"Хөгжим бол мансууралтын эрүүл төрөл юм" гэж Жими Хендрикс зүгээр ч нэг хэлээгүй аж. Нисванис, A Sound, Шөнийн галт гэрэг, Булсара гэсэн хамтлагууд цуглаж хөгжмөө тоглосон Нимбэгнүүдийн үдэш! The Lemons гэхээс илүү "Нимбэгнүүд" гэсэн нь тэднийг илүү илэрхийлэх мэт санагдана. "Unplugged" яг ийм л байдаг даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн. Нимбэгнүүдийн тоглолт бүрийг нь сайхан болдгийг мэдэх ч яагаад ч юм би "Unplugged" дээр учиргүй хөөрч догдолсон сэтгэлтэй очоогүй билээ. Ерөөс юманд хүлээлт үүсгэхгүй байх их зүгээр шүү, тийм ээ? Ямартай ч хүлээлт үүсгээгүй учир гоё байсан. Бүх дуртай дуунуудыг минь биш гэхэд хамгийн "шилээвэр" гэсэн дуунуудаа тоглосон учир мэдрэмж дүүрэн орой байлаа! Corporate hotel-ийн Convention Center-т болсон нь ч их зөв сонголт байсан мэт.
Найман настай балчираас наян настай буурал тэнд байсан гэх нь арай хаашаа юм, гэхдээ л өсвөр үеийнхнээс хижээл нас хүртэлх бүх л насны хүмүүс байсан даа. Гадаад залуус ч нэлээд байсан. Хөгжмийн хамгийн гоё нь, хаанаас ирсэн хэн байхаас үл хамаараад бүгдийг нэгтгэж чаддаг нь юм! Зочин хамтлагууд бүгдээрээ л миний дуртай хамтлагууд боловч тоглолт эхэлснээс хойш Шөнийн галт тэргийг л хамгийн их хүлээсэн! "Хайлсан шоколад", "Үлэг гүрвэл", "Цагаан өнгөт асар", "Зөөлөн" гэсэн дуунуудаа дуулсан.
Бичлэгээс гадна би нэг иймэрхүү хөдөлгөөнт зургууд /gif/ авч зогссон, инээдтэй ч юм шиг. Угтаа бол юунд ч сатааралгүй, хөгжимдөө л уусах нь сайхан ч дараа нь үлдэх дурсамжаа бодоод зарим дуун дээр утсаа гаргаж ирэхгүй байж чадаагүй ээ.
"Хөгжмийн хамгийн гайхалтай зүйлийн нэг нь тэр. 85,000 хүнд чи нэг дууг дуулахад эргээд 85,000 өөр шалтгаанаар тэд тэр дууг чинь дуулна" гэж Нирванагийн бөмбөрчин Дэйв Грол хэлжээ. Хэчнээн үнэн бэ! Corporate Hotel-ийн Convention Center-т яг хэдэн хүн цугласныг би мэдэхгүй. Гэхдээ тэнд байсан хэдэн арван хүн бүгд л сэтгэлдээ өөр өөрийн шалтгаанаар дуунуудыг дуулж, мэдэрч зогссон байх даа! Хүн бүрийн сэтгэлд хүрч чадтал дуулдаг болохоор нь амьд хөгжимд би хайртай! Өө, Нимбэгнүүд минь дээ!
"...Үнэн, үнэнээ хүмүүсээс, өөрөөсөө ч нуух
салхи үл нэвчих шигүү ойн өтгөн манан дундаас сүүмэлзэх
ганцаардмал Нимбэгний мод юм чи!"
- Б.Батзаяа
Б.Б ахын дээрх мөртүүд өөрийн эрхгүй санагдахад "Нимбэг" гэж хэчнээн гоё "жимс" болохыг, "Нимбэгний мод" ямар үзэсгэлэнтэйг, "Нимбэгнүүд" хэчнээн сайхан дуутайг нь бодсон. Чихэрлэг амтанд, нялуун үгэнд би дуртай биш. Харин исгэлэн амтанд, эрс боловч гэрэлтэй үгэнд дуртай. Нимбэг яг тийм амттай, бас Нимбэгнүүд яг тийм дуутай!
Өө, тийм, нэг зүйлийг мартах шахлаа. Амьд хөгжмийн тоглолт бүрийг Үүгий ахгүйгээр төсөөлөх аргагүй юм. Олон таван чимэг үггүйгээр яг өөрийнхөөрөө тоглолтыг "аваад явчихдаг", танихгүй боловч хүн бүхний "танил", тэгээд хүн бүхэнд л дулаахан санагдах хүн гэж би түүнийг хардаг аа!
Тоглолтын хамгийн сэтгэл хөдөлгөсөн, сэтгэлд хүрсэн нэг мөч нь "Өөр ертөнц"-ийг дуулсан хэсэг байлаа. "Хүсэл" тоглолтон дээрээ мөн л энэ дуугаа дуулсан ч түүнээс хойш бидний дундах олон "Бурхад" "өөр ертөнц" рүү явжээ. Иймд арын видеонд ч бас өөрчлөлт орсон байв.
"Өөр ертөнцөд аниргүй амгалан
...Өөр ертөнцөөс намайг олох болно"
"...Эцэс төгсгөлгүй оддоос энгийн
нэгэн дохиог олж хараарай
Эцэс төгсгөлгүй оддоос ирэх
дохиог би хүлээнэ..."
Жими Хендрикс, Эми Уайнхаус, Курт Кобейн, Жим Моррисон гээд "27 клубынхан", Жон Леннон, Элвис Пресли, Виктор Цой, Фредди Меркури, Жет Ли, Майкл Жексон, Принц, Дэвид Боуи, Мартин Лютер Кинг, С.Зориг, Б.Бадрууган, Б.Ренчин, Р.Чойном, С.Анудар, Ц.Шувуу... Бүх зүйл хоосон гэдгийг ухаараад, амьдрал зүүд гэдгийг мэдрээд энэ хорвоогийн юунд ч уусалгүй амьдрахдаа "үнэтэй" бэлгийг бидэнд үлдээчихээд цэл залуугаараа эндээс явчихсан эгэл "баатрууд", "сүргийн сэтгэлгээ"-нээс ангид орших "суутнууд"-д зориулаад чин сэтгэлээсээ дуулахад нь сэтгэл хөдлөхгүй, нулимс унагахгүй байж чадаагүй. The Colors-ийн Б.Хүслэнгийн инээж асан багынх нь төрх дэлгэцэн дээр бичлэгээр гарахад бүр л "гол зураад" л явчихсан даа. Миний л үеийн, ид залуухан насан дээрээ явж асан тэр хүү гэхдээ одоо илүү сайхан газар байгаа гэж итгэнэ.
Дууны төгсгөлд дэлгэцэн дээр гарсан үг шиг, тийм ээ, They are meeting in heaven now! Гайхалтай сэтгэл хөдөлгөм үзүүлбэрийнх нь төлөө Нимбэгнүүдэд талархах учиртай! Талархлаа, Нимбэгнүүд минь!
Учиргүй олныг биш ч цөөнгүй амьд хөгжмийн тоглолтыг би үзжээ. Нис Нис фест, Playtime fest, Нимбэгнүүдийн урьд өмнөх тоглолтууд гээд. Гэхдээ яагаад ч юм, Unplugged in UB цомгийнх нь баярын тоглолтын тухай бичмээр санагдсан. Сэтгэлд илүү их хүрсэн болохоор нь тэр юм уу, илүү мэдрэмж дүүрэн үдэш байсан болохоор ч тэр үү, мэдэхгүй юм.
"Хөгжимгүйгээр амьдрал алдаа байх байсан" гэж Ф.Ницшегийн хэлсэн үг энэ мөчид бодогдох чинь. Их олон төрөл жанрын хөгжим манай гараг дээр бий. Тэдэн дундаас сонгодог хөгжим, рок хөгжим хоёрыг л би шимтэн сонсдог. Эдэнгүйгээр өөрийгөө төсөөлөхийн аргагүй болтлоо энэ "урлагт" хайртай болж!
Ямартай ч, миний хотын жирийн нэг хаврын орой Нимбэгнүүдийн ачаар ихэд сайхан өнгөрсөн. Эд зүйлийг бус ийм нэг нандин дурсамжуудыг л цуглуулах сан гэж хүснэ. Дуртай хөгжмөө сонсож, хүссэн газар руугаа явж, хүссэн номоо уншиж, сайхан хүмүүстэй танилцаж... Энэ бодлын маань нэг хэсэг нь өчигдрийн The Lemons Unplugged in UB байлаа!
Эцэст нь бичиж буй энэ бичвэрээ "Life is made of small moments like this!" гэсэн үгээр дуусгая даа. Гоё байна! Талархлаа, Нимбэгнүүд ээ!
2017.05.06 20:25 цаг.
УБ хот.
Цээгий.
:)
ReplyDeleteshuud l sanachihla ene odruudig kk
ReplyDeleteнимбэгүүд ч лаааасааан лаасан.
ReplyDeleteпийв нь дуусцанг эс тооцвол..:р