Into the wild (2007)


    2007 онд Шон Пенн (Sean Penn)-ий найруулсан тус киног би 2015 оны 7 сард анх үзсэн юм. Энэ киног үзэхийн өмнөх өдөр шөнөжингөө халуурч, толгой өвдөж хоносон болохоор бүх зүйлийг тод санаж байна. Тэр үед гадуур 'Улаан Бурхан' нэлээн тархсан байсан үе, би ч бас өглөө нь сэрээд л 'кор'-тсоноо мэдсэн. Шөнөжин халуурч хоносон, тамирдсан байсан болохоор бүх зүйл сонин харагдаад, бодлогошрох маань ихсэж, хачин зүйл бодоод л. Тэгэхэд гэнэт энэ киног үзмээр санагдсан билээ. Өмнө нь олон удаа зурагт хуудсыг нь харж, үзнэ дээ гэж боддог байсан ч 'нэг л зүрхэлдэггүй' байсан киногоо тэр өдөр үзэв. 

    Аялагч Кристофер МакКэндлесс (Christopher McCandless)-ийн бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн уг кино надад гүн сэтгэгдэл үлдээсэн. Хүн жаахан ядрах ч юм уу, тамирдах үедээ эмзэг болчихдог доо. Тийм эмзэг үед үзсэн болохоор ч тэр үү, бүр мартагддаггүй юм. 

    Хөндлөнгөөс харахад сайхан гэр бүл, сайн аав ээж, хөөрхөн охин дүүтэй, нөлөө бүхий сургуульд чамгүй сайн суралцдаг, нийгэмд байр суурь эзлэх "ирээдүйтэй" энгийн нэг залуу. 1990 оны 5 сард их сургуулиа амжилттай төгссөнийхөө дараа гэтэл байгаа бүхнээсээ залхах, улмаар холдохыг хүсэж эхэлнэ. Өөрт нь байсан бүхэн "өнгөц" харахад л сайхан аж. Үнэн хэрэгтээ аав ээж хоёр нь хоорондоо ялих шалихгүй зүйлээс болж маргалдана, Кристоферийн юу хийх хэрэгтэйг зааварладаг аж. Гаднаас гялгар харагдавч дотроо дүүрэн биш бол юу нь сайхан гэж?

    Их хотын дуу шуугиан, хүмүүсийн хашгираан, нягтаршил, материализм, карьер хөөгч амбицтай залуус, гадаад байдал, нийгмийн байр сууриар л дүгнэх өнөө үеийнхэн... Байр, машин, нийгэмд эзлэх өндөр байр суурь байхад л сайхан амьдрал гэж хардаг хүмүүсээс, гэр бүлийн дулаан уур амьсгал, чин сэтгэлээс илүү бусдад харагдах байдалдаа санаа тавьдаг эцэг эхээсээ, ерөөс "нийгэм" гэж нэрлээд өөрсдийгөө нэг газар хашчихсан "сүрэг хүмүүс"-ээс тэр залхжээ. Тэгээд залхсандаа амьдралынхаа утга учрыг эрж олохоор хадгаламжинд нь байсан 24,000 ам.долларыг буяны байгууллагад хандивлан хэнд ч хэлэлгүй нийгмээс холдож болох зэлүүд газар руу явна. Ингэхдээ өөр өөрийн түүхтэй сонирхол татам хүмүүстэй уулзаж, тэднээс суралцан хачин сонин адал явдалтай таарна.

    Эхлээд Аризон мужид очих бөгөөд тэр үед машин нь цааш явах боломжгүй болсон тул замын унаанд дайгддаг. Тэгээд өөртөө "Александр Супертрамп" гэсэн нэр өгнө. Ингэхдээ "хиппи" хос болох Йан Бюррес, Рейни хоёртой танилцан ярилцаж, мэдэх явцдаа олон зүйл ойлгох бөгөөд Рейни, Йан хоёрын амьдрал, дурлалын түүхийг сонсоод дахин бүхнийг эхлүүлэх хүсэл төрдөг. Тэгээд Өмнөд Дакотад тариалангийн компанид гэрээгээр ажиллаж эхэлнэ. Гэвч төд удалгүй тэндээс явах хэрэгтэй болж Колорадо голоор аялан, Мексикт хүрнэ. Каяк завиа хүчтэй шуурганд алдсан учир эргээд АНУ-д явган буцаж ирдэг. Ингээд Лос Анжелест ачааны галт тэргээр аялж эхлэх боловч орчин үеийн иргэншил, олон хүний дунд ороод эргээд л "хоосон" мэдрэмж төрж эхэлсэн учраас дахиад явахаар шийднэ. 

    1991 оны 12 сард МакКэндлесс Калифорни хавьд очих ба тэнд дахин Йан, Рейни хоёртой таарна. Тэнд тэр Треси Татро гэх өсвөр насны охинтой танилцах бөгөөд тэр охин хэдий Кристоферт татагдаж байгаагаа нуухгүй байсан ч тэр татгалздаг. Ингээд баяр өнгөрөөгөөд Аляск руу явахаар шийддэг. Аялж явахдаа 1 сарын дараа АНУ-ын армид алба хааж асан, тэтгэврийн бэлэвсэн өвгөн Рон Францтай танилцана. Өвгөн одоо сонирхлоороо савхин эдлэл хийдэг бөгөөд Кристоферт мөн хэрхэн хийхийг зааж өгөн тэд хамтдаа 2 сар амьдардаг. Ач хүүгээ болгох өвгөний хүслийн тухай энэ удаа бус аяллаасаа эргэж ирмэгцээ ярилцахаар тохироод Аляск руу явахаар шийдэн салах ёс хийнэ. 

    Ингээд Аляскт очоод хаягдмал автобусанд хоног төөрүүлэх бөгөөд 4 сар өнгөрсний дараа амьдрахад улам хэцүү болж эхэлдэг. "Аз жаргалыг бусадтай хуваалцаж байж л жинхэнэ" болдгийг тэр ухаарч эхэлнэ. Тэгээд гэр бүл, найз нөхөд рүүгээ буцаж очих арга зам эрэлхийлдэг. Зэлүүд ойгоос гэртээ буцах зам олсон боловч өвөл болж цас их орсноор гатлах боломжгүй болно. Ингээд автобусандаа буцаж ирэн тэндээсээ гарахгүй амьдарч, гаднаас тусламж ирэх байх гэж найдахаас өөр аргагүй болон, ургамал, ногоо, жимс, жимсгэнээр голоо зогоох ба нэгэн удаа хортой ургамал андууран авч идсэнээр хор биед нь үйлчлэн удаанаар амьсгал нь зогсож эхэлнэ. Энэ мөчид л тэр өнгөрсөн бүх үйлдлээ анзааран гэр бүлээ дурсаж хувь тавилантайгаа эвлэрдэг. Ингээд тэр амьсгал хураахаасаа өмнө "Аз жаргалыг хуваалцаж байж л жинхэнэ болдог!" гэж бичдэг билээ. 

         Кристоферийг үзэгдэхээ больсноос хойш аав ээж нь, дүү нь ихэд шаналан, хаа сайгүй хайх боловч сургийг нь огт гаргахгүй байсаар энэ хорвоог орхисноос нь хоёр долоо хоногийн дараа хандгайн анчид цогцсыг нь олсноор мэднэ. Гэхдээ Кристофер өөрийнхөө үхлээр эцэг эхдээ нэг нэгнээ хайрлахын чухлыг ойлгуулдаг. Товчхондоо эцэг эхийнх нь шаналал, уй гашуу тэднийг нэгтгэн, маргаанд нь цэг тавьжээ.

    Үзэж байхад мэдрэгдсэн тэр мэдрэмж ингээд бичиж суухад ч мэдрэгдэв! Надад ч бас заримдаа нийгмээс холдоод алс бөглүү ууланд  очмоор санагдах үе бий. "Түр зуурын юмс"-д хэт их тэмүүлэх хүмүүсийг харахаар бүх юм утгагүй, "хоосон" мэдрэмж төрдөг үе ч бас олон. Тэр тусмаа олон хүний дунд байхад маш ихээр төрдөг, жаахан л удвал амиа хорлочихмоор санагдах тэр мэдрэмж... Ийм мэдрэмж яагаад төрдгийг мэдэхгүй, өөрийн эрхгүй л цаанаасаа төрөөд байдаг юм. Тэгэхдээ ийм мэдрэмж мэдрэгддэгт талархдаг аа! Энэ мэдрэмжийн ачаар л би өөрт байгаа тэр нэг "зүйл"-ээ гээдэггүй байж мэднэ ээ. 

    Хэтэрхий олон хүн, нийгмийн бөөгнөрөл, хотын шуугиан надад таарахгүй байж мэдэх л юм. Албан тушаал, алдар нэрийн төлөөх утга учиргүй хөөцөлдөөн, хайр дурлал, романтиклалаас өөр зүйл бодох нь ховор үеийн залуус, агуулга чухал гэж ярих мөртөө л хэлбэрт дурлах "ухаантнууд", "цөөнх"-өө адлах "олонх"-ын дунд байна гэдэг хүсмээр зүйл биш байж болох юм. Гэхдээ, эндээс зугталгүй, эдэнд уусалгүй, өөрийн гэсэн бяцхан орон зайгаа хадгалаад, намуухан орших юм шүү гэж би шийдсэн. Аялсан ч хэт туйлшрахгүй, нэг зүйлдээ хэт автахгүй, сэтгэлийн амар амгаланд тэмүүлж амьдрах юм шүү гэж бодсон. Бүгдийг хайрлана, бүгдэд сайн сайхныг хүснэ, гэхдээ хэнд нь ч уусахгүй... Урсгал сөрөхгүй ч урсгалыг дагахгүй... Хүссэн зүйлээ хийнэ, тэгэхдээ хайртай бүхнээ хүндэлнэ, хамгаална... 

    Сэтгэлийн утсыг хөндсөн дулаахан мэдрэмж төрүүлэх энэ аялагч залуугийн дүрийг Эмили Хирш тун сайхан бүтээсэн байна билээ. Энэ киноноос хойш л би Кристофер МакКэндлесс гэх аялагч залуугийн тухай мэдэж авсан билээ. Зэлүүд газар яваад хэзээ ч эргэж ирээгүй энэ хүн гэхдээ хэчнээн олон "чухал" бодол бидэнд үлдээгээ вэ! Буй байгаагаараа түүх болдог хүмүүс, тийм үйл явдал гэж байдаг. Энэ залуу тийм л юм. 

    Сэтгэлийн амар амгаланг эрхэмлэж, "гэрэл"-ээ хадгалж амьдрах юм шүү!

    Эцэст нь хэлэхэд: Аз жаргалыг бусадтай хуваалцаж байж л "жинхэнэ" болдог!

    2016.10.11 23:21 цаг.
Улаанбаатар хот.

САЙНТӨРИЙН ЦЭРЭНДОЛГОР

2 comments:

  1. Баярлалаа, сайхан бичсэн байна. Би бас дөнгөж сая энэ киног үзчихээд хүмүүсийн бичсэн сэтгэгдлийг хайгаад уншиж байлаа.

    ReplyDelete
  2. Хэрвээ тэгсэн бол... гэж харамсах, харамсах тусмаа таатай, таатай санагдах гунигт түүх юм!
    Энэ бичвэрийг бичсэнд, нэг цаг үед оршин байгаад чинь талархлаа Цээгий!

    ReplyDelete

Instagram