Intouchables...


         Уулзах ёстой хүмүүс уулзаж, учрах ёстой хүмүүс учирдаг. Яаж, яагаад гэдгийг, учир шалтгаан, зүй тогтлыг нь хэн ч мэддэггүй. Бүх зүйлд шинжлэх ухаанчаар хандах гэвэл манай гараг өөрөө дэндүү "хүйтэн" газар болж хувирах биз ээ!

         Танихгүй нэгэнтэй зөрөөд өнгөрөхөд л мянган жилийн ерөөл нуугдаж байдаг гэсэн үг сэтгэлд минь үе үе бодогдоно. Тийм бодол төрөхүй, эргэн тойронд минь буй, ерөөс дэлхий ертөнцийн бүх хүнийг би мэдэх юм шиг, цаг хугацаа, амьдралын хаа нэгтээ таарч л явсан юм шиг дулаахан санагдана. 

         Амьдрал сайхан. Амьдрал амар биш. Амьдрах сайхан. Амьдрах хэцүү. Гэхдээ үхлийг бус тэр амьдралыг сонгосон болохоор амьдарсан шиг амьдрах сан даа гэж бодогдох... 

         Гэрэлтэй хүмүүс энэ амьдралд их олон бий! Бодож төсөөлснөөс чинь, мэдэж санадгаас чинь ч олон. Хэрвээ тийм хүнтэй таараагүй бол өөрөө тийм бол. Хүмүүст гэрлээ түгээ. Аяндаа л эргэн тойронд чинь гэрэл асна даа. 

         Дассан газраасаа, үргэлж хардаг өнцгөөсөө жаахан холдоод үзэхэд цоо шинэ зүйлийг өөртөө нээх вий! Сайхан хүмүүс, сайхан газар, сайхан хөгжим... Өдөр бүр таарч л байсан ч огт анзаардаггүй байсан зүйлээ бас олж харна, тэгээд тэдгээрийг өөртөө нээнэ...

         Ганцаараа байж, дотоод сэтгэл рүүгээ өнгийх дуртай минь үнэн ч сайн анд нөхөр, мэдрэмжийг минь ойлгох хэн нэгний нөмөр нөөлөг үнэндээ хүнд хичнээн дулаахан хань болдогтой санал нийлнэ. 

         Сайхан кино үзчихээд Шопены "Хаврын Вальс"-ыг сонсоод суух хичнээн их тайвшрал! Амсхийх завгүй өдөр хоногууд дунд ингэж суух минь бүр ч их аз жаргал юм аа! 

         Б.Батзаяа ахын гоё шүлгийг уншсанаа бас энд оруулчихъя. Гэснээс, түүний шүлгүүдээс ишлэл авахдаа би нэрийг нь Б.Б гэдэг юм. 2 жилийн өмнө бол дарсан зураг бүрийнхээ тайлбар дээр ихэнхдээ л Б.Б ахын шүлгүүдээс иш татдаг байсан юм. Гэтэл хүмүүс миний хайрладаг хүний нэрийн товчлол Б.Б юм байна гээд ойлгочихсон байж билээ. Одоо идэвхгүй болчихсон байсан ч Б.Б ахын блогоор зочлох дуртай болсоор 4 хаврыг үджээ. 

Хүү минь энэ дэлхий ямар уужим гэж санана
Хөлөг онгоц, хүлэг морь, даль жигүүр
хүчирхэг хөл чамд хэрэг болно.
Мөрөөдөж, сэтгэл хөдөлгөж, тэмүүлэх зүйлүүд чамайг тойроод
Мөндөр шиг шуугин унаж, одод шиг анивчин түгнэ
(алдалгүй бүгдийг нь амтлаарай.)
Хүү минь энэ замууд ямар сайхан гэж санана
Хөл нүцгэн, гар хоосон туулсан ч
адал явдлаар дүүрэн байх болно.
Өнгө гэрэл, хөг аялгуу, зүүд төсөөлөл чиний өмнө
Үзэсгэлэн, гайхамшиг, хязгааргүйг нээн харуулна
(орхилгүй бүгдийг нь мэдрээрэй.)
Хүү минь хүн төрөлхтөн ямар эгнэшгүй гэж санана
Хөгжим сонсож, өнгө будагт автаж
олон гайхам номыг чи уншина.
Сэтгэл өөдрөг, жаахан галзуу, эсхүл, гуниглуу хүмүүстэй танилцаж
Сэрнэ, уйлна, уурлана, эцэст нь хайрлана, бас хайрлуулна.
Нулимсаа загаснаас, инээмсэглэлээ солонгоноос авч
Нууцуудаас нээлцэж, нууцыг бас үлдээнэ
Хайраа цэцгэнд, хорхойд, бяцхан шувуудад өгч
Хайрыг юм бүхнээс олж авна
Хүү минь
Хүн байна гэдэг ямар сайхан гээч...
- Б.Батзаяа

         Өөрт оногдсон цаг хугацаандаа хором мөч бүрийг мэдэрч, Б.Б ахын бичсэнээр "хайрыг юм бүхнээс олж авч" өнгөрүүлэх юм шүү! Тийм юм аа, үнэхээр, хүн байна гэдэг ямар сайхан гээч!

/"Intouchables" (2011) хэмээх Франц киног үзээд төрсөн бодол. Людовико Эйнауди-гийн хөгжим ч бас үнэхээр сайхан юм билээ!/

2017.04.08
УБ хот.
Цээгий.


САЙНТӨРИЙН ЦЭРЭНДОЛГОР

4 comments:

Instagram