Дээлтэй өдрийн тэмдэглэл


         Өнөөдөр бол 2017 оны 4 дүгээр сарын 1. Миний хотод цаг агаар +15 хэмийн дулаантай байна. Аргагүй л ирж яваа цаг аж дээ гээд бодохоор сайхан. "Орон гэргүй хүмүүсийг бодохоор хавар надад сайхан санагддаг" гэж Л.Ө эгчийн бичсэн үгсийг л санан санан өег явлаа. 

         Би өнөөдөр дээлээ өмсөөд гадуур явсан. Ээжийн залуудаа хийлгэж байсан энгийн л хөх дээл. Гэхдээ миний хувьд бол өмсөхөөр л сэтгэл санаа дүүрээд ирдэг "ид шидтэй" "нөмрөг" юм. Олны нүдэнд өртөх үнэхээр дургүй ч дээл л өмсөж явмаар санагдаад дотроос нэг юм "хатгаад" байсан тул өмссөн хэрэг л дээ. Гэтэл, зөрж өнгөрсөн хүн бүрийн гайхсан нүднүүд над дээр тусч байгааг мэдрэх хичнээн эвгүй байсан гээч! Ялангуяа миний үеийн охид залуус бол ихэд шоолонгуй нүдээр ширтэн зөрж өнгөрсөн дөө. Хэдэн жилийн өмнө бол энэ бүх хандлага эсрэгээрээ байсан биз ээ.

         Хүмүүсийн харцанд "ээрэгдэх" огтоос хүсмээр мэдрэмж байгаагүй ээ. Гэхдээ дээлээ өмссөндөө би ичээгүй. Эвгүйцээгүй. Хэнээс ичиж, юунаас эвгүйцэх билээ? 

         Нэгэнт дэлхий нийтийн чиг хандлага улам л "орчин үежиж" байгаа тул европ хувцасыг бүр мөсөн хална гэж байхгүй. Тэгээд ч сонголт хийх эрхтэй нийгэмд амьдарч байгаа тул албан хэргээс бусдаар бусдын юу өмсөх, өмсөхгүйг заах нь утгагүй. Гэвч дээлээ зөвхөн баяр ёслолоор л бус энгийн үед ч өмсөж байхыг залуусдаа уриалмаар санагдсан шүү. Хэд хоногийн өмнө ФБ дээрх нэгэн группэд "nation image"-ийн тухай яригдаж байсан санагдана.

         Дээл өмслөө гээд "хөдөөнийх", "хуучинсаг" нэгэн огт болохгүй билээ. Дээл өмссөн нэгнээ "хөдөөнийх" гэж харж байгаа тэр хүний сэтгэлгээ л өөрөө жинхэнэ "хуучинсаг" юм. 

         Ямартай ч бүтэн нэг өдөр Улаанбаатар хотын гудамжаар дээлтэй явсны эцэст, дээлээ улам л өмсмөөр санагдсан уу гэхээс бусдаас ичсэндээ буцаагаад далд хийчихмээр мэдрэмж огт төрөөгүй дээ.

Эх түүхийн минь гэрч
Элэнц хуланцын минь үргэлжлэл
Энэ л эрээн дээл...

2017.04.01
УБ хот.
Цээгий.

САЙНТӨРИЙН ЦЭРЭНДОЛГОР

No comments:

Post a Comment

Instagram