Сэтгэл зүрхний дуучин Нэт Кинг Коул


         "Би хөгжмийн урлагийн салбарт ганц л зорилгоор "мөнгө олох"-ын тулд л ажилладаг" гэсэн "эсэргүү" үгийг хэлсэн мөртөө дуу бүрээс нь чин сэтгэл мэдрэгддэг Америкийн алдарт жазз дуучин Нэт Кинг Коул-ийн тухай энэ удаад бичихээр шийдлээ.

         Дөлгөөн харц, зөөлөн инээмсэглэл, судалтай хослол... Юугаараа ч юм, сэтгэлд ихэд ойр санагдах энэ хүний дуунуудад хичнээн дуртай вэ! Манай монголчууд "нүдэнд дулаахан" гэж их ярьдаг. Тэр үг Нэт Кинг Коулд л их тохирох мэт ээ! "Нүдэнд дулаахан" энэ хүний аялгуулаг сайхан дуунууд чихийг баясгаж, сэтгэлийг дулаацуулна. 

         Натаниэль Адамс Коулз буюу хөгжмийн ертөнцөд Нэт Кинг Коул нэрээрээ танигдсан тэрээр 1919 оны 3 сарын 17-ны өдөр Алабама мужийн Монтгомерид Эдвард Коулз, Перлина Коулз нарын хоёр дахь хүү болон мэндэлжээ. Коул багадаа сүмийн бадрал баг бишгүүр хөгжимчнөөр /орган хөгжим бөгөөд цаашид "орган" хөгжим гэе./ ажилладаг ээжээсээ орган хөгжим тоглохыг суржээ. Харин аав нь сүмийн номлогч байсан юм. Тэрээр анх 4 настайдаа Эдди Кантор, Билли Жонс зэрэг дуучдын "Тийм ээ! Бидэнд банана байхгүй." /Yes! We Have No Bananas/ хэмээх дууг дуулсан байна. 

         Монтгомерид төрсөн хэдий ч Чикагод бага насаа өнгөрүүлсэн Нэт Кинг Коул 12 настайгаасаа эхлэн албан ёсоор хөгжим сурч Иоханн Себастьян Бахаас Сергей Рахманинов хүртэл тоглосон гэдэг. Тэрээр жазз төгөлдөр хуурч болохын тулд 15-тайдаа сургуулиа орхижээ.

         1939 онд Оскар Мур, Уэсли Принц нартай нийлэн "гурвал"  хамтлаг байгуулсан бөгөөд хамтлагт нь бөмбөрчин байсангүй. Энэ үед бага багаар Нэт Кинг Коулын дуулах авьяас ил тод болж байв. Тухайн үеийн хар бараан нийгэмд тэдний хамтлаг тансаг, дээд зэргийн илэрхийлэл, уран яруугийн бэлгэдэл болж байлаа. Аавынхаа номлолуудын нэгээр хөглөгдөн 1943 онд Капитол рекордс-т 'Straighten up and Fly right' дуугаа бичүүлжээ. Тус дуу нь гарсан даруйдаа олонд түгэж, Коулын хожмынх нь их алдрын эхлэлийг тавьсан байна. 1946 онд "Зул сарын дуу" /'Christmas Song'/ гарснаар тэр сайхан хоолойгоороо алдаршсан дуучин болж эхэлжээ. 1940-өөд оны үед "Гурвал" бүрэлдэхүүнээрээ хэд хэдэн алдартай бүтээл туурвисан бөгөөд тухайлбал “It’s Only A Paper Moon”, “(I Love You) For Sentimental Reasons.” зэрэг юм. Гэхдээ 1948 он гэхэд хамгийн алдартай бүтээлүүдийнхээ нэг болох 'Nature Boy'-оор Коул хөгжмийн ертөнцөд өөрийн орон зайгаа тунхагласан билээ.

         1950 оны дундуур тэрээр кино бүтээхэд оролцох болсон бөгөөд түүний гадаад төрх, зан араншин болон дүрийнх нь хооронд асар их ялгаа байв. Тухайлбал, "Цэнхэр гардения" /'Blue gardenia'/, "Хятадын хаалга" /'China Gate'/ , Гэгээн Луис Блюз /St. Louis Blues/ зэрэг киноноос "тэр ялгаа"-г нь харж болно.

         Алдар нэрийнхээ оргил жилүүдэд түүнд зүгээр л зах зээлд л тааруулж уран бүтээл хийж байгаа мэт мэдрэмж төрдөг байсан тухай Коул ярьсан байдаг. Яг энэ үед жазз хөгжмийг шүтэн бишрэгчид Коулын гайхалтай төгөлдөр хуурын тоглолтыг болон жаззын шинэ чиглэл болох "бибоб"-ыг /bebop/ сонсохыг тулд клубуудэд зорьж очих болсон байна. Коул гайхалтай дуулдаггүй байсан бол бибобын агуу төлөөлөгчдийн нэг байх байсан нь эргэлзээгүй. Бибоб бол "хар" арьстнуудын бахархлын илэрхийлэл байсан төдийгүй "цагаан" арьстнууд л урлагийн ертөнцөд дангаар ноёлдоггүй гэдгийг батлах гэсэн Коулын уран бүтээлийн илэрхийлэл байлаа. 

         "Цагаан", "хар"-аар ялгардаг асан тухайн үеийн нийгэмд Коул арьс өнгөөр ялгаварлан гадуурхахаас үүдэлтэй үзэн ядалтын золиос ч болж байсан юм. Алабамагийн Бирмингхамд нэгэн удаа тайзан дээрээ дайралтад өртсөн байдаг. Мөн тэрээр анхны хар арьст телевизийн хөтлөгч болж байсан боловч 1957 онд тухайн нэвтрүүлгийнх нь зүгээс түүнд ивээн тэтгэгч олдоогүй гэх үндэслэлээр албан шахалтаар нэвтрүүлгээс гарж байжээ.

         Нэт Кинг Коулын баргил атлаа зөөлөн, ядах юмгүй урсах боловч зүрхний гүнээс гарах дуу хоолой нь жазз төдийгүй ерөөс хөгжмийн ертөнцийн түүхэнд тодоос тодоор "дархлагдан" үлджээ. Энэ л дуу хоолойгоороо тэр "цагаан ертөнц"-д ч хүлээн зөвшөөрөгдсөн юм. Фрэнк Синатра зэрэг ихээхэн нэр нөлөө бүхий найз нөхөдтэй байсан нь иргэний эрхийн төлөө идэвхтэй тэмцэгчийн хувиар буулт хийхэд хүргэж байсан ч Коул арьс өнгөөр ялгаварлан гадуурхах муйхарлалын үед зоригтой тэмцэгч төдийгүй бүр хамгийн доромж үед ч ихэд тэвчээртэй байсан гэдэг. Тэрээр 1965 онд уушигны хорт хавдраар нас барахынхаа өмнө Жеймс Балдвины "The Amen Corner"-т тоглохоор төлөвлөж байжээ.

         Миний л хувьд хамгийн анх "Nature boy" дууг нь олж сонсоод л "дурласан" даа! Тэгээд хэзээ хойно нь орчуулагч, яруу найрагч Б.Баясгалан эгчийн блогоос тус дууны үгийг маш гоё орчуулсан байхыг нь үзээд догдлоод л... Түүний дуунуудаас миний хамгийн дуртай дуунуудын нэг болох 'When I fall in love'-ыг нь орчуулах гэж оролдсоныгоо энд тавихыг хүслээ. Энэ дууны анхны хувилбарыг өөр хүн дуулсан боловч надад Коулын хувилбар л таалагддаг билээ.

Би дурлаваас дурлал минь үүрдийнх байх болно
Эс бөгөөс би хэзээ ч дурлахгүй.
Бужигнаж үймсэн ийм ертөнцөд
Эхлэхээсээ ч өмнө хайр дуусчих юм.
Дэндүү олон "сарны гэрэл дэх үнсэлт"
Нарны илчинд ч хүйтэн санагдана.

Чамд би сэтгэлээ өгвөөс тэр нь бүр мөсөн байх болно.
Эс бөгөөс би хэзээ ч сэтгэл алдрахгүй.
Чамд дурлах 
Эгээ л тэр мөчид надад мэдрэгдсэнтэй адил мэдрэмж
чамд ч бас төрж буйг би мэдэрнэ...

Чамд дурлах 
Эгээ л тэр агшинд надад мэдрэгдсэнтэй адил мэдрэмж
чамд ч бас төрж буйг би мэдэрнэ...


         Нэт Кинг Коулын хоолойг сонсоод л сэтгэл тавирдаг, бүр догдолдог, нүдэнд дулаахан төрхөнд нь, нүүр дүүрэн инээмсэглэлд нь автчихдаг... 

         "Бүх хөгжим гоё, жаз бүр ч гоё!" гэж Л.Өлзийтөгс эгч "Үзэхийн хязгаар" номонд нь орсон "Би юунд дуртай, юунд дургүй вэ?" эсээндээ бичсэн байсан нь тодхон санагдана. Яг тэр үгийг нь анх олж уншмагцаа л тогтоочихсон юм. Тэгээд монголын маань жазз хамтлаг болох Kush and Oyuka-гийн Оюука, Куш хоёрын FB хуудас дээр нь ихэд догдлон байж Л.Ө эгчийн энэ үгсийг эш татаад л юм бичиж байснаа мөн энэ мөчид тод санаж байна. Бүр дөрвөн жилийн өмнө юм байна шүү дээ.

         Тийм ээ, хөгжмийн ертөнцийг жазз хөгжимгүйгээр, жазз хөгжмийг харин энэ хүнгүйгээр төсөөлшгүй билээ! 

2017.01.22-нд эхлүүлчихээд орхисон байсныгаа 2017.06.14-ний 01:04 цагт дуусгав.
УБ хот.
Цээгий.

САЙНТӨРИЙН ЦЭРЭНДОЛГОР

No comments:

Post a Comment

Instagram