Жаахан хүүхдийнх шиг гэрэлтэй зүрх сэтгэлтэй,
"Мэргэн" нэгэнд зориулав!
Тэр төрсөн. Тэр энд, энэ ертөнцөд, миний амьдарч буй газарт "ирсэн". Энд хоёр сар байхгүй, энэ цаг мөчид Курт Кобайн, С.Анударын хэн нь ч байхгүй. Гэхдээ энд өөр гоё зүйлс бас бий! Түүний бас миний сонсдог "гоё" дуунуудыг дуулсан хамтлаг, дуучид "аз болж" бидэнтэй нэгэн цаг дор амьдарч буй!
"Бүх хүнд 3 нүүр байдаг" гэж Япончууд хэлдэг. Эхнийх нь, чиний ертөнцөд харуулж буй нүүр, хоёр дахь нь дотно нөхөд, гэр бүлдээ харуулах нүүр, харин гурав дахь нь хэнд ч харуулаагүй, хэн гэдгийн чинь жинхэнэ тусгал болох тэр нүүр" гэдэг. Үүн шиг тэр хүнд ч бас "3 нүүр" бий. Тэгэхдээ "хэнд ч үзүүлээгүй" тэр хэсгийнхь нь заримыг би мэддэг гэж боддог. :P
Амьдралд минь учирсан, миний ертөнцөд орж ирсэн сайн сайхан хүмүүсийн тухай бичих гоё байдаг учраас өнөөдөр би шинэхэн, гэхдээ үргэлж хуучны найз шиг минь дотно санагддаг нэгний тухай бичих гэж байна.
Энэ хүнтэй би нэг ч удаа нүүр нүүрээ тулан уулзаж байгаагүй. Ирээдүйд ч уулзах үгүй мэдэхгүй. Ер нь уулзахгүй байсан ч харамсахааргүй, уулзах юм сан гэж яараад байхааргүй тийм "амгалан" мэдрэмж надад төрүүлдэг юм.
Түүний "гадаад" хүн маш ойлгомжтой боловч "дотоод" хүн нь харин маш ойлгомжгүй мэт. Гэхдээ би ч өөрөө тийм л болохоор түүнийг ойлгоход хэцүү байдаггүй л дээ. Энэ хүн бид хоёр тэс өөр ертөнцийн хүмүүс шиг санагддаг хэдий ч сонсдог дуунууд маань л биднийг "нэгтгэж" өгөх шиг болдог оо!
Амьд хөгжим...! Ээ, энэ гайхалтай ертөнцийн ачаар хичнээн олон сайхан хүнийг би мэддэг болоо вэ! Угтаа бол би түүнийг "инстаграм"-аас л олж мэдсэн юм. Би ч гэж дээ, тэр намайг олсон л доо. Зургуудыг минь үздэг олон хүнийг тэр бүр анзаараад байдаггүй ч маш гоё содон нэртэй, амьд хөгжимд дуртай ч байж болох юм шиг мэдрэгддэг тэр нэг аккаунтыг яагаад ч юм бэ, олооод харчихсан! Түүний "пост"-уудыг хараад анх төрсөн сэтгэгдлээ дотроо хадгалаад үлдэх үү, энд бичих үү гэдгээ гайхаж л байна. Өөртөө л үлдээсэн нь дээр юм уу даа!
Түүний тухай бага багаар мэдээд ирэхэд амьд хөгжимд дуртай, "хүнд юм" сонсож тайвширдаг, гитар тоглох сонирхолтой, эдгээрээс "жинхэнэ таашаалыг" мэдэрч чаддаг "гоё ах" байсан! Гэхдээ түүний гадаад, дотоод хүн хоёр заримдаа хоорондоо их зөрчилддөг юм шиг ээ. Гэхдээ энэ тухай яриа бид хоёрт л үлдэг.
"Sweet home Alabama"-г сонсоод л гитар дарж сурахыг хүссэн энэ залуугийн хүсэл гэхдээ их сайхан санагддаг аа! Мөн түүнчлэн, Disturbed хэмээх "янзын гоё" хамтлагийг сонсдогт нь баярладаг. Юм бүхэнд эхлэл байдаг. Эхлэл бүхэнд харин шалтгаан бий. Disturbed хамтлагийн дуучин David нэгэн удаа " - Black Sabbath, Iron Maiden, Judas Priest, Metallica, Pantera хамтлагууд биднийг амьд хөгжим тоглодог болоход их нөлөөлсөн" гэж нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Үүн шиг л, Lynyrd Skynyrd хамтлагийн "гэгээтэй" энэ дуу түүнд гитар тоглох хүслийг төрүүлжээ.
Indie, alternative rock төрөлд Их Британи илүү байдаг бол хүнд хамтлагууд болоод ирэхээрээ америк герман хамтлагууд илүү байдаг шиг санагддаг. Би ихэнхдээ indie rock сонсдог ч хамгийн их сонсдог метал хамтлагийн нэг нь Disturbed юм. Анх их сонсдог байсан ч нэг мэдэхэд сонсохоо больчихсон байлаа! Түүнтэй таарах хүртлээ шүү дээ!Ямартай ч Disturbed сонсдог хүнтэй анх таарсан нь энэ бичлэгийн эзэн юм!
Юм бүхэн эхлэлтэй, эхлэл бүхэн шалтгаантай байдаг аа гэж би түрүүн бичсэн дээ. Үүнийг бичих болсон шалтгаан минь "4 биш 4", Nirvana - Polly, Nisvanis - Миний Нирвана гурваас үүдэлтэй. Өчигдөр автобусан дотор явж байхдаа 4 биш 4-ийг ахин нэг харъя гэж бодоод уншиж явтал тэр үед утсанд минь "Polly" явж байсан. Гэтэл араас нь "Миний Нирвана" явсан. Shuffle дээр нь тавиад сонсож байсан болохоор их сонин, сайхан мэдрэмж төрсөн. Яг тэр үед л надад түүний тухай бичих бодол орж ирсэн. Юм бүхэн учиртай!
Ямартай ч, их сайхан нэртэй, нэр шигээ "мэргэн" энэ хүнээс хэмжээлшгүй их "дулаан ялгардаг"! Би түүнийг амьд хөгжмөө сонсож, дуртай фестивалдаа очиж, авахыг хүссэн "нөгөө гитар"-аа аваад сурахыг хүссэн дуунуудаа сурч, хаа сайгүй аялж, олон сайхан хүнтэй танилцаж, гайхалтай дурсамжуудыг бүтээж, амьдралын утга учрын тухай эргэцүүлж, гэрэлтэй, сайхан хайртай учирч, идэхийг хүссэн хоолоо идэж, уншихыг хүссэн номоо уншиж... явмаар байвал явж, ирмээр байвал ирж... хүслээ үгүйсгэж бус зөвшөөрч, жаргалтай байлгаж байгаа зүйлсүүдээ хийж амьдраасай гэж хүсч байна!
Энэ хүнтэй би уулзахгүй ч байж мэднэ гэж анх эхлэхдээ бичсэн дээ. Амьдралд юу тохиохыг хэн ч мэдэхгүй ч, уулзах ч бай, уулзахгүй ч бай, ямартай ч цахим ертөнцөөр ч гэсэн энэ хүнийг мэддэг болсондоо талархдаг. Энэ л хамгийн гол нь билээ!
2016.03.25-26-ны хооронд бичив.
Цээгий
(Нэмж хэлэхэд: Үүнийг бичсэнээс хойш аль хэдийн 7 сар өнгөрчээ! Үүнийг бичсэнээс хойш би түүнтэй амьд хөгжмийн нэгэн фестивал дээр анх уулзсан. Нээрээ л амьдралд юу тохиохыг хэн ч мэдэхгүй. Иймдээ л амьдрал илүү сайхан ч юм бил үү? Харин тэр одоо АНУ-д магистртаа суралцаж буй. Түүний амьдардаг хот манай хотоос илүү сайхан байж болох ч тэр өөрийнхөө хотыг л их санаж байна гэж байсан. Тийм болохоор энэ бичлэг түүнд "илч өгөх" байх гэсэндээ энд бичлээ. Мөрөөдлөө дагаарай, сайхан бүхэн чамайг тэнд хүлээж буй, SK!)
You've made me day! (:
ReplyDeleteсайнуу Цээгий? танихгүй ч гэсэн ингэж дуудаж болно биздээ? :) сая сууж байгаад бүх бичлэгийг нь уншлаа. уншаад л баймаар юм. даанч дуусчихлаа :( бичээд л байдаг юм шүү. сэтгэлээсээ үнэн зүрхнээсээ бичсэн нь мэдрэгдэх сайхан бичлэгүүд байнаа. юу гэмээр юм даруухан тэгээд нууцлаг эрхэмсэг сайхныг нь харах тусам улам л татагдмаар ёстой бүх л сайхан мэдрэмжүүд чамаас төрлөө. энэ постны эзэн яасан азтай хүнбэв :p гоё бүхний хүсеээ байнга орж уншиж байнаа :) бүр тэсэлгүй ком бичлээ хохо
ReplyDelete