10 жил... Бүхэл бүтэн 10 он. Хуучнаар бол бүрэн дунд боловсрол олж авах хугацаа. Тийм ээ, 'шар үстэй царайлаг охин байсан...' гэсэн зөөлөн атлаа гунигтай дууг дуулан анх гарч ирсэн миний хайртай хамтлаг өнөөдөр 10 нас хүрч байна! Харин би тэднийг шимтэн сонсдог болоод 5 жил болжээ.
"Англиар ямар гоё цэвэрхэн дуулдаг юм бэ", "энэ гитарынх нь тоглолт ямар гоё юм бэ", "энэ дууных нь үгийг ээ", "энэ төрүүлж байгаа мэдрэмжийг ээ"...! Анх тэднийг сонсоод ийм бодол төрж билээ. Юугаараа ч юм, The Beatles-тэй адилхан мэдрэмж төрүүлдэг. Гэхдээ яагаад ч юм A Sound энэ 'өөр' хамтлагуудаас 'арай өөр' мэдрэмж төрүүлнэ.
Тэднийг амьд хөгжмийн фестивал, тоглолт дээрээс тэр бүр олж харахгүй. Байсан ч дуулдаггүй. "Бид энд байна" гэж өөрсдийгөө зарлан тунхагладаггүй. Хаана ч очсон намуухан оршино. Гэхдээ тэр 'намуун оршихуй' нь дандаа нүдэнд тусна. Хамтлагийн нэр ч их энгийн. A Sound. Гэхдээ 'дотроо дүүрэн бол гаднаа энгийн' гэдэг шиг тэдний дуунууд энгийн бус!.
"...Шар үстэй царайлаг охин байсан
Шал дэмий бүтэн жил хүлээсэн..."
Утгыг нь ч бүрэн ойлгоогүй хэрнээ ая нь час гээд л зүрхэнд хүрдэг, гунинлахгүй байхын аргагүй энэ дуунд нь анх дурласан даа. Угаасаа, анхных нь бүтээл.
Ахлах сургуулийн найз охин маань A Sound-ын Тэмүүлэн ахын гэрийнхэнтэй хөрш айл байсан гээд 'Гучин жил хамт байх сан'-ы бүтсэн түүхийг ярьж өгөөд л, iPod-ноосоо дуунуудыг нь сонсгоод л. Миний мэдэх хамгийн 'даруухан' хамтлаг тэд гэж боддог оо. Даруухан, дулаахан хүмүүс! Хэнтэй нь ч уулзаж, юм ярьж үзээгүй ч дуулсан дуунууд нь, төрүүлж байгаа мэдрэмжүүд нь ихийг өгүүлнэ.
Гуниг төрүүлэм, гэхдээ дэндүү сайхан энэ дуунуудыг нь сонсохоо болихгүй биз ээ! Тийм ээ, хорин жил, "Гучин жил хамт байх сан"!
Ташрамд, Тэмүүлэн ахын Д.Төрмөнх ахтай хамтран гаргасан "Цонхон дээр суусан ялаа" цомог гоё болсон байна билээ шүү! "Хайрт минь утсаа аваач"/Unexpected answer, Анидча/Anicca зэрэг дуунууд нь хамгийн их таалагдсан.
Амьдрал үргэлжилсээр... Цаг хугацаа явсаар... Хайртай хамтлагийн минь дуу аялгуулсаар... 10 жил..., 20 жил..., 30 жил..., 100 жил болсон ч тэдний дуунууд "энд үлдэнэ"! Баярлалаа, A Sound!
A Sound-ийнханд, энэ хамтлагт дуртай хэн бүхэнд 10 жилийн ойн мэнд ээ!
2016.08.22
Цээгий.
Миний радио надтай дугарахаа больсон...
ReplyDelete