Миний аз жаргал хийгээд Жюли Жулия хоёр



    Хүн хүний таашаал хүн хүн шиг өөр гэж Л.Өлзийтөгс эгч бичжээ. Тийм ээ, хүн бүрийн таашаал өөр. Миний хувьд л гэхэд энд их олон зүйл багтана даа. Ингэхэд чухам 'таашаал' гэж юу юм? Аз жаргал хийгээд таашаалыг нэг зүйл гэж ойлгож болох уу? Энэ удаад гэхдээ түр энэ асуултыг хойш нь тавьчихъя. 

    Миний хотод шөнийн 01:24 цаг болж байна. Зэргэлдээх байрнуудын цонхны цаана харанхуй, харин би гэрэлтэй гал тогооныхоо өрөөнөөс үүнийг бичиж байна. Бялуугаа хийгээд дөнгөж сая л дуусав. Энэ мэдрэмжийг юутай зүйрлэдэг юм билээ? Мэдэхгүй ээ, их л гоё, дүүрэн мэдрэмж төрж байна!

    "Жюли, Жулия хоёр" хэмээх хоёр бүсгүйн бодит түүхээс сэдэвлэн бүтээж, гол дүрд нь Мэрил Стрип, Эми Адамс хоёр тоглосон 2009 оны киног би хоёр жилийн өмнө үзсэн юм. Жулия Чайлд хэмээх америк эмэгтэй 1948 онд нөхрийнхөө хамт Францад нүүж ирснээр кино эхэлдэг. (Жич: Улс төрийн бодлого, Дэлхийн хоёрдугаар дайных дараах улс гүрнүүдийн гадаад харилцаа, нөхрийнх нь албан тушаал, аж амьдрал зэргийг энд дурдаад яах вэ, учир нь би яг энэ мөчид киног зөвхөн гол өгүүлэмж талаас нь бичихийг хүсэж байна) Франц хэл мэдэхгүй, франц соёлд суралцаагүй, франц хоолонд дасаагүй Жулия эхэндээ маш их ганцаардаж, уйдаж, юм юм оролдож үзэх ч өнөөх нь ихэнхдээ бүтэлгүйтнэ. Ингэс тэгэсхийсээр өдөр хоногийг өнгөрөөж нэлээд уйдах маягтай болох тэр үед нөхөр нь франц хоолны ном авч өгдөг. (Жич: 2 жилийн өмнө үзсэн учраас үйл явдлыг нь нарийн сайн санадаггүй ээ. Андуурч эндүүрэх явдал байж мэднэ шүү.) Францаар унших байтугай ярьж мэдэхгүй Жулия тэр номыг сонирхож эхлэн, франц хоолны сургалтад суухаар шийднэ. Сургуульд нь дан эрчүүд байх бөгөөд багш нь ч эрэгтэй. Эхэндээ тэд Жулия-г басах буюу 'элэг барьж', Жулия ч 'хөгөө тарьдаг' байсан ч дурласан зүйлдээ мэрийн чармайсаар франц хоолны соёлд мэргэшдэг билээ. Олон улсын харилцаанд дөнгөж л энх тайван тогтож, улс хоорондын харилцаа нээлттэй болж эхэлж байсан тэр үед америк эмэгтэйчүүд франц хоолны тухай төдийлөн мэддэггүй, сонирхдоггүй байж. Жулия Чайлд америк бүсгүйчүүдэд зориулан франц хоолны жоруудыг англи хэлээр ном болгон гаргаж, нэвтрүүлэг хийдэг. Бодит хүн нь ч тийм байсан юм билээ. 

    Киноны нөгөө гол дүр болох Жюли Поуэлл (Эми Адамс)-ын амьдрал 2002 онд өрнөнө. Жюли бүсгүй 2001 оны 9 дүгээр сарын 11-нд Дэлхийн худалдааны төвийн барилга Ихэр цамхагт террорист халдлагын улмаас амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхний гашуудал, гомдлыг сонсож, хариу өгөх ажил хийдэг. Амаргүй, сэтгэлийн дарамт ихтэй ажил хийх Жюли найз залуутайгаа хамт амьдарна. Гэхдээ түүний амьдрал дэндүү нэгэн хэвийн, уйтгартай гэхэд болмоор. Энэ байдлаа өөрчилж, хийх дуртай зүйлтэй болохоор шийдэн Жюли нэгэн өдөр Жулия Чайлдын 1961 онд бичсэн "Франц хоолны урлагт суралцахуй" номыг аван, Жулия-гийн бүх жороор 365 өдөрт хоол хийхээр болж, блог нээн түүнийгээ бичиж, тайлагнаж эхэлнэ. Энэ хооронд мэдээж их олон үйл явдал болдог. Тэд хоёулаа л эхэндээ алдана, алдаанаасаа суралцана, хийх дуртай зүйлээ олж эхэлнэ, түүнээсээ таашаал авч сурна. 

         Ямар ч уран зөгнөл, адал явдал эсхүл нэг тийм 'нүсэр санаа', гүн утга агуулаагүй инээдмийн/уянгын жанрын энгийн нэг кино. Хоёр өөр цаг үед боловч, хоёулаа хоолноос баяр баясал авч, тэр баяр баяслаа бусдад түгээж, амьдралдаа, өөрсдөдөө өөрчлөлт хийж буй хоёр эмэгтэй. Гэсэн хэдий ч энэ кино надад хэчнээн гэгээлэг мэдрэмж төрүүлсэн гэж санана! Заримдаа, юу ч бодолгүй "энгийн" кино үзэх сайхан! Өмнө нь бялуу, нарийн боов, хоол хүнсний тухай сонирхдог л байсан ч 'хийдэг болох юм сан, хийх юм сан' гэх хүслийг энэ кино л надад хүчтэй төрүүлсэн билээ. 

    Ингээд би бялуу хийж сурахыг хүсэх болов. Тэгээд оролдож эхэлсэн. Одоо ч 'оролдсоор байгаа' л даа. Хийх бүрдээ алдаанаасаа суралцана. Хүн идэхийн тулд амьдардаг уу, амьдрахын тулд иддэг үү гэсэн асуултын хариуг би ойлгох шиг болсон. Явж явж, идэхийн тулд л амьдардаг мэт санагдсан (хэлээ гаргав). Гэхдээ 'иднэ' гэдэг ч үнэндээ урлаг байж болохыг, тэндээс таашаал авч болдгийг мэдэрсэн. 

    Анх би бялууныхаа хэвэнд 'хүнсний цаас'-аа ч зөв хайчилж, багтааж чаддаггүй байлаа. Хэд дахин хайчилж, орцоо хэд дахин бэлдэж, амт нь өөрчлөгдөх бүрд гайхаж, бүх шөнөжин сэтгэл гаргаж хийсэн бялуугаа эгчдээ аваачиж өгөх гээд явж байтал жаахан хөвгүүдийн хөлбөмбөгийн бөмбөг яг бялуун дээр минь унахад уйлж, эмтэрхий ч гэсэн бялууг минь амтархан идэх бялууны эзнийг хараад урам орж, бялуугаа жигнэж байхдаа дахин дахин болж байна уу гэж харах, ванилын сахрын анхилам үнэр гэрээр дүүрэн үнэртэхэд хөөрөх, гэрийнхэн маань сайхан үнэрээс баясал авч буйг хараад инээмсэглэх..., Амьдралаас авч болох олон гайхалтай мэдрэмжүүдийн нэг! Бялуу идэх, бялуу хийх нь одоо миний нэг таашаал болсон! Бичдэг шиг, хөгжим сонсдог шиг, зураг авдаг шиг л нэг таашаал! Мэдээж би мундаг болох болоогүй, сайхан бялуу хийдэг хүмүүсийн хэмжээнд дөхөж очих хаа өдий. Гэхдээ л эндээс 'таашаал' авч чадаж байгаа болохоор, дурлаж хийж чадаж байгаа болохоор надад хангалттай юм. 

    Ээжийн минь найз, миний хүндэлж явдаг эмэгтэй Елена эгчид зориулж бүхэл оройжин бялуутай 'найзлав' аа, би! Сэтгэлээ шингээж хийсэн энэ бялуу Жюли, Жулия хоёрынхыг гүйцэхгүй ч амттай болсон байгаасай гэж найдна. Гэхдээ, хамгийн чухал нь, үүнийг хийж байхдаа би аз жаргалаар дүүрэн, инээмсэглэн байсан. Өдөр өдрөөр өчүүхэн жижиг, энгийн аливаа зүйлээс баяр баясал мэдэрч, үл харагдах гоо сайхныг олж харж сурч байгаадаа талархахгүй байхын аргагүй. Хүссэн хүсээгүй, хичээсэн хичээгээгүй юмсын сайхан нь нүдэнд минь түрүүлж тусах, хийж буй бүхэндээ сэтгэлээ шингээж хийхийн сайхныг мэдрэх... 

    Миний хотод шөнийн 02:41 цаг. Хот нойрсож байна. Бялуугаа чимэглэхийн тулд хөрөхийг нь хүлээнгээ гэрэлтэй гал тогооныхоо өрөөнд суугаад би үүнийг бичиж байна. Жюли, Жулия хоёр яагаад ч юм бодлоос минь гарахгүй бодогдсоор энэ мөчид. Амьдралд сайхан мэдрэмж олон тухай бодогдсоор... 

    "Идэх дуртай хүмүүс үргэлж хамгийн сайхан хүмүүс байдаг!' гэсэн Жулия Чайлдын үг бодогдоно. Гэхдээ, идэх гэдгээр бүх амьдралын утга учрыг төлөөлүүлэх гэсэнгүй юм шүү. Идэж буй зүйлээсээ ч таашаал авч чадаж байвал тэр үед л 'энгийн зүйлээс аз жаргалыг мэдрэх' гэдэг үгийн утгыг ойлгох вий. 

    Хайртай хүмүүс минь унтах зуур бялуу хийн чимэглэхээр хүлээж буй би өөрийгөө хамгийн азтай, хамгийн баян нэгэн гэдгээ мэдэрч сууна. Угтаа бол, амьд буйгаа мэдрэх нь хамгийн том аз жаргал гэдэг шүү дээ! 

    Аз жаргал яг дэргэд чинь байгаа, олж харах 'нүд' л хэрэгтэй! 

САЙНТӨРИЙН ЦЭРЭНДОЛГОР

No comments:

Post a Comment

Instagram