/Зураг: Бакула Ренбүчийн Бэтүб хийд, 2015 он./
Мянган хүслийг биелүүлэх, нэг хүслийг ялан дийлэх хоёрын аль нь илүү чухал болох...
Юм бүхэн өөрийн цаг хугацаатай гэдэг хичнээн оносон үг вэ! Эзэн хичээвэл заяа хичээнэ гэсэн ардын минь үг ч бас тун онож хэлсэн. Сайхан, гэгээн бодолтой явахад ажил үйлс өөдөө, амьдрал маань гэрэлтэй байдаг ч цаг нь болоогүй зүйлийн төлөө цагаасаа эрт шаналах ч мөн хэрэггүй юм.
"Самсара" хэмээх энэтхэгийн кино найруулагч Пан Налины найруулсан, 2001 оны тус киног үзэх сэн гэж бодсоор яваад саяхан л үзэв. Үзэх цаг нь ч яг болсон байсан биз. Киноны зурагт хуудас болон нэрнээс нь өөрийг мэдэхгүй, төсөөлөлгүй байсан хэрнээ л эртний л мэдэх мэт тийм дотно мэдрэмж үзэх хүртэл төрсөөр л байсан даа. Гэхдээ би бас хөглөсөөд авсан. Адил нэртэй, 2011 онд бүтээгдсэн АНУ-ын найруулагч Рон Фрикегийн баримтат киног андуураад эхний 40 минут хүртэл нь үзсэнийхээ дараа л андуурч гэдгээ мэдсэн байгаа юм даа. Гэвч баримтат киног нь ч бас дараа нь гүйцээж үзнэ ээ. Дэлхий ертөнц дээр бидэнтэй зэрэгцэн амьдарч буй өөр өөрийн түүх соёл, уламжлалтай, өөр өөрсдийн ертөнцийг үзэх үзэл, чиг хандлага, амьдралын хэв маягтай 7 тэрбум хүмүүс бүгд л амьдрах гэж хичээж яваа гэдгийг, дэлхий ертөнц, оршин буй гараг минь ямар үзэсгэлэнтэй, уудам болохыг, байгаль эх ба суурин амьдралын уялдаа хоорондоо холдсоор буйг, нүүдэлчин ард түмэн л байгальтайгаа хичнээн ойр амьдарч чаддагийг маш гайхалтайгаар зурагласан баримтат кино байна билээ шүү. 'Artfilm.mn' дээр тодорхойлсноор ёстой л "харааны бясалгал" байсан даа. За одоо гол бичих гэж буй кино руугаа оръё.
Даш /Төвдөөр Tashi гэх бөгөөд цаашид "Таши" гэдгээр нь бичье/ бол 5 настайгаасаа хийдэд шавилан суусан Буддын шашны лам. Тэрээр 25 настайдаа 3 жилийн турш гүн бясалгал хийж, Ренбүчи-гээс "khenbo" хэргэмээр шагнуулна. Хэдийгээр таван настайгаасаа хойш хийдэд шавилан сууж, гурван жилийн турш бүхнээс ангид гүн бясалгал хийсэн ч орчлонгийн үйл явдлыг энэ биеэрээ туулаагүй, бас мэдрээгүй байсан учир Бурханы ном, гэгээрлийн зүгт нэгэн үзүүрт сэтгэлээр тэмүүлэх бодь сэтгэлийг хараахан олоогүй байдаг. Үе үе нойтон зүүд зүүдлэх болсныг нь найз лам нь анзаарсан боловч эхэндээ юм хэлдэггүй. Нэгэн удаа тосгонд багш болон бусад лам нартай ном уншихаар очихдоо тосгоны тариачны охин болох Пема-г /Лянхуа цэцэг гэсэн утгатай бөгөөд монголоор Бадам гэдэг/хараад түүнд татагдана. Тэр орой нь Таши Пематай нэг оронд хамт унтаж байна гэж зүүдэлдэг.
Зураг дээр: Цаад талаас Багш нь, Таши, лам найз нь.
Тийнхүү Таши лам байхаа больж хар болохоор шийдэн тэр өдөртөө хийдээсээ явж, ламынхаа хувцасыг тайлж богцондоо хийчихээд, хар хүний дээл, малгай тавиад тосгонд очно. Хийдийнх нь тэнд байдаг суварга, чулуун овоо зэрэг байдаг хэсэг газарт нэгэн том чулуу байдаг бөгөөд тэр чулуун дээр "Дусал усыг ширгээхгүйгээр хэрхэн хадгалж авч үлдэх вэ?" гэсэн бичээс байдаг ба тухайн үед Таши хараад л өнгөрдөг.
Тэр өдрөөс хойш тосгонд амьдарч, ажиллаж, Пемад татагдсаар тэр хоёр нэг нэгэндээ сэтгэлтэй болдог. Пема Ташигаас өмнө нь Жамъян хэмээх залуутай сүй тавьсан байсан боловч сүйгээ цуцалж, Ташитай гэрлэнэ. Таши-г ажилдаа /тариалалт, ургац хураалт/ явах бүрт Пема аяганд нь жигнэсэн халуун банш хийгээд, дээр нь эрхийг нь тавьж таглан, бааданд боон өгч явуулдаг бөгөөд энэ нь зөвхөн тэдний нандин харилцааны нэг илэрхийлэл болсон байжээ.
Цаг хугацаа урагшилсаар, эгэл амьдрал нь сайхнаар үргэлжилж, тэд хүүтэй болж, хүүдээ Карма гэх нэр өгнө. Бүх зүйл сайхан байх агаад намар бүрийн ургац хураалтын үеэр хөлсний ажилчид ирж тусалдаг бөгөөд тэр үеэр Сужата гэх энэтхэг охин ирдэг байв. Таши тэр охинд дурлахгүй боловч хүсэл тачаалын эрхээр татагдана. Нэгэн удаа Пема хүүтэйгээ суурин орж, ургацаа зарах гээд явсан үед Таши, Сужата хоёр бэлгийн харьцаанд орно. Гэтэл Пемаг ирж явахыг цонхоороо харсан Таши Сужатаг яв хэмээн сандран хөөхдөө сайри-г нь урж орхидог. Сужата ч ихэд тайвнаар өөрийгөө цэгцэлж, үс гэзгээ янзалчихаад "Пема хэзээ нэг өдөр ийм юм болно гэдгийг надад хэлж байсан" хэмээнэ.
Пема ирээд юу ч хэлээгүй, өмнөх шигээ л байх боловч Ташид дахиад л бүх юм утгагүй санагдаж, гэрийнхээ тэнд байх овоон дээр гарч алсыг ширтэж ахуйд, хийдийн тэндээс лам найз нь давхин ирж, багш нь бурхан болсон тухай хэл дуулгаж, Ташид хандаж багшийнх нь бичсэн захиаг өгдөг. Багшийнх нь захиа "Миний энд хийх ажил дуусаагүй учраас Самсарад /орчлон ертөнцөд/ би эргэн төрнө. Тэгээд бид дахин уулзана гэдгийг ч мэдэж байна. Тэр үед чи надад мянган хүслийг биелүүлэх, ганцхан хүслийг ялан дийлэх хоёрын аль нь илүү чухал болохыг хэлж чаддаг болсон байна биз ээ!" гэсэн үгтэй байна.
Гэртээ буцаж ирээд ламынхаа амьдралд эргэн орж, гэгээрлийн зам мөрийг хөөх цаг болсон мэт санагдах тул тэр оройдоо эхнэр, хүүхдээ унтаж байхад нь Таши өмнө нь хийдээс явж байсан шигээ богцоо аваад явдаг. Ийн гол дээр очоод үсээ хусч, лам өмсгөлөө өмсөөд хийд рүүгээ явж, өнөөх суварга, чулуудтай газар иртэл өмнө нь Пема өөрөөс нь түрүүлээд ирчихсэн хүлээж байдаг.
"Яшодхара... Энэ нэрийг мэдэх үү? Ханхүү Сиддхарт, Гаутам, Шагжамуни, Будда... Бүгд л эдгээр нэрсийг мэддэг атлаа Яшодхара-г? Яшодхара Сиддхарттай гэрлэж, түүнийг бүх л зүрх сэтгэлээрээ хайрласан. Гэвч нэгэн шөнө Сиддхарт эхнэр болон хүү Рахулыгаа унтаж байхад нь орхин, гэгээрлийг эрж, Будда болохоор явдаг. Тэр явахдаа эхнэртээ нэг ч үг хэлээгүй. Яшодхара өмнө нь Сиддхартын зовж, шаналж байснаас ч илүү ихээр өвдөж, шаналж, зовсон. Сиддхарт гэгээрлийнхээ төлөө эхнэрийнхээ өмнө өртэй ч юм бил үү? Магадгүй Яшодхара ч гэсэн Сиддхарт, Рахул хоёрыг орхихыг хүсч байсан байж мэднэ. Сиддхарт түүнийг орхисны дараа Яшодхара уур хилэн, ганцаардал, гуниг зовлонгийн хохирогч болж байсныг бид яаж мэдэх билээ! Хэн ер нь түүний тухай бодож байсан юм бэ? Хүү Рахул нь "Аав минь хаана байна вэ?" гэх мөнхийн асуултыг асуухад тэр юу гэж хэлэх юм бэ? Юу гэж хэлэх ёстой юм? Шөнө дунд эх хүн үрээ орхиод яаж явж чадах вэ! Тийм болохоор эр хүний хувьд л тэгэх боломжтой юм. Таши, эрэгтэй хүний хувьд л. Түүний дараа, Яшодхарад сонголт байсангүй. Тэгээд тэр бүгдийг огоорон, үсээ хусч, даяанчийн амьдралаар амьдарсан. Таши... Хэрэв Бурханы номд тэмүүлэх сэтгэл чинь над руу тэмүүлсэн, хайрласантай чинь адилхан байсан бол чи энэ биеэрээ, энэ амьдралдаа гэгээрч, Будда болох байсан." хэмээн Пема нулимсаа цийлэгнүүлэн хэлдэг. Үүнийг нь сонссон Ташигийн нүднээс нулимс гарч, тэрээр доош сөхрөн сууж "Пема, намайг уучлаач! Би буцаад гэртээ харья." гэхэд Пема тоолгүй, өмнө нь баадантай зүйл хаячихаад яваад өгдөг. Түүнийг задалтал өнөөх ажилд нь өгч явуулдаг байсан аягатай банш, таглаан дээр нь тавьдаг эрхи нь байдаг.
Ингээд Таши шороон дээр хэвтэж, уйлж, цөхрөнгөө, нус нулимсаа барчихаад өндийн суутал нүдэнд нь өнөө "Ганцхан дусал усыг ширгээхгүйгээр хэрхэн авч үлдэх вэ?" гэсэн бичээстэй чулуу харагдана. Босоод тэр чулуун дээр очиж, ард талыг нь эргүүлтэл "Далайд цутга" гэсэн байдаг.
Тэгээд л "Конец фильма!".
Төгсгөлд нь надад Л.Ө эгчийн "Амраглал дурлалаас ангижрах хүч хайрлаач" гэсэн үг дахиад бодогдсон, яагаад ч юм.
2017.04.18 13:31 цаг.
Сайн байна уу? Энэ кино монгол хэл орчуулгатай эсвэл хадмалтай байдаг болов уу?
ReplyDeleteбаярлалаа
Сайн, сайн байна уу? Тэрийг бол мэдэхгүй байна аа. Англи хадмалтайгаар бол интернетэд байсан шүү.
Deleteсайн бну энэ киног english ээр ч хайгаад олдоггүй ээ, өөрийнхөө үзэж бсн линкийг явуулж болох уу
ReplyDeleteУдаан хугацааны дараа хариу бичиж буйд уучлаарай! Энэ хугацаанд киногоо үзсэн гэж найдаж байна. Үзээгүй бол асуултад нь хариулахад, би Youtube-ээс үзэж байсан. Хайхад хайлт дээр нь гараад ирч байна билээ шүү.
Delete