Өнөөдөр би даашинз өмсөөд хичээлдээ явсан. Барагтай бол өмсдөггүй, өмсөхөөс эвгүйцдэг би гэхдээ даашинз өмсөхдөө л "эмэгтэй хүн" гэдгээ "тод" мэдрэв ээ.
Даашинзны минь хормой салхинд дэрвэхэд, хөлөө хамаагүй дэлгэж сууж болохгүй гэхдээ биеэ цэнэж, нуруу цэх алхахыг хичээхдээ "эмэгтэй хүн" гэдэг энэ ертөнцийн нэг "хэсэг" гэдгээ жаахан ч гэсэн ухаарсан. Бусад үед эмэгтэй хүн гэдгээ үнэндээ л бараг мартчихдаг юм. Угаас, харагдах төрх байдал минь л эмэгтэй болохоос дотоод сэтгэлд минь "эр, эм" сэтгэл аль аль нь бий гэж боддог, энэ бодолдоо итгэчихсэн явдаг даа. Гэхдээ энэ нь бэлгийн чиг баримжаатай ямар ч холбоогүй юм шүү!
Миний дотор эрэгтэй хүн ч гэсэн нуугдаж байх шиг санагддаг гэж нэг удаа ярилцаж байсан охиндоо хэлтэл тэр охины нүд орой дээрээ гарчих шиг болж билээ. Тэгээд намайг "гомосексуал" чиг баримжаатай эсэхийг асуусан. Түс хийтэл инээд алдсанаа одооо сайн санаж байна. Миний бэлгийн чиг баримжаа уг нь гетеросекс л дээ. Гэхдээ тэр охины хандлагыг хараад "гомосексуал шүү дээ" гээд хэлчихмээр санагдсан даа. Ерөөс бэлгийн чиг баримжаа, хүйсийн илэрхийлэмж ямар ч байсан яах вэ! Эцсийн эцэст, бүгд л хайрлаж дурлах эрхтэй. Гэхдээ энэ удаад би талаар бичихгүй ээ. Гол зүйл рүүгээ оръё.
Надад өнөөдрөөс үүдээд нэг асуулт төрсөн. Эмэгтэй хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бэ? Төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх дээрээ "эмэгтэй" гэж бичүүлэхэд л эмэгтэй хүн болох уу? Ерөөс өндөр өсгийт, даашинз өмсөж, нүүрээ будсанаараа эмэгтэй хүн болох уу?
Нийгмийн үнэлэмж буюу олонхийн үнэмжээр бол эмэгтэй хүн "тийм байх ёстой", "ийм ч байх ёстой" "тэгж болохгүй", "ингэж болохгүй" гэсэн "номлол, сургаалиуд" зөндөө бий. Би феминист биш л дээ. Гэхдээ хүн гэдэг үүднээсээ эрэгтэй, эмэгтэй хоёр тэгш байх эрхтэй л гэж боддог.
Ямартай ч, олонхийн "тийм байх ёстой" гэсэн "цензур"-ээс зугтмаар санагддаг аа! Тийм ч, ийм ч байх ёстой гэж бүх хүнийг ердөө тийм л үнэлэмж дотор "хашчихаад" түүгээрээ хүлээж авч харьцдаг хүмүүсийг ойлгодоггүй гэх нь хаашаа юм, зүгээр л санал нийлж чадахгүйгээ мэддэг юм.
Өө хайвал гарч ирээд л байх болохоор сайхан талыг нь олж харвал хавьгүй амар. Хүн бүхэнд гайхам сайхан чанар заавал бий! Хүн бүхэнд өөр өөрсдийн "гэрэл" байдаг. Эмэгтэй хүмүүс ч бас буй байгаагаараа л, өөр өөрсдийнхөөрөө л сайхан!
Сайхан зүс царайтай, эмэгтэйлэг хувцасласан байхаараа л эмэгтэй хүн болчихдоггүй гэдгийг эргэн тойрныхоо хүмүүсээс сурч, мэдэрч байгаа. Үнэхээр л тодорхойлолт хэрэгтэй юм бол, эмэгтэй хүн байна гэдэг "эхийн сэтгэл"-тэй байхыг хэлнэ ээ. Гэхдээ "эхийн сэтгэл" гэдгийг үгчилж бус утгачилж ойлгох нь зүйд нийцэх болов уу. Заавал хүүхэд гаргаж, төрүүлж, өсгөсөн байхаараа "эхийн сэтгэл"-тэй байна гэсэн үг биш юм шүү.
2017.03.29-нд бичиж эхлүүлчихээд 2017.03.31-нд дуусгажээ.
УБ хот, Монгол улс.
Цээгий.
No comments:
Post a Comment