Үнэндээ тэр оворгүй харагддагаас биш 23 настай "залуу" юм! Бас надаас ах л даа. Гэсэн хэдий ч энд би "хүү" гэсэн үг зориуд хэрэглэлээ.
Дууг нь, хуурын аялгууг нь сонсоод суухад дулаахан, дулаахан мэдрэмж төрсөөр байх... Бодох төдий сэтгэл дотор байгаа тэр "нэг зүйл"-ийг хөндөх шиг санагдам зөөлөн мэдрэмж.
Рок хөгжим, морин хуурын хослолыг сонсож суугаа би хэчнээн хувь ерөөлтэй нэгэн бэ дээ гэсэн бодол төрөх ажээ. Ерөөс олон олон гэрэлтэй мэдрэмж "төрүүлсээр" байх энэ хүү урд насандаа Бурханы морин хуурч байсан байх аа!
Хувь заяа, түүхийн эрхээр биесээсээ алсран холдсон бидний монголчуудын түүх, зүрхнийхээ гүнээс хайрлам санагддаг элэг нэгтнүүдээ бодоход сэтгэл хөдлөхгүй байж үл чадна. Тэр л хайрлам хүмүүсийн нэг юм, энэ хүн! Тэгээд л сэтгэл зүрх "хайлаад" явчих юм! Тийм "хүнд" дууг ийм зөөлөн дуулчих гэж! Бүр сэтгэлийнх нь мухарт орших тэр их гүнээс энэ дуу гарч буйг мэдрэхгүй байхын арга үгүй ажээ.
Дэлхийн хүн зон амар амгалан байхыг хүсэн залбирахдаа би түүний нэрийг дурдахгүй байж чадсангүй ээ! Тэнгэр диваажинд л ийм авьяас байдаг болов уу гэлтэй энэ хүүгийн замыг гэрэлтэй бүхэн тосож байгаасай гэж чин зүрхнээсээ хүснэ.
Чухам юугаараа өөр болохоор хуурынх нь тоглолт ийм өөр байгаа юм бол гэж гайхсаар л байна. Зүрхний нь гүнээс гарах эрс шулуун, хүчтэй мөртөө зөөлөн аялгуу... Сонссон хэн боловч заавал тогтож чагнамаар, тэгээд нэгийг эргэцүүлмээр, хүмүүний оршихуйн тухай бодмоор...
Нэр шигээ уужим, уужуу дотортой, гүн бодолтой хүн байх даа гэсэн мэдрэмж төрнө... Ерөөсөө л "мэдрэмж" дүүрэн хүн юм шиг!
Сонгосон дуунуудаас нь харахад амьд хөгжимд дуртай нэгэн шиг санагдсан. Рок хөгжимд дуртай морин хуурч энэ залуугийн ирээдүй гэрэлтэйд, инээмсэглэл дүүрэн амьдралаар амьдарна гэдэгт итгэнэ, хүснэ, залбирна!
2016.11.28 22:58 цаг.
Цээгий