When I'm in nature, everything falls into place... I'm just one tiny peace a big jigsaw puzzle... and I like that!
- Björk
Эртний мэндчилгээгээр дахин мэндчилье! Блог минь сайн уу? Би сайн. Цаг үргэлж "цахим ертөнц"-д үгүй ч "жинхэнэ амьдрал" дээр "байж л байгаа". Миний хотод зун аль хэдийн "ирчихжээ". Өвөлд халууныг, зун хүйтнийг дурсах ч гэлээ дөрвийн дөрвөн улиралтай оронд төрсөн минь хичнээн талархам болох тухай өглөөхөн бодсон юм байна. Өнөөдөр бас Зургадугаар сарын нэгэн. Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд ээ!
Саяхнаас би уулаар "явдаг" болсон юм. Энгийнээр бол ууланд авирдаг болсон. Одоогоор нэг их удаагүй ч цаг хугацаа их хурдан юм аа! Нэг л мэдэхэд "тоологдохоор" л болчихож. Ууланд гарсан эхний өдрөө л гэрэл зургийн камераа авч гарснаас бусдаар дахиж авч яваагүй л дээ. Тэр өдөр дарсан зургуудын заримаас нь энд хуваалцахыг хүслээ.
"...Here comes the sun, here comes the sun
And I say it's all right...! гэж Бийтлзийн дуулдаг шиг толгодын цаанаас шинэ өглөөний нар мандаж байна. Итгэл найдвар дуусах болоогүйг, шарх бүхэн эдгэрдэг гэдгийг, хүчтэй байхыг сануулдаг болохоор өглөөний наранд хичнээн дуртай вэ! "Нар" нэртэй од минь талархдаг шүү!
Тавдугаар сар гэхэд аль хэдийн ногоорчихсон байгаль дэлхий! Өмнө минь урт зам цэлийнэ. Зарим нэгний хувьд алга урвуулахын төдийд туулчих зай байж болох ч миний л хувьд ихэд урт харагдсан даа. Хот бүхэлдээ нойрсож ахуйд нойроо харамлан унтаад үлдчихэлгүй ийш ирсэндээ өөртөө, хамт явахыг уриалсан гэрэлтэй хүмүүст, нойроо хугаслаж намайг сэрээсэн ээждээ, жижигхэн хэдий ч "шийдвэрийг" минь дэмжиж, хотоос холдохгүй ч сайн яваад ирэхийг ерөөсөн аавдаа талархсан.
Багадаа унших дуртай байсан орос үлгэр дээр гардаг "тахиан хөлт" байшинг санагдуулам жижигхэн модон "оромж". Савлуур ч байж болох л доо. Угаас нууцлаг, баялаг ойг улам л ид шидийн мэт харагдуулах энэ байшин шууд л өөртөө намайг татсан билээ.
"...Орчлонгийн гоо сайхан гуниг үргэлж оршдогийг
Ойлгож зөвшөөх сэтгэл минь цаанаа нэг эмзэг..." гэсэн Л.Ө эгчийн шүлгийн мөртүүд номыг нь эргүүлж суухад нүдэнд тусав. Юугаараа ч юм сэтгэлд дулаахан санагдах модон гүүр... Яагаад ч юм гуниг төрүүлэх жим... Салхинд сэрчигнэх моддын навчисын чимээ, хаа нэг дуугарах ойн шувуудын дуунаас өөр чимээгүй, аниргүйд уусан алхахад өнөө л зөрчилдөөнт бодлууд хөвөрнө. Алив бүгдээс инээмсэглэл, гуниг хоёрыг зэрэг мэдэрнэ гэдэг гэхдээ дулаахан мэдрэмж юм шүү, үнэхээр!
Их ойн дунд байх автобусны буудал шиг л... Хаяао Мияазаки гуайн "Миний хөрш Тоторо" л шууд санаанд буусан даа.
Эцсийн эцэст хэн ч хэний өрсөлдөгч биш. Үнэхээр өрсөлдөгч гэж байх ёстой юм бол өөртэйгээ л өрсөлдөж, өөртэйгээ л тэмцэлдэж, өөрийгөө л танихыг, олохыг хичээх ёстой байх. Өөрийгөө ойлгоогүй, өөрийгөө таньж мэдээгүй байж хорвоо ертөнцийг таних гэдэг юу л бол. Гэтэл даан ч өөрийнхөө тухай гэхээсээ бусдын тухай мэдэмхийрэгчид дийлэнх нь байх юм. Өө гэхдээ миний эргэн тойронд харин "Mr. All-know"-үүд тунчиг цөөхөн юм байна шүү. Гэвч би ч ингэж бусдыг "хувааж", "ангилж" суухаар өөрөө л тийм байхгүй байвал болох бус уу! Өөрөөс л хамаг юм эхтэй дээ, ер нь. Шулуун зам дээр алхах үед 1500 метр гэдэг их л богинохон, хурдан туулагддаг зай атлаа өгсүүр газар амаргүй даваа байсан шүү! Гүйлтийн зам дээр 10 км гүйснээс уул руу 1 км зайнд гарах нь хамаагүй үр дүнтэй бөгөөд таатай юм аа гэж бодогдов.
Замд нэлээн олон хэрэмтэй тааралдсан ч дуранд маань "өртсөн" ганц хэрэм! Манай хотын "нүүрэмгий" тагтаануудыг бодоход хамаагүй "ичимхий", хүн гэгч сонин "амьтан"-аас зугтаад мод руугаа гарчихаж байсан нь харин ч их хөөрхөн. Ойн амьтан ойдоо л жаргалтай гэж. Өнө удаан жил, үргэлжийн мөнхөд байгаль дэлхий, ой модоо чимээд л оршоод байгаарай, хэрэмнүүд минь!
Ногоон өнгө бол тайвшралын өнгө! Амар амгалангийн өнгө! Их хотын чимээ шуугиан дунд, дөрвөн ханан дотор амьдрах ч хэдхэн л алхамын зайд ийм гоё ногоон өнгөтэй, ийм сайхан ой байна гэдэг хичнээн сайхан! Нээрэн л, жаахан нүдээ нээгээд үзвэл эргэн тойронд минь гэрэлтэй зүйлс хавьгүй олон юм шүү! Сэтгэлд гэгээ нэмэх зүйлс бараг бүгдээрээ л байгаль эхийн "бүтээл" байх юм даа!
Би моддын хэд хэдэн зураг дарснаас яг одоо энд тавих боломжтой байгаа нь энэ л байна. Жилийн жилд дээшээ, дээшээ л ургах энэ модод хүн байсан бол хичнээн амгалан, намуухан хүн байх сан бол? Алдар гавьяанд тэмүүлэхгүй, эд зүйлд шунахгүй, ер юунд ч атаархахгүй, юунд ч "хошуу дүрэхгүй", хэнд ч гоморхож бас гомдоохгүй. Жилийн жилд нэг л янзаараа. Зун явж намар ирэхэд, навчис нь орхиод явахад, өвөл айлчилж, цасаар хучихад, хаврын "ачаар" дахин навчистайгаа золгохдоо, ерөөс эл бүгдийн алинд ч өнөө л төрхөөрөө! Тэгсэн атлаа юунаас ч үл хамааран ургасаар, өндийсөөр байна! Тэгээд буй байгаа тэр л төрхөөрөө хүн амьтны сэтгэлд гэрэл түгээгээд л...
Цэцэгсийг хөндөхгүй гэхдээ ихэд болгоомжтойхон чулуун дээр дамжин явсан даа. Хэн нэгний нандин сэтгэлийн илэрхийлэмж болгон өгсөн "амьд" цэцэг гурав хүрэхгүй хоногийн дараа хатаагаад хорчийдогт нь цэцгийн баглаа авах дургүй ч гэлээ чухам энэ цэцэгс л хүний сэтгэлд баясал төрүүлж чаддаг зүйлсийн нэг гэдэгтэй санал нийлнэ ээ! Тарьж ургуулан тэрийгээ "тасдаад" хэн нэгэнд бэлэглэсэн нь хатаад хогийн саванд хаягдах нь үнэн ч гэлээ байх ёстой газраа байгаа үедээ тэд "амьдарсаар" л байна. Тиймийн тул Л.Ө эгчийн бичсэн шиг би үхэх нь, чи үхэх нь, цэцэг л үлдэх нь мөн үнэн юм!
Яван явсаар оройд хүрэхэд ийм самбар байсан нь нүдэнд тод туссан. Саяхан л байгаагүй санагдана. Гал гаргаж, мод хагалж, загас барьж, хог хаяж, ан хийхийг энд хориглоно! Бидний оршин буйн үндэс болсон энэ цэнхэр гарагаа хайрлах, хэвээр нь авч үлдэх нөхцөл шалтгаан уг нь ийм л энгийн зүйлээс эхлэлтэй дээ. Хүн бүр дор бүрнээ ухамсарлахад л...
Шувууны модон энэ үүрийг харин өмнө нь огт анзаардаггүй байсан юм билээ! Их сонин. Уг нь хажуугаар нь л өнгөрч явсан юм байна билээ. Өнөөдөр гарахдаа л анзаарсан. Тэгээд утасныхаа камераар дарах аядсан хэрэг. Өмнө нь огт анзааралгүй өнөөдөр л олж харсан нь юм бүхэн өөрийн цаг хугацаатай учраас тэр биз ээ!
Өглөөний нарны дулаан гэрэл туссан ногоон ойд алхаж яваадаа үнэхээр талархахаас өөр яалтай! Кортни Лав-ын "Би эмэгтэй хүн биш. Би байгалийн хүч!" гэсэн үг бодогдоод л...
За ингээд л уулнаас бууж, миний хот харагдаж байна даа! Эмх замбараагүй шавааралдсан өндөр нам байшингууд, замын хөдөлгөөний дуусашгүй түгжрэл, хөмсгөө зангидсан хүмүүс хөврөх гудамжууд тэнд хүлээж буй... Гэлээ ч энэ хотод л би төрсөн юм болохоор, энд л амьдардаг юм болохоор хэрхэн дургүй байж чадах вэ! Бүхэл өдрийнхөө эрч хүчийг уулнаас, ууланд тусах нарнаас, гэрэлтэй хүмүүстэй ярилцсан харилцан ярианаас авчихсан болохоор буй бүхнээ тээгээд хот руугаа ороод явчихна даа л гэж бодсон шүү. Уулнаас буухад 08:21 цаг! Өглөөний мэнд, Улаанбаатар минь!
Хамгийн сүүлд, миний нэг ийм зураг байна. Зураг авахаас авахуулах дургүй, угаас өөрийгөө бус өрөөлийг авч л байхдаа баяртай байдаг ч энэ зургийг авсан гэрэлтэй хүнд үнэхээр талархсан шүү! Гэрэл зурагт хайртай боловч өөрийн минь чадвар сонирхогчоос цаашгүй гэлээ ч хийх дуртай зүйлтэй байна гэдэг сайхан мэдрэмж билээ! Тэр мэдрэмжийн төлөө би муу ч гэлээ зураг дарсаар л байх болно гэж бодож байгаа! Цаг хугацаанаас үлдэх нь ч зураг л юм!
Байгаа бүхэндээ, ерөөс бүх л зүйлд талархаж сууна! Мэдээж амьдрал оршин тогтнож буй манай гараг дээр, энэ ертөнцөд, энэ олон янзын нийгэмд, энэ цаг мөчид надтай зэрэгцэн амьдарч буй 7 тэрбум гаруй хүмүүс дунд тулгамдсан маш олон асуудал, бухимдал төрүүлэм үйл явдал хаа сайгүй бий гэдгийг мэднэ. Зурагтаа асаасан ч, интернетэд холбогдсон ч тийм л мэдээнүүд хөвөрдөг. Гэхдээ нийгмийн харанхуй бодит байдал, хөшигний цаана нуугдсан сэтгэл эмтрэм дүр зургууд, муу муухайгийн талаар ярьж, бичдэг хар мянган хүн байхад би яагаад тэдний нэг байх ёстой гэж? Гунигладаг минь, эмзэглэдэг минь, бодож бодлогоширдог минь үнэн ч амьдралын гэрэлтэй талд нь би үлдэхээр шийдсэн. Гэрэл гэгээг ярьж, гэрэл гэгээг бичиж, гэрлийн тухай бодно гэж. Гэвч энэ нь нүүрэндээ баг зүүж, худал инээмсэглэж, худал магтаж, бялдуучилж, худал хуурмагийн тухай бичнэ гэсэн үг биш билээ. Муу муухайд анхаарал хандуулалгүйгээр анзаараад харвал сайн сайхан зүйлс хавьгүй олон! Тэдгээрийг дэлгэрүүлэхэд л хувь нэмрээ оруулах юм сан, дэлгэрүүлж гийгүүлэхгүй юм гэхэд өөрөө гэрэл байх сан гэсэн бодол...
Муу муухайг ярих, бичих, анхаарах тусам идээ бээр нь улам ихэснэ үү гэхээс багасдаггүйг бүх хүмүүс ойлгож ухаарна гэж мэдээж үгүй байх. Гэхдээ тэднийг ч буруутгах аргагүй юм даа. Гэвч дахин хэлэхэд, өөрөөс л бүх юм эхтэй байдаг даа!
За ийм байна! Ууланд гарах бүртээ л яг анхных шигээ шинэхэн мэдрэмжийг авсаар л байна. Замын дунд шантармаар, ядармаар, буцчихмаар үе бишгүй бий. Гэхдээ оргил дээр гарсны дараах мэдрэмжийг юу ч гүйцэхгүй дээ! Тиймээс боломжтой л бол би ингээд ууланд гарсаар л байна гэж бодож байгаа. Бүх нийтийн амралтын өдөр болох 6 сарын 1-нийг ч бас ууланд гарч цэвэр агаар амьсгалан, хөөрхөн хүмүүстэй эхлүүлсэндээ тун их талархаж байгаа! Чин сэтгэлээсээ л талархмаар, баярламаар санагдаад байх...
Нэмж хэлэхэд: Энэхүү бичвэрийн нэрийг "Уулаар 'явагчийн' тэмдэглэл" гэсний учир нь Японы алдарт зохиолч Ясүнари Кавабата гуайн "Изүгээр явагч бүсгүй" туужийнх нь нэр гэнэт сэтгэлд бодогдсоных юм.
Бүгдэд нь инээмсэглэл хүсье! Ингээд л ахин нэг хуучин мөртөө шинэ сар бидний амьдралд айлчилж байна! Дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй!
Хүүхэд бүрийн хувьд өдөр бүхэн нь зургадугаар сарын нэгэн шиг инээмсэглэлтэй байг!
2017.06.01. 16:54 цаг.
Монгол улс.
Цээгий.
No comments:
Post a Comment