Миний явдаг сургалтынхан монита зохиосон юм. Би тэр нэг хүнийг сугалав! Эхлээд юм бодоогүй ч сугалчихсан болохоор нөгөө хүнээ яагаад ч юм анзаарч эхэлсэн.
Өөр өөр ширээнд суудаг учир юунд дуртайг нь, ямархуу хүн гэдгийг нь огт мэддэггүй. ФБ-ийн групп болон групп чатанд хүртэл тэр л ганцаараа байдаггүй. Юунд дуртайг нь мэдэх гэж түүнийхийг янз бүрээр зөндөө хайсан ч олоогүй.
Нар шиг дулаахан, инээмсэглэсэн мөртөө гунигтай харцтай тэр хүнд тэгээд би өөрийнхөө дуртай зүйлийг бэлэглэхээр шийдсэн юм. Юу гэдэг нь энд сонин биш байх. Харин огтоос танихгүй хэрнээ л би түүнд А4-ийн хэмжээтэй цаасны ар өврөөр дүүрэн захидал бичсэн. Магад, түүнээс өөр танихгүй нэгэнд тэгж бичиж чадахгүй ч байсан байж мэднэ. Үргэлжид сэтгэлд ойр, дулаахан санагддаг байсан болохоор түүнд бичихэд үг 'урсаад л' байсан юм даа.
Мэдээж би тэнд өөрсдийнхөө тухай, өөрийнхөө тухай эсвэл түүний тухай бичээгүй. Учир нь, бид хоёрын дунд ядаж танилуудын ч харилцаа байхгүйн дээр нэг нэгнийгээ нэр, царайнаас цааш мэдэхгүй шүү дээ. Гэлээ гээд би тэнд, түүний амьдралд зориулаад өөрийнхөө бичиж чадах хамаг л 'гэрэлтэй' үгсийг бичсэн. Бас, ямар сонин хүн бэ гэж бодох вий гэсэн айдасгүйгээр өөрийнхөө бодлыг бичсэн. Тэгээд сургалтынхаа сүүлийн өдөр түүнд бэлгээ өгөхөд гаднаа илэрхийлээгүй ч баярлаж байсан нь мэдрэгдсэн л юм.
Нэгэнт энэ амьдралд түүнтэй таарсных, сэтгэлээсээ бэлэг өгөхийг хүссэн. Зүгээр нэг 'Монитадаа аз жаргал хүсье' гэсэн үг бичээд сувенир хажууд нь дагалдуулаад өгчихөж чадаагүй ээ.
Дандаа инээмсэглэдэг хэдий ч цаанаа гунигтай тэр хүний гунигийнх 'учир'-ыг хичээл тарсны дараа багшаас мэдэж билээ. Тэгээд миний мэдрэмж буруу биш байж гэдгийг бас мэдэв.
Анх харахад ер нүдэнд тусахаар онцгой содон төрхгүй боловч харах тусам 'дулаахан' санагдах энэ залууг яг нэр шигээ дулаахан хүн байх даа гэсэн бодол минь ч бас зөрөхгүй гэдэгт итгэлтэй байна. Тэгэхэд л би сэтгэл гаргаж, зөвхөн түүнд зориулж бэлэг бэлдсэндээ ч юм уу, түүний нэрийг сугалсандаа ч юм уу, талархсан. Сэтгэл шингээж бэлдсэн бэлэг, мэдрэмжээ шигтгэсэн үгс минь уй гунигийг нь жаахан ч гэсэн нимгэлэх болов уу гэж найдаж сууна.
Энэ амьдралд түүнтэй дахиад таарах үгүйг мэдэхгүй. Магад бид ганцхан удаа л таарах учиртай байсан байж мэднэ. Ерөөс юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Гэлээ гээд хэрвээ дахин уулзах өдөр ирвэл нүд рүү нь харж байгаад, чин сэтгэлээсээ инээмсэглэнэ ээ!
2016.12.29 10:15 цаг.
УБ хот. Цээгий.
wooo, i'm your number 1 fan :3
ReplyDeleteАмьдрал аа гэж... чиний бичсэн захидал тэр хүүгийн амьдралд том нөлөөлөл үзүүлэх ч юм билүү, эрвээхэйн нөлөө шиг.
ReplyDelete