Би чам руу харахгүйг хичээсэн
чи над руу харахгүйг хичээсэн учраас
Бид тэсэж чадалгүй ширтэлцсэн учраас...
- Л.Ө
1966 оны 11 дүгээр сарын 7. "Дуусгаж амжаагүй зургууд хийгээд бүтээлүүд" /Unfinished paintings and Objects/ үзэсгэлэнгээ гаргах гэж буй япон бүсгүй Йоко Оно үзэсгэлэнгийн нээлт болохын өмнөх өдөр амьд хөгжмийн домог Бийтлз хамтлагийн дуучин Жон Леннонтой анх уулзав. Тэгээд үзэсгэлэнгийн өдөр буюу 1966.11.9-нд дахин уулзсан байна. Энэ цаг мөчөөс Леннон Онод татагдаж эхэлсэн гэдэг. Дэлхий дахиныг шуугиулсан, одоо ч олон олон асуултыг араасаа дагуулсаар байгаа цуутай хайрын түүх ингэж эхэлсэн юм.
Тэдний түүхийн тухай намтар маягийн нийтлэл их олон байдаг учраас энд тэр тухай нурших нь илүүц биз. Эхнэр, 2 настай хүүтэй Леннон жирийн япон бүсгүйд яагаад татагдсан юм бол? Алдар нэр, гэрлэлт, уран бүтээлээс нь илүү юу нь тэгтэл түүнийг соронз мэт хүчтэй татсан юм бол?
Бийтлзийг чухам Йоко Оногоос болж тарсан, Леннон Оногоос болж энэ ертөнцөөс явсан гэх таамаг цөөнгүй байдаг юм билээ. Тэр тусмаа Бийтлзийн шүтэн бишрэгчид Онод дургүй байдгийг би мэднэ. Гэхдээ хэнийг нь ч, юуг ч буруутгамааргүй байна! Энд би тэдний хайрын тухай өөрийн бодол, мэдрэмжээ бичихийг хүслээ.
"... Йоко Онотой анх уулзаад л надад байсан бүх зүйлс өөрчлөгдсөн. Хөлбөмбөг, снүүкер билльярд, залуусын аль аль нь сонирхолтой байхаа больсон ..." - Жон Леннон
Тэд анх танилцахад Леннон 26, Оно 33 настай байжээ. 7 насны зөрүүтэй, залуухан хос! Леннон анх түүнд сэтгэлээ илчлэхэд Оно зөвхөн амрагийн харилцаа санал болгов. Тийнхүү амраг болоод жирийн найз нөхрийн харилцаатай байсан боловч харилцаа нь гүнзгийрсээр, 1969 онд хуримаа хийсэн байна.
Хөгжмийн ертөнцийг доргиож асан Бийтлз, олон жил нөхөрлөсөн нөхдөөс нь, урьд өмнө уулзаж учирч асан эмэгтэйчүүдээс илүү, ерөөс "тэс өөр" мэдрэмж төрүүлсэн энэ эмэгтэйд Леннон хүчтэй татагддаг байсан нь Онод зориулсан дуу, бүтээл, ярилцлагаас нь мэдрэгддэг. Ямар ч байсан тэд "учрах" ёстой л байж!
Хэдий би тэр үед амьдарч яваагүй боловч Бийтлзийг сонсдог, тэдэнд хайртай сонсогчийн үүднээс хамтлаг тарсанд харамсдаг ч Йоко Оно, Жон Леннон хоёрын сэтгэлийг буруутгах мэдрэмж төрдөггүй! Ихэнх хосын туулдаг замыг л тэд туулсан. Харилцааныхаа туршид 1 жил 6 сар тусдаа амьдарсан байдаг. Энэ үед Леннон архинд орж, улмаар архины эмчилгээнд явж, хуучны амрагуудтайгаа уулзаж, анхны эхнэр Синтиятайгаа эргэн нийлэхээр шийдсэн байжээ. Харин Йоко Оно үсээ хусуулж, энэ ертөнцийг "орхихоор" шийдсэн байж. Гэвч, түүнээс цааш тэсээгүй юм уу, удалгүй Леннон Оно дээр ирж, 1975 оны 10 дугаар сарын 9-нд тэдний хүү Шон Леннон хорвоод мэндэлсэн. Хамгийн сонирхолтой нь, хүү Шон нь аавынхаа төрсөн өдрөөр буюу Леннонтой нэг өдөр төрсөн юм.
Оно, Леннон хоёр учрахаас өмнө хоёулаа тус тусын амьдралтай байсан. Оно охинтой, Леннон хүүтэй. Энэ бүгдээс болдог уу, Бийтлзийг тараасан "ховсч эм" гэж хэлүүлдгээс ч болдог юм уу, Бийтлзийн фенүүд түүнд таатай байгаагүй. Харин хос хоёрт энэ бүгд огт хамаа байсангүй! Тэд зөвхөн "өөрсдийнхөө ертөнц"-д амьдардаг байж уу дээ! Олны танил хүмүүст л ирдэг дарамт, "зөв байх" хариуцлагаас ангид байж чадсанаараа магад тэдний харилцаа онцгой байж мэдэх юм.
Буй бүхэн мөнх бус учир мэдрэмж анхнаасаа байгаагүй юм шиг өөрчлөгдөж болдог. Бидний мэдрэмж биднээс хамааралгүйгээр нэг л өдөр өөрчлөгдөж болно. Гэвч, энэ амьдрал турш мэдрэмжийг минь өөрчлөхгүй, халуун дулааныг хэвээр нь хадгалах хүн ч бас байдаг гэж боддог. Оно, Леннон хоёр тийм л юм. Ленноныг "явснаас" хойш Оно дахин гэрлээгүй. Угтаа бол тэрээр Леннонтой учрахаасаа өмнө хэд хэдэн эрэгтэйтэй үерхэж, гэрлэж, хайрлаж дурлаж явсан юм билээ шүү дээ.
"Муухай хорвоод хоёулаа л гоё амьдрахад болно" гэсэн өгүүлбэрийг Б.Уранзаяагийн бичвэрээс уншмагцаа санаандаа хадгалчихаж. Тэдэнд хүмүүсийн хов жив, өнгөрсөн, ирээдүй, ерөөс цаг хугацаа, орон зайн урсгал хамаагүй байж. Тэд учирсан. Хайрласан. Хайр сэтгэлээрээ амьдарч чадсан. Хамтдаа "энх тайван" гэдэг үгийг, энэ үзэл санааг залууст хоногшуулан, дурласан сэтгэлээ урлагаар сүлж буй байгаагаараа "бэлгэ тэмдэг" болж чаджээ.
Хэзээ, хаана нь хамаагүй. Уулзах ёстой хүмүүс уулздаг. Бидний сэтгэл бидэнд захирагдахдаа тийм амар "эд" биш! Хэнд дурлаж, хэнийг хайрлахаа үнэн хэрэгтээ бид "сонгодоггүй". Сонголт мэт харагдавч нэг мэдэхэд хэн нэгэнд бид татагдчихсан л байдаг шүү дээ.
Тэд нэгэндээ хэр хүчтэй татагдаж асныг, хэдий хэмжээний хайраар нэгнээ "дүүргэж" байсныг мэдэх боломжгүй. Гэвч мэдрэх боломжтой байх. Би алив "хэтэрхий их" зүйлээс айдаг. Хэн нэгэнд "хэтэрхий их" татагдахаас, юманд "хэтэрхий их" шунахаас... Хайр гал шиг халуун эхлэлтэй байх тусмаа мөс шиг хүйтэн төгсгөлтэй байдаг гэж үг бий. Гэлээ ч тэдний зургийг харж, дууг нь сонсохоор, ярилцлагыг нь уншихаар хэн нэгэнд ганцхан удаа ингэж хүчтэй татагдаж, биесээ хайрлаж, хорвоо ертөнцөд өөрсдөөс нь өөр хэн ч байхгүй мэт амьдарч үзэх сэн гэсэн бодол төрдөг л юм.
Өнгөрсөн бол өнгөрсөнд үлдэнэ. Ирээдүй харин ирдгээрээ ирэх учраас цаг хугацааны тухай санаашран суух нь утгагүй. Тэд үүнийг мэддэг байсан юм болов уу даа. Эсхүл ерөөс хайр сэтгэл нь өөрөө байгаа цаг мөчөө "мэдэрч" амьдрахад хүргэдэг байсан байж мэднэ.
Эрэгтэй хүн эмэгтэй хүнд "толгойгоо мэдүүлээд" ирэхээрээ замаа алддаг, нөхдөөсөө илүү эмэгтэй хүнийг сонгосон нь "солиорол" гэж хэлэх хүн гарах л байх. Харин тэдний хайр тэр бүх явцуу бодлоос ангид, тэс өмнөө ертөнцөд оршин байсан мэт, халдашгүй, гал халуун, цус оргилуулам, тэгсэн атлаа "галзуу" дурлал байсан байх гэж мэдэрдэг ээ!
Одоо Леннон тэнгэрт, Оно газарт буй. Хоёр өөр ертөнцөд боловч нэгнээ гэх сэтгэл нь хугацаанаас ангид үргэлжлэх болно. Хэн юу гэх нь сонин биш, миний л хувьд тэдний хайрын түүх "гайхам" санагддаг. Учиргүй хүндэтгээд, бахархаад байх түүх биш л дээ. Зүгээр арай өөр, өөр ертөнцийнх мэт мэдрэмж төрүүлдэг юм.
Учирсан дороо чамайг таниад, өлмийд чинь
Навчис дэвсэхийн тулд би хойт насандаа мод болно.
Намайг ахиад л иржээ гэдгийг мэдрээрэй!
Намар байх болно.
- Г.А
Амьд хөгжмийн түүхэн дэх агуу хамтлагийн дуучин, зураач бүсгүй хоёрын дэлхийг шуугиулсан хайрын түүх гэхээс илүү зүгээр л хэн хэндээ хүчтэй татагдсан эрэгтэй, эмэгтэй хоёрын л түүх! Гал шиг хурдан эхлээд, хүчтэй татагдаад, мөс болоод хайлаад дуусдаг түүхүүдээс өөр. Гал халуун, үргэлж тийм халуунаараа байх түүх юм, тэдний хайр.
...Биш ээ, биш, энэ миний ертөнц биш байна!
Гэлээ ч яг энд л
Би чамтайгаа учирсандаа, аяа, Бурханд талархнам.
- Л.Ө
2016.09.11 23:39 цаг.
УБ хот.
С.Ц
Гоё байна. Би чиний Леннон болъё. Миний Оно болооч? :-)
ReplyDelete(You know who I am)
Тэврээд үнсээд авмаар дэндүү дулаан мэдрэмж төрүүлэх юмаа чиний бичлэгүүд. Чи өөрөө бас тийм хүн байх гэж мэдрэгддэгийшт. Баярлалаа сайхан зүйл уншуулсанд
ReplyDeletewoooow ene hamgiin deetliin comment yun goyiim be. ono ni bolchooch tseegii hhe
ReplyDeleteChinii blog unheeriin goe yumaa :)
ReplyDeleteСатаны явуулан амилсан шулам байж дээ.
ReplyDelete