зөвхөн би өөрөө бүтээх бөгөөд хэн ч надад өргүй учраас хэлсэн, хийсэн, бодсон бүхнийхээ үрийг би өөрөө л хүлээх тул хоосон итгэлд автахгүйгээр үзэгдэл бүхнийг яг байгаагаар нь тэгш амгалан сэтгэлээр хүлээж авъя гэсэн утгатай юм уу даа. (Өнгөцхөн тайлбарлахад шүү дээ)
Шашинтай холихгүй, хүмүүсийн бохир сэтгэлээр буртаглахгүйн тулд дэлхийн 120 гаруй оронд яг адил дүрэм журмаар, яг адил цагийн хуваариар явагддаг. 10 хоногийн турш үнэ төлбөргүйгээр бясалгахдаа анхаарах зүйл нь 5 сахилаа чанд сахих явдал. Архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэхгүй; худлаа ярихгүй; хулгай хийхгүй; амьтны амь хөнөөхгүй (ялаа, шумуул ч орно шүү); хурьцал үйлдэхгүй байх /10 хоногийн бясалгалаас бусад үед яг энэ сахил нь “буруу хурьцал үйлдэхгүй байх” болдог/ Уг нь энгийн байгаа биз? Гэхдээ алкохолгүй бол сэтгэл сэргэдэггүй, тамхигүйгээр тайвширдаггүй, аалз, шумуул, ялааг “зүгээр өнгөрөөж” чаддаггүй, тачаал ихтэй хүмүүсийн хувьд бясалгалын турш ийм сахил сахих нь маш хүнд шалгуур байдаг юм шиг билээ. Яагаад ийм сахил сахих нь чухал болох, бүр маш ач холбогдолтой болохыг өөрөө хүсвэл дэлгэрүүлээд судална биз ээ.
Шинжлэх ухаанч хариулт хүсдэг хүмүүст зориулан харин нэгэн холбоос хавсаргахад У.Билгүүний бичсэн бясалгал хийснээр биед ямар өөрчлөлт гардаг, ямар ач тустайг тархи судлалын шинжлэх ухааны үүднээс бичсэн нийтлэл юм. Энд дарж уншиж болно.
Энэ удаагийн 10 хоног
Сүүлийн хэдэн жил тодорхой шалтгааны улмаас явж чадаагүй би энэ удаа ээлжийн амралтаа авахаасаа ч өмнө зорьж төлөвлөөд, ажлуудаа зохицуулаад, гэрийнхэнтэйгээ ярьж тохирон наадмын амралт дуусахаас ч өмнө бясалгалынхаа зүг жолоо залав даа.
Бусадтай харилцахгүй, аливаа төхөөрөмж хэрэглэхгүй, юм уншиж бичихгүй, 8 сахил (хуучин бясалгагч нарын хувьд нэмэлтээр 3 сахил сахидаг) сахих зэрэг нь ч миний хувьд асуудал болохоор зүйл биш юм. Бие, хэл, сэтгэлээрээ нам гүм байхаас хамгийн хэцүү нь сэтгэлээрээ нам гүм байх явдал. Өнөө л эцэс төгсгөлгүй, таатай, таагүй бодлуудаас болж үүсэх төрөл бүрийн мэдрэмж, нэг мэдэхэд 1 сарын өмнө юу хийж байснаа бодож баярласан эсвэл харамссан, нэг мэдэхэд 2 жилийн дараа хаана, юу хийж байхаа төсөөлж баяссан эсвэл санаа зовсон бодолдоо ээрэгдчихсэн сууж байх. Тэр бүхнийг амгалан сэтгэлээр ажиглаж, сэтгэлээ эрхэндээ оруулна гэдэг амаргүй. Үнэхээр амаргүй. Миний явсан ээлжинд хоёр, гурван ч хүн хоёр дахь өдрөөсөө буцчихсан юм даг.
Өмнө хэд хэд явчихсан хэрнээ л дунд нь нэлээн хэдэн жил завсарлачихсан тул шинэ бясалгагчдаас нээх хол зөрөөд байхааргүй л. Хэдийгээр ажлаа хийх, хүнтэй юм ярьж байхдаа ч бясалгалын төлөвтөө байхыг хичээж ирсэн ч 10 хоног вакум орчинд бүрэн тусгаарлагдаж бясалгал хийхийг яаж гүйцэх билээ. Хоёр дахь өдрөө л шантарч эхэлж байгаа юм. “Би ер нь энд юу хийж байгаа юм бол оо?” гээд л. Эхний хоёр өдөр нуруу маш их чилж, өвдсөнөөс бясалгалдаа ч төвлөрсөнгүй, доош бөхийсөөр, завилж суухад хөл юу юугүй чилээд сольж суусаар таарлаа.
Тийнхүү мөнх бус л учраас мөнх бусыг ажиглан хийх ёстой зүйлээ хийсээр байвал бясалгал бага багаар сайжирч эхэлдэг. Өмнөхөөс давуу тал нь бясалгалын үеэр нойр хүрэх, унтахаа больсон байсан. Сүүлдээ учраа овоо олоод хатуу шийдвэр (Адиттхана)-ийн цагаар хөдөлгөөнгүй нэг цаг сууж чаддаг болсон. Хатуу шийдвэр гэдэг нь бясалгалын 4 дэх өдрөөс 10 дахь өдөр хүртэл тодорхой цагуудад яг нэг цагийн турш гар, хөл, биеэ огт хөдөлгөхгүй, нүдээ нээхгүйгээр таг хөдөлгөөнгүй бясалгана гэсэн үг. Бусад үед нь гар, хөл чилбэл байрлалаа өөрчилж, нойр хүрэх гэвэл босож зогсоод бясалгаж болно.
Өмнө нь ойлгоогүй зүйлүүдээ ч дахин дахин ойлгож мэдсэн, мэдэрсэн, бүх гадаад ертөнцөөс өөрийгөө тусгаарлаж, өөрийнхөө дотогш өнгийж чадсан 10 хоног байлаа. Дээр дурдсанчлан, зөвхөн ном, сургаал уншсанаар уур уцааргүй, гэгээрсэн хүн болчихгүйн адил мөн зөвхөн бясалгал буюу практикийг нь л хийгээд, сэтгэлдээ тунгаан бодож, ухаарахгүй бол бүрэн дүүрэн ойлгож мэдэхгүй гэсэн нь үнэн болохыг биеэрээ ойлгосон доо.
Учир нь 4 удаа, 5 удаа бясалгалд явсан хэрнээ л бусдыг шүүн дүгнэдэг нь хэвээр, бурууг гаднаас хайдаг хэвээр, архи, тамхи хэрэглэдэг хэвээр, сайхан зүйлсэд баярлаж, муухайд дургүйцдэг нь хэвээр нэгэнтэй таарч л байсан. Бясалгалын туршид л 5 сахилаа яаж ийгээд сахичихвал дараа нь яасан ч хамаагүй гэж боддог нь ч байдаг юм билээ. Гэтэл тэрхүү сахил нь өөрөө тэгш амгалан сэтгэлийн хамгийн гол, зайлшгүй үндэс суурь нь болохыг энэ удаа явахдаа бүр л мэдэрч, сахил гэж бодохгүй ч алийг нь ч зөрчилгүй амьдралаа хэрэгжүүлж ирсэндээ өөртөө талархсан. Гээд би өөрөө л өөрийнхөө өмнө үнэнч байх нь чухал болохоор бусад бясалгагчийн хэрхэн аягладгийг шүүх эрхтэй нь биш юм шүү. Угаас бясалгалаа чин үнэнээр хийсээр байвал хүмүүсийг, үйл явдлыг, болж байгаа бүхнийг шүүн цэгнэж, бачимдан хорсох сэтгэл багассаар байдаг.
Випашяна болон бусад зүйлсийн уялдаа холбоо
Тэгш амгалан байдлыг зааж, сэтгэлийн тэнцвэрийг сургаад, сайхан муухайн алинд ч автахгүй бол юм бол ямар ч сэтгэл хөдлөлгүй уйтгартай юм биш үү гэж хүмүүс асууж байсан. Сэтгэл хөдлөлгүй болно гэсэн үг биш ээ. Автахаа л болино гэсэн үг. Баярлавал чин сэтгэлээсээ баярлана, гэхдээ шунахгүй. Уйлмаар байвал тэр дороо л уйлчихна, гэхдээ түүндээ харамсаж бачуурахгүй. Мөн випашянатай хамт метта буюу нинж бясалгалыг сурдаг болохоор зөвхөн эргэн тойрноо биш, бүх хорвоо ертөнцийг, уулзаж үзээгүй хэн бүхнийг ойлгох, хайрлах сэтгэл үүсэж эхэлнэ.
Миний блог руу ороход толгой дээр нь “Радио долгионоор “metta” урсана” гэсэн Д.Т ахын энэ үг A Sound-ын Ц.Тэмүүлэнгийн дуулсан “Салхинд хэлэх үг” дууны мөр юм. Одоо энд тайлбарлан бичихэд зүгээр ч нэг таалагдсан болохоор нь эшлээд авчихсан юм биш ээ, энд гарч байгаа “метта” гэдэг нь нинж сэтгэл, болзолгүй энэрэл хайрын мэдрэмж гэсэн утгатай. Тийнхүү утгачилбал, “бүх л биеэр минь энэрэл хайрын долгион урсаж байна” гээд байгаа хэрэг.
Амьд хөгжим сонирхогчдын аманд заавал аялагдчихсан байдаг “Хайрт минь чи утсаа аваач, Хаалгаа тайлж намайг оруулаач” гээд дуулах “Unexpected Answer” ч бас Д.Төрмөнх ах, Ц.Тэмүүлэн хоёрын хамтарсан “Цонхон дээр суусан ялаа” концепц цомгийн дуу юм шүү. Харин цомгийнх нь гол үзэл санаа бол ерөөсөө л випашяна өөрөө юм билээ.
Мөнхүү цомгийн бараг ганц клиптэй дуу нь “Анидча” байх. Анидча гэдэг нь випашяна бясалгалын амин мантра үгсийн нэг бөгөөд “мөнх бус” гэж байгаа юм аа. Бүх зүйл мөнх бус, анидча. Сүүлд нээрэн Ч.Бат-Уянга эгч шүлгийн түүврээ “Анидча” гэж нэрлэсэн байв уу даа.
Дууны үг нь бол “Бүх юмс үүсэн устана, Би ч гэсэн, салхи болон одно” гээд л хөвөрдөг дөө.
Тэмдэглэлийн төгсгөлд
Нэг иймэрхүү. Бичээд байвал, яриал байвал дуусахгүй их зүйл байна. Гэхдээ магад хүсвэл өөрөө сонирхоод бүр суугаад үзчихвэл миний юу хэлэх гэснийг, юу хэлэхгүй үлдээснийг ойлгочихно оо.
Энгийн утгаар бодсон ч тэр, ийм их чимээ шуугиантай, өөрийнхөө дотор руу тайван өнгийх завдал ч өгдөггүй завгүй, стресс бухимдал ихтэй нийгэмд 10 хоног л бүх зүйлээс “чөлөө аваад”, огоот орших шийдвэр гаргаад нам гүмд байж байгаад ирэх орон зай, цаг хугацаа бидэнд хэчнээн хэрэгтэй вэ! Гагцхүү яг тийм цаг хугацааны төлөө энүүхэнд минь, дэргэд минь шахам эртний энэ гайхамшигт арга цэвэр ариунаараа оршин байж, явах боломж байсаар байдагт чин сэтгэлээсээ талархнам!
Харин миний л хувьд дараагийн удаа явахдаа номын үйлчилгээнд явах юм шүү л гэж бодсоор үүнийг бичиж байна. Номын үйлчилгээ гэдэг нь бясалгалын ач тусыг мэдэрсэн хуучин бясалгагчид сайн дураараа, цэвэр хүсэл зоригийнхоо үндсэн дээр 10 хоногийн туршид бясалгагчдын тав тухын тулд үйлчилгээнд ажиллана гэсэн үг юм. Бясалгагчид гагцхүү бясалгалаа л хийх бол номын үйлчлэгчид бясалгалын сацуу хоол унд, угааж цэвэрлэхээс авахуулаад бүх зүйлийг үнэ хөлсгүйгээр сайхан сэтгэлээр хариуцан хийдэг билээ. Гайхалтай биш гэж үү? Өөрийнхөө үнэ цэнийг мэдэр, өөрийгөө үнэлдэг бай гээд тэр нь чадвараа өндөр үнээр буюу мөнгөн дүнгээр үнэлдэг байхыг сурталддаг манай нийгэмд, ялангуяа нэг цаг зөвлөгөө авахад л айхтар үнэ хэлдэг, про боно үзүүлсэн болчхоод л ажлаа гайхуулж явах дуртай хуульч, өмгөөлөгч нар олшрох болсон ийм үед надаас ямар ч хамааралгүй, би өөрөө ямар ч үүрэг хүлээгээгүй нэгний төлөө чин сэтгэлээр бүхэл бүтэн 10 хоногийн турш борви бохисхийлгүй ажиллаж чадна гэдэг?
Би өөрөө хуульч учраас, чадвартаа итгэдэг учраас, тэр хэрээр тохирсон хөлс авах ёстой гэдгээ мэддэг хэдий ч юм бүхнийг “хатуу” нүдээр харах нь байгалийн жам ёс бол биш юм шүү гэдгийг ойлгосны хувьд номын үйлчилгээнд дуртайяа ажиллах болно. Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй гэдэг дээ.
Хэт прагматик нэгэнд бол энэ бүхэн өнөө л байдаг муйхар итгэл, ямар нэгэн шашны зан үйл ч юм шиг уншигдахыг мэдэж байна. Гээд өрөөлийн мэдрэмжийг би хянаж чадахгүй бөгөөд тааллаараа бодох эрхтэй тул ойлгох хүсэлгүй хүнд юуг ч нотлох, тайлбарлах шаардлагагүй билээ. Харин ч хүндэтгэн үлгэрлэж явдаг мэргэжил нэгт эрхэм багш маань хүртэл энэ бясалгалыг хийдгийг мэдмэгц улам л сайхан санагдсан.
Тэмдэглэлд дурдсан бүхнээс үл хамааран төгсгөлд нь хэлэхэд:
Хамаг амьтан зовлонгийн хүлээснээс ангижирч, аз жаргалтай болон амар амгаланг мэдрэх болтугай!
Аан тийм, хэрвээ сонирхлыг нь татаад судалж үзэхийг хүсвэл www.byasalgal.mn хаяг, ФБ дээрх “Монголын Випашяна бясалгагчдын групп”, эсвэл “Монголын Випашяна судлалын төв”-ийн тэргүүн, бясалгалын минь багш Д.Ширэндэвийн Shirendev Dorlig хэмээх ФБ-ийг дагаж болох байх аа.
Жич: Энэхүү бичвэрийг би гагцхүү өөрийнхөө цэвэр, ухамсарт хүсэл зоригийн үндсэн дээр бичсэн бөгөөд ямар нэгэн сурталчилгаа, маркетингийн агуулга огт байхгүй болохыг хартай хүмүүст хандан хариуцлагатайгаар мэдэгдье ээ. Бүтэн 5 жил хийж, амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээж байгаа бясалгалынхаа тухай олон нийтэд тэмдэглэл бичиж байгаагүй, цаашид ч олон бичихгүй байх аа. Миний л хувьд энэ бясалгалтай учирсан маань нандигдах ёстой зүйл мөнөөс мөн, тэглээ гэвч өөр нэгний хувьд заавал тийм байх албагүй, явахгүй байлаа гээд болохгүй ч юмгүй. Гэхдээ сонирхож байвал цааш нь жаахан гүнзгийрүүлэн судлаарай л гэж байгаа хэрэг. Өөрөө ач тусыг нь мэдэрсэн, олон зүйл дээр одоо ч мэдэрсээр байгаагийн хувьд та нартай ч бас хуваалцахыг хүслээ, баярлалаа.
2022.07.24. 21:05.
Монгол Улс, Улаанбаатар хот.