Миний хаврын өдрүүд #2


         Блог минь сайн уу? Танихгүй ч гэлээ блогоор минь хааяа "шагайдаг" танихгүй танилууд минь сайн уу? Муухан танилаас илүү дотно санагддаг ч гэлээ эндээ бичилгүй нэлээд хэд хоночихжээ. Харин би сайн.

         Дарсан зургаа хуваалцдаг асан "Инстаграм"-аа ч ашиглахаа больчихсон ч хувьдаа гэрэл зураг дарах гэж оролдсоор л байгаа шүү. Угаас мэргэжлийнх бишийн дээр онц гойд авьяас чадвар, мэдрэмжтэй биш ч гэлээ гэрэл зурагт би дуртай юм аа, үнэхээр! Миний өдөр хоногууд үргэлжилдгээрээ үргэлжилж л байгаа ч амьд буйгаа улам ихээр мэдэрч байгаа учраас их гоё байгаа. Дулаахан байгаа. Тэгээд тэр өдрүүдээсээ хэсэгхэнийг нь эндээ хуваалцмаар санагдсан.


         "So much life in one little world!" гэх үгийг олж уншсан юм. Гэтэл энэ үг санаанаас ер гарахгүй байсны учир нь энэ л "цонх"-той таарах гээд байсных биз ээ гэж бодсон. Цонх бүрийн цаана амьдрал бий! Байшин том ч бай, жижиг ч бай, эн тэнцүүхэн аз жаргалыг багтаадаг гэдэг дээ. Оршин буй орчноосоо дулааныг мэдрэх юм шүү!


         Лагер дээрээ очиход яргуй дэлгэрчихсэн байсан. Ердөө энэ цэцэгс л хаврыг хангалттай төлөөлчихдөг болохоор хичнээн баяссан гээ! Ай, ирж яваа цаг!


         Хотын төвд "орших" мод. Байгалиас алслагдмал, бусад моддоосоо хол, чи ганцаарддаг болов уу? Ганцаарддаг л байх даа! Гэлээ ч ургасаар л байгаад нь, хавар болохоор ургаж, намар ирэхэд навчисаа үддэгт нь, он жилийн уртад ингээд л байж байдагт нь талархах! Завгүй сүлжилдэх энэ хүмүүс, урсаад л өнгөрөх энэ машинууд дунд хэзээд амгалан, юунаас ч хараат бус, юуханд ч санаа зоволгүй, хэнд ч атаархахгүй, юунд ч хорсохгүй, намуухан оршиж л байдагт, тэгээд буй байгаагаараа л хүмүүний сэтгэлд гэрэл гэгээг сануулж байдагт талархлаа, Мод минь!


         2017.05.15. Бүх л зүйлээрээ дулаахан өдөр байсан болохоор их тод санаж байна. Жаргаж буй нар миний хотод ийм гоё ягаан тэнгэрийг "авчирсан". Өнгө будаг /filter/ нэмэх, өөрчлөх шаардлагагүй ийм "хөөрхөн" тэнгэр! Ер ингээд бодохоор ямар ч чимэг хачиргүй, жинхэнэ баяр баяслыг бидэнд байгаль эх л өгөх юм! "Оригоороо" бүхэнд татагддагийн учир энэ ч байж мэднэ. Англи хэлний "Natural" гэх үг ч аль алиных нь утгыг агуулдаг шүү дээ.


         Явж байсан тролейбусанд маань нар их гоё тусч байсан болохоор нь санамсаргүй л утсаараа ингээд дарчихсан. Үнэндээ тун санамсаргүй зураг байсан юм шүү. Гэхдээ дараа нь харсан чинь хамгийн таалагдсан нь энэ. Энгийн бүхэн ч тийм л болохоор сайхан байдаг байх. Энгийн, санамсаргүй бүхэн... "You took a chance on loving me, I took a chance on loving you..." гэж Katie Melua дуулдаг шиг...

          Миний өдрүүд нэг ийм өнгө аястай үргэлжилж байна. Жаргасан ч, гуньсан ч эцсийн эцэст амьд буйгаа мэдэрнэ гэдэг сайхан. Өөрийнхөө "жижигхэн ертөнц"-д ингээд л амьдраад байх минь гоё байна. Байгаа бүхэндээ сэтгэл хангалуун, үүнээс өөр юу хүсэх билээ! Гэхдээ одоо байгаагаасаа илүү их юм мэдэх, сурах, өөрийгөө хөгжүүлэх, хувь хүнийхээ хувьд өсч дэвших юм шүү гэсэн хүсэл надад байна. Тийм ч болохоор би хичээж байгаа. Та нар ч гэсэн хичээгээрэй!


         Үүнийг бичихдээ дээрх аялгууг сонсож суусан. Мэдрэмж бүхэн минь ердөө л энэ. Мансуурам хөгжим... Дулаахан инээмсэглэл... 

2017.05.20 14:30 цаг.
УБ хот.
Цээгий.

САЙНТӨРИЙН ЦЭРЭНДОЛГОР

No comments:

Post a Comment

Instagram