Диваажин гэж байхгүй гээд төсөөл дөө
Оролдоод үзвэл амархан даа
Бидний доор там гэж байхгүй
Бидний дээр гагцхүү тэнгэр цэлийнэ.
Бүх хүн зон
өнөөдрөөрөө амьдарч байна гээд
төсөөл дөө...
Улс гүрэн гэж байхгүй гээд төсөөл дөө
Төсөөлөхөд тийм ч хэцүү биш ээ
Утга учиргүйн төлөөх
аллага, үхэл гэж байхгүй
Шашин гэж үгүй
Бүх хүн зон
Энх амгалан амьдарч байна гээд
төсөөл дөө...
Намайг мөрөөдөгч гэж болно оо
Гэхдээ би ганцаараа биш
Нэг өдөр чи ч гэсэн бидэнтэй нэгдэж
бүх дэлхий нэгэн бүхэл болно гэдэгт
би итгэдэг.
Эзэмшил гэж байхгүй гээд төсөөл дөө
Төсөөлж чадахаар байна уу?
Элгэмсүү дотно харилцаанд
шунал хийгээд өлсгөлөн хэрэггүй
Бүх хүн зон
дэлхийгээ хуваалцаж байна гээд
төсөөл дөө...
Намайг мөрөөдөгч гэж болно оо
Гэвч би ганцаараа биш
Нэг өдөр чи ч гэсэн бидэнтэй нэгдэж
бүх дэлхий нэгэн бүхэл болно гэдэгт
би итгэдэг.
Нэмж хэлэхэд: Нэгэн жил улиран одож, Алтан унжлагат хэмээх Гал Тахиа жил босгон дээр иржээ. Одоо ингээд бодоход, Мичин жилд дэлхий дахинд ч, хүмүүсийн амьдралд ч олон зүйл тохиожээ. Сайн муу, сайхан муухай, гэрэлтэй гунигтайн аль ч нь байлаа гэсэн бидний амьдралд өөрийн өнгө төрх, гайхалтай дурсамж үлдээсэнд талархаж байна.
Блогтоо бичилгүй овоо "хөөрхөн" хугацаа өнгөрчээ. Нэг их хүн уншаад байдаггүй ч түүнээс үл хамаараад би эндээ бичиж байхдаа дуртай юм. Гэхдээ бичихгүй байгаа нь юу ч хийхгүй байгаа гэсэн үг биш юм шүү. Тэмдэглэлийн дэвтэр, утасны 'notes' гээд бичих боломжтой бүх л газар бичиж байгаа.
Сүүлийн хэдэн сарын дотор тун олон зүйл өөрчлөгджээ. Миний мэдрэмж, миний мэдэх хүмүүс, ерөөс тэд өөрсдөө, бас би өөрөө. Үе үе, гэнэт гэнэт өдөр өдрөөр хуучирч, надаас холдсоор буй тэр дурсамжуудаа санадаг л юм.
Гээд зүгээр дээ! Ямартай ч би энэ амьдралын "гэрэлтэй" талд үлдэхээр "шийдсэн". Энэ бол миний тэднийг бас өөрийгөө хайрлах, гэрэлтэй дурсамжуудаа гэрэлтэй чигээр нь авч үлдэх "боломж" мөн "сонголт" билээ.
Жон Леннон "ахын" "Imagine" хэмээх гэрэлтэй дууны үгийг орчуулах гэж оролдсон болхидуухан, ядмагхан "оролдлого"-оо Гал Тахиа жилийн "Битүүн"-ий орой эхэлж, Шинийн нэгэнд нь дуусгаад энд оруулж буйдаа баяртай байна, хаха. Сайн сайхан, гэгээтэй бодлоор бие, хэл, сэтгэлээ дүүргэх учиртай энэ өдөр гадаа ч, дотор ч дулаахан, гоё байна!
Нэрнээсээ эхлээд дулаахан санагдах Гал Тахиа жилд бүгдээрээ эрж, хайсан зүйлээ олж, хайр, инээмсэглэлээр дүүрэн гэрэлтэж явахын ерөөл дэвшүүлье!
Хүж дэлхий амгалан байг! Эх болсон зургаан зүйл хамаг амьтан эрт өдөр энх амгалантай болох болтугай! Хүн бүрийн зам гэгээн байг!
2016.02.27 00:06 цаг.
/Гал Тахиа жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн./
Улаанбаатар
No comments:
Post a Comment