27 клуб


"...Гучаас илүү наслах бол өөдгүйтэл биш, завхай гэмт хэрэг..."
/С.Анудар "Ядаж чад, тэгээд" өгүүллэгээс. 4 биш 4 номоос авав./


         Энэ тухай бичье гэж эртнээс бодсон. Бодогдоод л, бодогдоод л, бодлоос салахгүй байсаар өнөөдөр өглөө боссоноос хойш нэг их үл үзэгдэх далдын хүчин намайг бич гэж ятгах мэт, үүнийг бичихээс өөр юу ч бодогдохгүй байгаа нь сонин. Юм бүхэн өөрийн цаг хугацаатай. Өмнө нь бичье гэж зөндөө зориглосон ч чадаагүй зүйлээ өнөөдөр бичихээр шийдлээ, би.


         Хөгжмийн алдарт "Rolling Stone" сэтгүүл дээрх "27 клуб: Товч түүх" гэсэн нэртэй нийтлэл олж уншихдаа энэ "клуб"-ийн тухай анх "албан ёсоор" олж мэдсэн билээ. Энэ "клуб"-ийн бараг  бүх дуучдыг би сонсдог, сонсох дуртай учир энэ тухай мэдэхээсээ өмнө тэдний намтар, товч танилцуулгыг уншиж суухдаа ихэнх нь 27 насандаа хорвоог орхисон гэдгийг хараад гайхаж, энэ тоо, энэ насны хооронд ямар учир байгааг сониучирхаж байлаа. 


         Надад хамгийн их сэтгэгдэл үлдээсэн номуудын нэг болох Л.Өлзийтөгс эгчийн "Үзэхийн хязгаар" нэрт намтарчилсан эсээнүүдтэй номд "Өнгөрсөн бүхэн эргэж ирдэг" хэмээх яруу найрагч Ж.Болд-Эрдэнийн тухай эсээ бий. Түүн дээр Ж.Болд-Эрдэнэ, Л.Өлзийтөгс хоёрын анхны яриа "гучтайдаа үхэх тухай" болохыг уншсан минь, С.Анударын "4 биш 4" номын өгүүллэгүүдээс миний хамгийн дуртай нь болох "Ядаж чад, тэгээд" дээр гардаг "...Гучаас илүү наслах бол өөдгүйтэл биш, завхай гэмт хэрэг..." гэсэн үгс нь санаанд тод үлджээ. 



         Брайн Жонс, Жими Хендрикс, Женис Жоплин, Жим Моррисон нар 1969 - 1971 оны хооронд 27 насандаа хорвоог орхисон байдаг. Энэ давхцал нь тухайн үедээ сонирхол төрүүлж байсан ч 1994 онд Курт Кобайныг нас барах хүртэл "27 клуб" тийм ч алдартай болоогүй байсан юм. Мөн 2011 онд, Кобайны үхлээс 17 жилийн дараа Эми Уайнхаус 27 насандаа мөнх бусыг үзүүлсэн нь "27 клуб"-ийг олны анхааралд дахин оруулж, хэвлэл мэдээллээр томоохон шуугиан дэгдээж байсан аж. Нэмж хэлэхэд, Эми Уайнхаус нас барахаасаа 3 жилийн өмнө энэ насан дээр үхэх вий гэсэн айдас байгаа тухайгаа илэрхийлж байжээ.



         Энэ тухай янз бүрийн судалгааг олон хэвлэл мэдээлэл, сэтгүүл дээр нийтэлсэн байдаг ч ихэнх нь зүгээр л давхцал гэж үздэг ажээ. Чухам, энэ нь зүгээр нэг "давхцал" байсан уу, эсхүл өөр  ямар нэг зүйл байсан уу гэдгийг тайлбарлах боломжгүй юм. 



         Ихэнх хүний хувьд 27 жил гэдэг дэндүү бага, чамлалттай, юу ч хийж бүтээж амжихгүй санагдаж магад, харин цөөн заримынх нь хувьд 27 жил гэдэг Г.Аюурзанын шүлгэнд гардаг шиг "амьдарч амжихад" хангалттай байж мэднэ. Юуны өмнө, энд би "27 клуб"-ийн өнгөрсөн болоод энэ зуунд хамгийн алдаршсан 15 хүний тухай товч өгүүлье. Мөн түүнчлэн, энэ 15 хүн бол миний дуртай уран бүтээлчид юм. Ихэнхтэй нь би нэг цаг үед амьдарч яваагүй, уулзаж байгаагүй ч гайхалтай бүтээлүүдээр нь "амьсгалж", тэдний тухай өөрийн гэсэн төсөөллийг дотроо бүтээчихсэн учраас муухан танилаас илүү дотно, дулаахан санагддаг билээ.



1. Роберт Жонсон /Robert Johnson/

         Блюз хөгжмийн домог гэгддэг Роберт Жонсон 1929 - 1939 оны хооронд 10-аад жилийн турш хөгжмийн ертөнцөд ноёлохдоо 50 гаруй дуу бичүүлсэн бөгөөд түүний бүтээлүүд нэг тийм "чөтгөрийн" өнгө аястай байдгаараа ялгардаг. 2010 онд "Rolling Stone" сэтгүүл "Бүх цаг үеийн хамгийн агуу 100 гитарчин"-ы нэгээр түүнийг нэрлэсэн байдаг. Түүний бүтээлийг сонсох хүмүүс өсөн нэмэгдсээр буй бөгөөд шүтэн бишрэгчид нь "Роберт тамд ч Блюзээ дуулсаар байгаа, Бурхан хүртэл түүнийг сонсохын тулд тэнд бууж очдог" хэмээдэг ажээ. 

                     2. Брайн Жонс /Brian Jones/

         Бүх цаг үеийн хамгийн алдартай хамтлагуудын нэгэн болох The Rolling Stones хамтлагийн анхны гишүүн, хөгжимчин Брайн Жонс алкохол болон мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэснээр 1969 онд 27 насандаа энэ хорвоог орхисон юм. Гэхдээ түүний үхлийн шалтгаан одоо ч эргэлзээтэй хэвээрээ. Хамтлагийн гишүүд нь хүртэл түүний үхэл гадны нөлөөтэй гэж сэжиглэдэг ажээ. The Rolling Stones-ийн басс гитарчин асан Билл Уаймэн түүний тухай: "Тэр хамтлагийг нэгтгэсэн. Тэр хамтлагийн гишүүдийг сонгосон. Тэр хамтлагт нэр өгсөн. Тэр бидний тоглох хөгжмийг сонгосон..." гэсэн байдаг. Түүнийг хэцүү зан байдалтай хүн байсан гэлцэх ч сэтгэл татам, цэл залуухан энэ л төрхөөрөө хүмүүсийн сэтгэлд үүрд үлджээ. 

3. Алан Уилсон /Alan Wilson/

         Амьд хөгжмийн ертөнцөд "Сохор ууль" нэрээр алдаршсан Алан Уилсон нь Canned Heat хамтлагийн ахлагч, гитарчин байлаа. 1969 онд тэрээр нэлээн амжилттай явсан ч дотоод сэтгэлдээ зөрчилдөөнтэй нэгэн байсан гэдэг. 27 клубийн ихэнх "гишүүд"-ийн адил гэр бүлээсээ хөндийрч, сэтгэл гутралаасаа шаналдаг байв. Мөн "гадаа унтах" этгээд зуршилтай байж. Амьдралынхаа сүүлчийн шөнө тэрээр хамтлагийн дуучин Боб Хайтын Лос Анжелес дэх гэрийн гадаа унтсан байна. 1970 оны 9 дүгээр сарын 3-нд Бобын гэрийн гадаах зүлгэн дээрээс түүнийг олсон бөгөөд гараа цээжиндээ зөрүүлэн, дэргэдээ нойрсуулах эм тавьсан байжээ. Үхлийн шалтгаан нь нойрсуулах эм хэтрүүлэн хэрэглэснээс болсон гэдэг ч хамтлагийн бөмбөрчин фито де ла Парра түүнийг амиа хорлосон гэж үздэг байна. 

4. Жими Хендрикс /Jimi Hendrix/

         Бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн агуу гитарчин гэвэл хэн бүхэнд хамгийн түрүүн энэ хүний төрх бодогдох биз ээ! РокнРоллын Алдрын танхимд /Rock and Roll Hall of Fame/ "Рок хөгжмийн түүхэн дэх хамгийн агуу уран бүтээлч" болон мөнхөрсөн. 15 наснаасаа гитар тоглож эхэлсэн тэрбээр 27 наслахдаа рок хөгжмийн ертөнцөд үнэлж баршгүй үнэтэй хувь нэмрийг оруулсан гэдэгтэй маргахгүй байх. Ахлах сургуулийн 9 дүгээр ангид байхдаа хаанаас ч билээ, "Хөгжим бол мансууралтын эрүүл төрөл юм" гэсэн үг уншчихаад хэдэн өдрийн турш санаандаа бодож явсаар интернетээс хайтал Жими Хендрикс хэлснийг, ийм хүн байсан гэдгийг анх мэдэж билээ. Гитарынх нь тоглолтыг сонсох бүрд үгээр илэрхийлэмгүй, өөр хаанаас ч сонсохооргүй хүчтэй мэдрэмж төрдөг. Жими Хендрикс Лондонд найз бүсгүйтэйгээ хамт 1970 оны 8 дугаар сарын 18-нд нойрны эм хэтрүүлэн хэрэглэснээр хорвоог орхисон юм. 2013 онд түүний тухай өгүүлсэн Jimi: All is by my side хэмээх кино бүтээгдэж, Жимигийн дүрд америк реппер Aндрй Бенжамин тоглосон байна. Энэхүү кинонд хэний ч мэдэхгүй Жеймс Хендрикс гэх гитарчин залуу Нью-Йоркоос Лондон руу нүүж, нэрээ Жими Хендрикс болгон сольж, рок хөгжмийн түүхэнд нэрээ үлдээх эхлэлээ тавьж байгаа тухай өгүүлдэг бөгөөд HBO дээр монгол хадмалтай гарч байна билээ. 

5. Женис Жоплин /Janis Joplin/

         Жараад оны хамгийн алдартай блюз дуучдын нэг, адал явдал ихтэй хувийн амьдрал, сэтгэл хөдөлгөсөн "инди" дуунуудаараа алдаршсан Женис Жоплинийг "Rolling Stone" сэтгүүл "Бүх цаг үеийн хамгийн агуу 100 уран бүтээлч"-ийн нэгээр нэрлэсэн байдаг. Женис Жоплины дуунуудаас би хамгийн анх "Me and Bobby McGee"-г нь сонссон болохоор тэр юм уу, энэ дуунд нь хамгийн дуртай. Бороотой өдрүүдэд, инээмсэглэл, гунигийн алинд ч сонссон сэтгэлд хүрдэг, этгээд өвөрмөц хоолойтой энэ эмэгтэйн зургийг анх хараад хориод настай гэж огт бодоогүй. РокнРоллын Алдарын танхимд мөнхөрсөн, бүх цаг үеийн хамгийн агуу уран бүтээлчдийн нэг төдийгүй хамгийн алдартай эмэгтэй дуучдын нэг тэр 1970 онд мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэснээр хорвоог орхисон юм. "Би байдаг л нэг хачин хүмүүсийн нэг" гэж өөрийгөө тодорхойлсон энэ хүнд, түүний хоолойнд би хэчнээн дуртай вэ!  Нэг сонсчихвол, та ч гэсэн түүний дуунд "ховсдуулж" орхих вий!

6. Жим Моррисон /Jim Morrison/

         Эрс шулуун атлаа гүн харцтай, The Doors хамтлагийн дуучин Жим Моррисон. Хамтлагийг нь, дуунуудыг нь ч мэддэггүй байсан атлаа анх түүний зургийг харж, нэрийг нь сонсоод "би энэ нэрийг хаана сонслоо, би энэ зургийг хаана харлаа?" гэж бодогдож билээ. Эрс тэс хурц зан ааш нь ч, байгаа байдал нь ч, шулуун харц нь ч, зөөлөн атлаа хүчтэй дуу хоолой нь ч, ерөөс амьдралын замнал нь ч, үхэл нь ч түүнийг рок хөгжмийн түүхэн дэх хамгийн алдартай, хамгийн нөлөө бүхий уран бүтээлч болгожээ. 1960-аад оны үед Жим Моррисон алдар нэрийн оргилд хүрч байсан ч алкохол, мансууруулах бодис ихээр хэрэглэх болж, тэр нь тайзан дээрх үзүүлбэрт нь нөлөөлөх болсон байна. Ингээд 1971 онд героин хэтрүүлэн хэрэглэснээр энэ хорвоог орхисон юм. "Хүмүүс зовлонгоос илүү үхлээс айдаг нь хачин. Амьдрал үхлээс илүү өвтгөдөг. Үхэхэд зовлон дуусна. Тийм ээ, би үхлийг нөхөр гэж боддог" тэр одоо амар амгаланг олсон гэж найдна. 

7. Роналд МакКернан /Ronald McKernan/

         Grateful Dead хамтлагийн дуучин, хөгжимчин "Гахайн хороо" /Pigpen/ хочит Роналд Чарльз МакКернан 1973 онд 27 насандаа энэ ертөнцийг орхисон. Тэрээр 12 настайгаасаа архи ууж эхэлсэн бөгөөд улмаар мансууруулах бодис болон архи их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэдэг байснаар эрүүл мэндэд нь нөлөөлөх болсон байна.

8. Дэвид Александр /Dave Alexander/

         The Stooges хамтлагийн басс гитарчин агсан Дэвид Майкл Александр хамтлагаа байгуулагдахаас ч өмнө сахилгагүй, тааварлашгүй зан байдлаараа алдартай байсан гэдэг. Тэр мөрийгөө авахын тулд ахлах ангидаа 45 минутын дотор сургуулиа хаясан байна. Хамтлаг нь алдар нэрд хүрч байсан боловч Дэвид мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэж, гитараа тоглож чадахгүйд хүрч байсан тул тоглолт болохоос хэдэн хоногийн өмнө хамтлагийн дуучин Игги Поп түүнийг "халжээ". Амьдралынхаа туршид тэрээр донтолт, эрүүл мэндийн асуудалтайгаа тэмцсээр 1975 онд 27 насандаа энэ хорвоог орхижээ. 

9. Пет Хам /Pete Ham/

         1970-аад оны үед алдаршсан Английн рок хамтлаг болох Badfinger хамтлагийн дуучин, гитарчин Петр Уиллиам Хам 1975 онд 27 насандаа хамтлаг тойрсон элдэв шуугиан, асуудлаас болж сэтгэлийн хямралд орон амиа хорложээ. 1973 - 1975 оны хооронд хамтлаг санхүү болон менежерээсээ болж ихээхэн асуудалд орж, тэр үүнийг давж чадалгүй бие давхар найз бүсгүйгээ орхин 28 насны төрсөн өдрөөсөө 3 хоногийн өмнө гэртээ өөрийгөө дүүжилсэн байна. Бийтлзийн гитарчин Жорж Харрисон нэгэнтээ түүний болон хамтлагийнх нь тухай ""Badfinger" чамгүй сайн хамтлаг байсан. Пет Хам өөрийгөө боомилж дууссанаар маш харамсалтай түүх болсон боловч тэрээр маш сайн нөхөр, сайн гитарчин, агуу дуучин байлаа. Миний төсөөлж чадах хамгийн алдартай дууны ая болох "Without You"-г тэр л бичсэн билээ" гэж хэлж байсан юм.

10. Крис Белл /Chris Bell/

         Америкийн алдарт powerpop хамтлаг болох Big Star хамтлагийн гитарчин, дуу зохиогч Крис Белл 1978 онд 27 насандаа авто ослоор энэ хорвоог орхижээ. Хамтлагаасаа гарч, сэтгэцийн хямралд орж, мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх болж, эцэстээ харамсалтайгаар амиа алдсан тэрээр амьд хөгжмийн ертөнцөд хэдхэн жил "амьдарсан" боловч өнөө түүнийг, хамтлагийг нь сонсох хүмүүс нэмэгдсээр байгаа юм билээ. 

11. Д.Бүүн /D.Boon/

         Америкийн панк рок хамтлаг болох Minutemen хамтлагийн гитарчин, дуучин Д.Бүүн болон түүний хамтлагийг 5 жил хөгжмийн ертөнцөд тоглохдоо панк рок урсгалд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээлцдэг. 1985 онд тэр 27 насандаа авто ослоор нас баржээ. Хамтлагийн гишүүн Майк Уотт түүнийг нас барсны дараа "Тэр дахиад үгүй. Minutemen дахиад үгүй. Би түүнийг санаж байна" гэсэн байдаг. Түүнийг нас барснаар Minutemen хамтлаг зодог тайлсан юм. 

13. Александр Башлачёв /Alexander Bashlachev/

        ЗХУ-ын үеийн рок хөгжмийн тухай ярих гэвэл Александр Башлачёв, Виктор Цой хоёрыг хамгийн түрүүнд ярих хэрэгтэй болно. В.Цой 28 насандаа хорвоог орхисон болохоор 27 клубт "багтсангүй ээ". Иймд түүний тухай жичдээ тусад нь бичнэ ээ. Александр Башлачёв 1984 оны 5 сард анх Ленинградад болсон Ленинград Рок хөгжмийн Фестивалд очиж үзээд акустик гитар худалдаж аван, бие даан сурах болсон байна. Рок хөгжмийг төдийлөн сайшаадаггүй, нийтэд тийм ч нээлттэй бус үе байсан хэдий ч сонсогчид цөөнгүй байжээ. Башлачёв 1988 онд 9 давхар барилгаас үсэрсэн бөгөөд түүнийг амиа хорлосон гэж үздэг. "Юунаас болж үхэх нь хамаагүй, юуны төлөө төрсөн нь чухал" гэсэн тэр хаалттай нийгэмд амьд хөгжмийн төлөө төрсөн нийтлэг бус нэгэн байсан болов уу! 


13. Курт Кобайн /Kurt Cobain/

         Царайлаг сайхан төрх, дулаахан инээмсэглэл, гунигтай харц... Хайртай хамтлагийн минь хайртай дуучин! Сөөнгө мөртөө тийм сайхан хоолойтой хүн байж болно гэж Куртыг сонсохоос өмнө огт бодоогүй сэн. Энд байгаа хүмүүсээс миний хувьд намтрыг нь, дуунуудыг нь хамгийн сайн мэдэх нь Курт Кобайн юм. Амьд хөгжим, тэр дундаа гранж рокийг Нирвана, Куртгүйгээр төсөөлөх боломжгүй. Түүнд, Нирванад зориулж би хэд хэдэн тэмдэглэл бичсэн, дэвтэр дээр минь байж л байг. Курт Кобайн... Нэрийг нь анх сонсоход яагаад ч юм таньдаг мэт санагдсан энэ хүн тэртээ 1994 онд амиа хорлон энэ хорвоог орхисон. Аав ээж нь салсны дараах ганцаардал, уй гунигаар дүүрэн өсвөр нас, өвтгөж зовоох ходоод, материализмд шунасан хүмүүсийн тэнэглэлийг хараад гутарсан шаналал...  
         Түүний гуниг дуунуудад нь нэвт шингэсэн байдаг. Нирванагаас болж л би гранж рокод, амьд хөгжимд дуртай болсон юм даг. HBO телевизээс 2015 онд Cobain: Montage of Heck хэмээх баримтат кино хийсэн нь  түүний тухай өгүүлсэн худал үнэн нь үл мэдэгдэх олон нийтлэл, мэдээллүүдээс арай бодитой, үнэнд дөхөм кино болжээ гэж би хувьдаа дүгнэсэн. Болсон болоогүй нийтлэл уншсанаас Куртын тухай жаахан ч атугай мэдье гэвэл тэр киног үзээрэй гэж санал болгох байна. Тэр манай дэлхий дээр бууж ирсэн "Сахиусан тэнгэр" байлаа! 

14. Эми Уайнхаус /Amy Winehouse/ 

         Содон нүдний будалт, дээрээ овоолсон урт үс, этгээд шивээснүүд, өвөрмөц хоолой... Манай цаг үеийн хамгийн сайхан хоолойтой эмэгтэй дуучдын нэг Эми Уайнхаус 2011 онд архинаас болж нас барсан байдаг. Олон хүний хүндлэл хүлээсэн нээлттэй, үзэсгэлэнтэй эмэгтэй гэвч дотоод сэтгэлдээ үргэлж зөрчилдөж, ганцаарддаг байсан гэдэг. 27 клубийн хамгийн алдартай "эмэгтэй" тэрбээр утга гүн дуунуудаараа, цор ганц хоолойгоороо, этгээд содон атлаа дулаахан, цэл залуухан дүр төрхөөрөө шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлд үлджээ.

15. Антон Ельчин /Anton Yelchin/

         Америк иргэншилтэй, ЗХУ-д төрсөн орос залуу энд байгаа хүмүүсээс ганцаараа жүжигчин. Буржгар үс, дөлгөөн харцтай яг энэ төрхөөр нь би түүнийг "Rudderless" хэмээх 2014 онд гарсан киноноос анх харсан юм. Амьд хөгжмийн тухай, эцэг хүний тухай, аз жаргал, хайрын тухай энгийнээр сэтгэлд хүүрнэн өгүүлэх тэр киног нулимстай инээмсэглэн байж үзсэнээсээ хойш түүний тоглосон кинонуудыг үргэлж дуртай үзэх болсон билээ. Гэтэл саяхан, 2016 оны 6 сарын 19-нд тэр 27 насандаа "амьсгалын дутагдал"-ын улмаас ослоор хорвоог орхисон. Дахиад цэнхэр дэлгэцээр түүнийг харахгүй гэхээр харамсахгүй байж чадаагүй. Гэвч тэр тоглосон кинон дотроо "амьдарсаар" байх нь мэдээж. "Хэн гэдгийг нь мэдэх тун цөөхөн хүнд би бүрэн итгэдэг. Бусдаар бол би хүмүүст төдийлөн итгэдэггүй" гэсэн тэр одоо байгаа газраа ч "итгэх цөөхөн хүн"-ээ хэдийн олсон биз ээ! 

         27 клубийн тухай бичсэн нийтлэл маань дуусах дөхөж байна. Үнэндээ үүнийг "нийтлэл" гэж зоригтой нэрлэж болох эсэхийг мэдэхгүй. Багахан хэмжээний тэмдэглэл гэж нэрлэвэл зохиж мэднэ. Би сэтгүүлч биш, сэтгүүлийн ангийн оюутан биш. Сайн болсон ч гэж бодохгүй байна. Гагцхүү эртнээс бодогдоод салахгүй байсан зүйлээ биччихсэн болохоор нуруун дээрээс хүнд ачаа аваад хаячихсан юм шиг л болчихлоо. Гэвч төгсгөлд нь сэтгэл хоосон оргино. Нэг л хүнд, нэг л гунигтай...

         Амьдраад л, амьдраад л байсан... Цаг хугацаа урсаад л, цаг хугацааны урсгалд хамагдаад урсаад л байсан... Эргээд харахад хийсэн юмгүй, бүтээсэн зүйлгүй, дурсах хүнгүй, живэхгүйн тулд л  "урсгалаараа хөвөгч" болчихдог хүмүүс цөөнгүй байх. Огт амьдраагүй юм шиг, энэ ертөнц дээр оршиж байгаагүй юм шиг энэ амьдралаас бид нэг л өдөр буцна. Харин 27 клубийнхан хэчнээн цаг хугацаа өнгөрч, хэдэн ч зуун алсарсан, нэр алдар нь түгсээр байх болно гэдгийг мэдэж байна. Өөрт олдсон цаг хугацаандаа амьдарсан шиг амьдарч, байгаа зүйлдээ сэтгэл ханаж, өөрийгөө хуурахгүй явахын чухлыг бидэнд ойлгуулахын тулд тэд энд ирсэн ч байж мэднэ. 

         Цэл залуухан дүр төрхтэй ч "олон зуун жилийн настай" тэд энд, бидний дотор, бидний сэтгэлд "амьдарсаар" байх болов уу. Хүн төрөлхтөнд үлдээсэн бүхнийх нь төлөө тэдэнд талархмаар. Юуны төлөө, яах гэж амьдарснаа ч мэдэхгүй, амьдралаас хэтийдсэн зүйлийн тухай бодож үзэлгүй, гагцхүү мөнгө, хоол, байр орон, алдар нэр, албан тушаал, хайр дурлал, өрсөлдөөн, тэмцлийн тухай бодсоор дуусахгүй юм шүү гэж бодно. Мөн хором мөч бүрийг "мэдэрч", өдөр хоногийг хайрлаж чадах нь чухал. Эд зүйлсийг бус дараа нь бодоод инээмсэглэх үнэт дурсамжийг чадах чинээгээрээ цуглуулах... Мэдээж, тэдний амьдралын зорилго энэ байгаагүй байх л даа. Би зүгээр бичих дуртайн адил тэд зүгээр л дуулах дуртай, хөгжим тоглох дуртай, кинонд дүр бүтээх дуртай хүмүүс байсан байх. Гэлээ ч тэд буй байгаагаараа түүх болжээ.

         "Одоо жарга. Зөвхөн одоо, маргааш яаж ч болно. Одоо, дандаа ийм байна. Энд илүү юмтай байхгүй. Тэгээд өөр юм хэрэггүй. Жаргаж чад. Чадахгүй бол энд элэнцгээ хийж байгаа юм!" гэсэн С.Анударын үгээр бичиж байгаа зүйлээ дуусгахаар шийдлээ, би.

         Яг энэ цаг мөчид би энд оршин байна... 

         2016.07.17. 22:53 цаг.
УБ хот.
С.Ц

САЙНТӨРИЙН ЦЭРЭНДОЛГОР

9 comments:

  1. Сайхан. Нээх сайхан болчихлоо үүнийг чинь уншаад. Сайхан нийтлэл болжээ. Мундаг бичих юмаа. Өөрийн чинь блогоор үргэлж зочилдог шүү. Бичихээ битгий болиорой өвөрмөц охин минь. Үзэл нэгт хүнээс. ;-) Инстаграмынхаа дмийг шалгаарай.

    ReplyDelete
    Replies
    1. Зөндөө талархлаа, IG-аар ч бас их дулаахан үгс үлдээсэн байна билээ. Инээмсэглэл бүхнийг хүсэе! (:

      Delete
  2. Энэ нийтлэлийг бичсэнд үнэхээр их талархаж байна. Их ч сонирхолтой байлаа, хамгийн гол нь амьдарч амжих юм шүү Цээгий минь! (:

    ReplyDelete
  3. Нийтлэл таалагдлаа Баярлалаа

    ReplyDelete
  4. baylalaa. sonirholtoi sanagdlaa :)))

    ReplyDelete
  5. anton yelchin mashin ni uhraad hashaandaa shahagdaj sanamsargui nas barsan amisgaliin dutagdal bish shuu

    ReplyDelete
    Replies
    1. Аанхан, үхэлд хүргэсэн хүчин зүйл нь тэр боловч үхлийн шалтгаан нь "амьсгалын дутагдал" гэж уншсан юм байна аа.

      Delete
  6. Эдгээр хүмүүс 27 насандаа нас барсан нь магадгүй ёстой л санамсаргүй тохиолдол, эсвэл зарим нь тухайн үед өөрт нь байх алдар хүндийг алдахаас, хожим хэн ч биш болохоос айсандаа, түүхэнд тэр хэвээрээ дуурсагдахыг хүссэндээ амиа хорлосон байхыг үгүйсгэмгүй. Линкин паркийн дуучны амиа хорлолт бас л нэг зүйлийг өгүүлэх биз.

    ReplyDelete

Instagram