Дорнын Бьёрк гэгддэг Тувагийн дууч Сайнхо Намчылакийн "Naked Spirit" цомгийг сонсонгоо үүнийг бичиж сууна. Дээрх зурган дээрх "Тувинцы" хэмээх номыг ээжийн найз Елена эгч бэлэглэсэн билээ. Тува хүн л дээ. Уг ном Тувагийн гэрэл зурагчны авсан Тувачуудын өдөр тутмын амьдралыг харуулсан олон сайхан зургаас бүрдсэн.
Дээрх номыг өглөө харж сууснаас ч болов уу, өнөөдөр би бүхэл өдөржингөө Цахар Тугчийн Урнаа, Сайнхо Намчылак хоёрын дуунуудыг сонсов. Урнаагийн хоолойноос зөөлөн, дулаахан, атлаа бас эрэмгий мэдрэмж мэдрэгддэг бол Сайнхогийн дуунаас ёстой өнөө эртний, бүрэнхий дуу ийм байдаг байх гэмээр бодол орж ирэхийн сацуу лам нарын уншлага сонсож байгаа ч юм шиг, ариун, дагшин газар байгаа мэт мэдрэмж төрөх ажээ.
Америкийн The Doors хамтлагийн гоцлол дуучин Жим Моррисон-ий "I like a man who wears his soul on his face" гэж хэлсэн үг бий. Өвөрмонгол, Тувагаар овоглосон энэхүү хоёр эмэгтэйн төрхийг харахаар Моррисоний дээрх үг бодогдоно.
Хувь заяа, цаг хугацааны эрхээр монгол түмнээсээ алсран холдсон ч нүүдэлчин соёл, уламжлалаа дуулахыг эрхэмлэдэг нь хэн хэнийх нь бүтээлээс мэдрэгддэг. Урд, хойд хөршид төрсөн, хоёр өөр төрхтэй, өөр өөрсдийн өвөрмөц онцлогтой энэ хоёр эмэгтэй өдгөө хоёулаа Европт амьдарч буй ч уран бүтээлдээ нүүдэлчин соёлыг шингээсээр, очсон газар бүрдээ гайхалтай өвөрмөц сэтгэгдэл үлдээсээр...
Яагаад ч юм энэ хоёрыг нэг өдөр сонссон нь сонирхолтой мэдрэмж байв. Ахлах сургуульд байхдаа нэг хэсэг хэн хэнийг нь ихэд шимтэн сонсож билээ. Тэрнээс хойш хаа ганц сонсохоос өдөржингөө хамаг анхаарлаа төвлөрүүлээд ийн сонсолгүй уджээ.
Сайхан!