Миний хаврын өдрүүд


         "Багахан юмнаас ертөнц уужуу болно" гэж Сэнгийн Эрдэнэ баавай бичжээ. Энэ үгийн үнэнийг мэдрэнгээ үүнийг бичиж сууна. Аав ээж хоёрын минь ганцхан үг, өрөөнд минь тусах жаргаж буй нарны гэрэл... Ердөө ийм л зүйлс тэр өдрийг минь бүхэлд нь гэрэлтүүлчихнэ! 

         Хаа нэгтэйгээс байхгүй зүйлийг хайж, болоогүй учралын төлөө шаналж, бачуурч байснаас байгаа зүйлийнхээ сайхныг нь олж хараад түүндээ сэтгэл хангалуун явах нь л хамгийн том "таашаал" гэдгийг хүмүүс мэддэг. Гэхдээ мэддэг мөртөө ойлгодоггүй. Ойлгодоггүй болохоор мэдэрдэггүй. Би ч заримдаа хаа холын зүйлийг мөрөөдөөд л, аз жаргалаа надад огт хамаагүй хөндлөнгийн нэгнээс хайчихсан явж байх жишээтэй. Гэхдээ эргэн тойронд минь үргэлжид сайн сайхан хүмүүс, гэрэл гэгээгээр дүүрэн өдөр хоногууд үргэлжилж байдаг тулдаа тийм бодол уддаггүй л дээ. 

         "Чи өөрөө гуниг зовлонгийнхоо шалтгаан болдог шиг баяр жаргалынхаа ч шалтгаан юм. Өөрөөс чинь өөр хэн ч үүнд хариуцлага хүлээх ёсгүй" гэсэн Ошо багшийн үг сэтгэлд торохуй, жигтэйхэн их тайвшрал мэдрэгдэнэ. Болох ёстой зүйл аясаараа болоод өнгөрдөг. Бүх юм өөрийн цаг хугацаатай, учир шалтгаантай. Үүний хажуугаар мэдээж, эзэн хичээвэл заяа хичээдэг. Зүгээр л бүх зүйлийн учир шалтгааныг бусдаас эрж, болоогүй учрал, байхгүй зүйлийн төлөө шаналж, учирч чадаагүй, авч чадаагүйнхээ гансралыг өрөөлд тохох л хэрэггүй юм. 

         Ирж яваа цаг гэлээ ч миний хотод бороотой, цастай, шороотой, шуургатай, салхитай, намуухан гээд хаврын тэнгэрийн л гаргаж чадах бүх л өдрүүд үргэлжилж байна даа. Гудамжаар зөрж өнгөрөхөд хөмсгөө зангидаж, доош бөгтийж асан хүмүүсийн нүүр "тэнийсэн" нь айсуй дулаан улирлын л нөлөө учир Хавар гэх нэр шигээ дулаахан, цэцэг шиг улиралд талархах юм аа! "Орон гэргүй хүмүүсийг бодохоор хавар надад сайхан санагддаг" гэж Л.Ө эгчийн бичсэн шиг.

         Өдөр уртсаад наран наашлаад ирэхээр миний хотын гудамж талбай хүмүүсээр дүүрэн. Хүүхдээ салхилуулах аав ээжүүд, хөтлөлцөн алхах дурлалт залуус, хэд гурваараа хэлхэлдэх сурагч охид, шалгалт шүүлгээ ярилцсан оюутнууд... Гэснээс, эргэн тойронд минь буй олон хосыг хараад надад нэг бодол төрсөн. Хүмүүсийн сэтгэл хөдлөл, эмоцийн түвшин бусал үеийнхээс арай илүү нэмэгддэг учир "хаврын синдром" гэсэн үг энэ улиралд их яригддаг даа. ФБ-ээс дүүрэн дурлалт залуусын нэг нэгэндээ хайраа илэрхийлсэн бичвэрүүд байх юм уу эсхүл ганц биечүүдийнх нь "хосууд болиосой", "single" байх чинь сайхан" гэх мөртөө цаанаа бол хостой болохыг битүүхэн хүссэнийг нь илэрхийлж буй постууд... Гэхдээ эд надад ямар ч хамаагүй л дээ. Харин тэр бодсон бодол маань юу гэхээр, "ямар ч үед өөрийн гэсэн орон зайгаа хадгалж үлдэх юм шүү!" гэж. 

         Яг одоогийн байдлаар хэн нэгэнд сэтгэл зүрх минь "харьяалагдаагүй", тиймдээ ч сэтгэл санаа минь ч тогтуун, "салхи шиг" л хүн явж байна. Ерөөс өмнө нь бичиж л байсанчлан "үерхэл" гээч зүйлийг бие, сэтгэлээрээ мэдэрч байгаагүй тул энэ талаар мэдэх зүйлгүй ч таньдаг хүмүүсийнхээ яриа, бичиж буй зүйлсээс нь, хэн хэндээ хандах хандлага, харилцаанаас нь олон зүйл мэдрэгддэг. 

         "...Хэн нэгэнд үнэн хайртай байна гэдэг
хэтэрхий гунигтай
Түүнгүйгээр амьдарч чадахгүйгээ мэдэрнэ гэдэг
түгшүүртэй,
нэг л түгшүүртэй
...Хэн нэгнийг хайрлана гэдэг
хэмжээлшгүй өндөрт гарахын нэр юм
Хэмжээлшгүй өндрөөс унавал бяц үсрэхээ мэдэх ч
хэзээ ч цуцалтгүй дээш авирах зориг юм..."
                                                     - Л.Ө

         Л.Өлзийтөгс эгчийн дээрх мөртүүд үнэхээр оноод хэлчихсэн мэт ээ. Оюун санааны эрх чөлөө гэдэг хичнээн эрхэм зүйл билээ! Гэтэл оюун санаагаараа, бие сэтгэлээрээ хэн нэгнээс өөрийн эрхгүй хараат бус болж буйгаа мэдрэх сайхан мэдрэмж лав биш дэг ээ! Үнэхээр л хайр гэдэг "жаргалтай айдас" юм шиг. 

         Хүмүүс дурлаж, хайрлалцдаг. Үерхэж нөхөрлөдөг. Гэхдээ энэ бүх харилцаанаас "өөрийгөө авч үлдэх", хувь хүнийхээ тэр орон зайг хадгалаад үлдэх хэрэгтэй юм шүү гэж бодсон. Угаас, чин сэтгэлийн нандин мэдрэмж, чин ариун зүрхээр холбогдсон харилцаа эрх чөлөө, нигүүлслээр дүүрэн байдаг. Хайр бол эрх чөлөө юм! Хэдий хоёр хүн харилцаж буй ч тусдаа бодгалиуд, тусдаа хувь хүмүүс. Үүнийг л мэдэрч чадвал... Гэхдээ хоёр жилийн турш нэг хүнийг холоос л хараад, баясаад, сэтгэлдээ "тээгээд" явахдаа би үүнийг ойлгосон л гэж боддог. Хэн нэгнийг чин зүрхнээсээ хайрлаж буй цагт хардалт, өмчирхөл, хувиа хичээсэн үйлдлийн аль нь ч байдаггүй юм билээ. Тэр хүн сэтгэлд минь "амьдрахаа" болиод таван сар өнгөрсөн ч, одоо ч би түүнд сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсдэг. Саяхан нэг хөөрхөн охинтой явж байхыг нь харсан. Харилцаа нь гэрэлтэй байгаасай гэж үнэхээр л хүссэн юм шүү! 

         Бүх зүйл тэгээд "Буянаараа болдог" байх аа. Бодох тусам л тэгж мэдрэгдэх юм. Нэг нэгнээ хүндэлдэг, харцаараа ойлголцдог, хүсэл сэтгэлээ хуваалцдаг, хайртай бүхнийг нь нандигнадаг, гэрэл сүүдрийн алинд ч итгэдэг, гэрэлтэй бүхэн рүү нэгнээ хөтөлдөг, орчлон ертөнцөд олон зууны турш нэг нэгнээ л хайж, хамт байсаар ирсэн мэт тийм мэдрэмж төрүүлдэг хүн олон биш. Угтаа бол тийм хүн цор ганц. Магад зарим нэг нь тэр "цор ганц" нэгэнтэйгээ зөрчихдөг болохоор өөр бусад нь сэтгэлд нь хүрдэггүй, хүрлээ ч ямар нэг хэмжээгээр харилцаа нь асуудалтай байдаг байх. Гэхдээ тийм цор ганц хүнээ, биеийнхээ "нөгөө тал"-ыг олно гэдэг ч хувь ерөөл биз ээ! 


         Өчигдөр миний хотод бороотой, мөндөртэй, цастай өдөр байсан. Яг мөндөр орж эхлээд дуусах хүртэл гадаа байсан ч тэр үнэрэнд сэтгэл баясаад л, Шопены "Хаврын вальс"-ыг сонссон шигээ алхаж байсан учир норж байснаа ч "мэдрээгүй" дээ. 


         Энэ өвөөг анх хараад л юунд нь ч юм бэ "татагдаад" араас нь даган байж зургийг нь дарсан даа. Г.А-ийн шүлгэнд гардаг "эртний бүрэнхий дуу"-г санагдуулам мэдрэмж төрүүлсэн болохоор нь ч тэгсэн байж мэднэ ээ.

         За, миний хаврын өдрүүд иймэрхүүгээр үргэлжилж байна. Завгүй байгаа ч гэлээ гоё байна. Өдөр хоног, хором мөч бүрийг аль болох "мэдэрч", дурсамж их цуглуулцгаагаарай!

2017.05.04. 21:27 цаг.
УБ хот.
Цээгий.

САЙНТӨРИЙН ЦЭРЭНДОЛГОР

1 comment:

Instagram