Цэг тавиад, зай аваад, томоор эхэл!
Дээрх үгс гэнэт бодогдоход үнэхээр л зарим нэг зүйлийг өнгөрсөнд үлдээгээд, шинээр эхлэх цаг болсон гэдгээ ухаарав. Хүн ихэнхдээ байгаа зүйлийнхээ үнэ цэнийг ухаардаггүй. Дэргэдээ байлгасаар байгаад ийм байх ёстой мэт, тийм л байдаг байсан мэт харьцсаар, эцэстээ алдсан хойноо л ухаардаг амьтан шүү дээ. Эс бөгөөс, өөрт анхнаасаа байгаагүй зүйлийг өөрийнх мэт бодож, чанга зуурсаар өөрийнх болохоос ч өмнө алдаж орхисон байх вий.
Өөрийнх гэж хууртсаар үлдэхгүйн тулд тавьж явуулах хэрэгтэйг, алдахаас айхгүй байх зориг хэрэгтэйг ойлгосон. Өрөөлийг хайрлахын тулд өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэйг ч ухаарч байна. Өөрийгөө хайрлах гэдэг нь амиа бодохоос хол зөрүүтэй ойлголт юм гэдгийг ч бас харж байна.
Хайртай хүмүүс минь инээмсэглэж байна. Зуны амралт дууссан ч уншиж дуусахааргүй сайхан номууд өмнө минь байна. Амгалан авчирдаг сонсох дуртай дуунууд минь байна. Эргэн тойронд минь зөндөө олон гайхалтай зүйлс, гоё хүмүүс байхад өөр юу хүсэх билээ? Байгаа зүйлээсээ инээмсэглэл олоход жаргал оршдог юм байна. Намуухан, даруухан оршсоноороо өнөөдөр ялагдаж буй мэт харагдавч үнэндээ хамгийн том ялалт л тэр байдаг юм шиг.
Ямартай ч, яг одоо би энд оршин байгаадаа жаргалтай байна. Инээмсэглэж байна.
Бүгдэд нь талархлаа! Бас бүгдээс нь уучлалт хүсье! Өнгөрсөндөө талархаад, ирээдүйн тухай сайхныг зөгнөн, одоодоо амьдарна гэж өөртөө амлах байна.
Цэг тавьчихлаа. Зай авчихлаа. Ингээд, Томоор эхэлж байна!
Хайр цацруулж амьдрах юм шүү!
Нэмж хэлэхэд: Гайхамшиг өдөр бүр тохиодог. Олж харах нүд л хэрэгтэй!
Yagaad ch ym gunig turj bna...
ReplyDeleteЭнд байгаа гуниг өөрт нь мэдрэгдсэнд яагаад ч юм талархаж байна! Үүнийг бичихдээ би их гунигтай байсан л даа, инээмсэглэж байсан хэдий ч!
ReplyDeleteЗүгээр л сайн сайханыг хүсээд явуулах ёстой хүн гэж байдаг.
ReplyDelete