Бид энэ амьдралд, энэ ертөнцөд хүний биеийг олж төрсөн. Тэгвэл 'хүн' гэж чухам ямар 'амьтан' юм? Ямар байх хэрэгтэй юм? Хүний мөн чанар юу юм?
Өөх ч биш, булчирхай ч биш. Буруу бол буруу, зөв бол зөв, үнэн бол үнэн, худлаа бол худлаа гээд эрс хэлчихэж чадахгүй 'багтай' хүмүүс!
Зоригтой, шулуун шударга, өөрийнхөөрөө хүн гоё гэдэг мөртөө яг тэр хүнтэйгээ амьдрал дээр таарахаараа хайрласан шиг хайрлаж чаддаггүй хулчгар хүмүүс!
Заавал нэг 'хайрцаг'-нд байх ёстой мэт, тэр 'хайрцаг'-наасаа гарчихвал нь үзэн ядаж эхэлдэг хүмүүс.
Амьдралд яавал өөрийгөө авч үлдэх вэ? Хүмүүсийн дунд хэрхвэл өөртөө үнэнч үлдэж чадах вэ?
Бусдад адлагдаж, муугаар хэлэгддэг бүхэн үнэндээ хамгийн цэвэр ариун зүрхтэй хүмүүс байдаг ч юм бил үү? Үргэлж олонхын зөв байдаггүй шүү дээ.
Бусдын муу муухай гэдэг хүнээс гэрэл гэгээг олж хардаг хүмүүс хүүхэд л байдаг юм шиг. Хүүхэд гэх бяцхан "Бурхад" л хүний дотоод сэтгэлийг томчуудаас илүү ялгаж хардаг юм шиг.
Би өөрийнхөө тухай тийм их мэдэхгүй л дээ. Бас өөрийгөө бүрэн ойлгодог болох болоогүй. Өрөөлийг байтугай өөрийгөө таних нь илүү хэцүү мэт. Тэгэхдээ, надаас өөр хэн ч намайг 'бүрэн' мэдэхгүй. Ганцхан удаа уулзаад л хүнийг 'тийм' гэж дүгнэх боломжгүй. Зөвхөн тухайн үеийнхээ мэдрэмжээр, тухайн үеийн байдлаар нь хүний сэтгэл рүү өнгийнө гэдэг ихэнхдээ боломжгүй гэж бодно.
Гаднаа зөв, ариун мэт харагдавч сэтгэлдээ өөрийгөө хуурах, гаднаа буруу мэт харагдавч дотоод сэтгэлдээ үнэнч явах... Харамсалтай нь, энэ ялгааг, энэ 'үнэн'-ийг хэн бүхэн олж хардаггүй. Хүнийг гадаад төрхөөр нь, гадаад үнэлэмжээр нь шүүх зохимжгүйг, хэн бүхний цаана дахиад өөр нэг ертөнц оршиж болдог гэдгийг бүгд мэддэг л байх. Гэхдээ яагаад болдоггүй юм бол?
Энэ бүх бодлын эцэст, сайхан Монгол оронд аав ээжийнхээ охин болж мэндэлсэндээ, хайраар дүүрэн, зүрхнээсээ инээдэг хүмүүсийн дунд байдагтаа талархах дулаахан мэдрэмж хөвөрсөөр байна. Хэн нэгнээс, оршин буй бүхнээс гунигийг нь мэдэрч, сайхныг нь олж харж буй минь өссөн орчин, аав ээж хоёрын надад багаас олгосон хүмүүжил, хил дээр өнгөрсөн хүүхэд настай минь холбоотой биз ээ гээд бодоход талархана.
Эцэст нь, надад хэлэх нэг зүйл байна. "Бусдын нүдээр" бус "өөрийнхөө нүдээр" л орчин тойрноо, өөрийгөө, хүмүүсийг харах! Бүх хүн сайхан гэж хэлсэн ч өөрөө мэдрэхээс нааш бүү итгэ, бүх хүн муухай гэж муулсан ч өөрөө л мэдрээгүй бол битгий үнэмш! Гэхдээ заримдаа 'нүд' хүртэл худлаа хэлж болдгийг санах. Тийм учраас л 'хайрцагнаасаа гараад' дүүлэн нис! Ямар гайхам хорвоо ертөнц болохыг олж харах болно!
Жич: Хайрцагнаасаа гарсан хэдий ч өөрийг чинь илэрхийлэх тэр нэг 'хэлбэр дүрс', 'гэрэл'-ээ алдаж болохгүй юм шүү!
(Найруулагч Борхүүгийн Үйзэнмаа эгчийн 'Над руу битгий ингэж хар!' киног үзээд төрсөн бодол)
Ym bas bodogduulj bn shu,
ReplyDeleteБаярлалаа
ReplyDelete