Үзвэр үзэхээс өмнө...


         Цойгийн 'Хайрцаг тамхи'-ийг сонсонгоо 'Чик' /Tschik/-ийг үзэхээр явах замд гунигтай хэрнээ зөөлөн, дулаахан мэдрэмж төрнө. Эргэн тойронд минь буй хүмүүсийн тухай, биднийг тойрон эргэлдэх энэ үйл явдлууд, учир шалтгаануудыг өөрийн эрхгүй гайхан бодно. Гайхах ч гэж дээ, гайхаад байх ч юу байх вэ, зүгээр тэдний тухай л бодно. 

         Эршүүд сөөнгө хоолойтой энэ залуугийн дууг ээ! Ямар ч уянгалаг хүчтэй хоолой байсан ч түүн шиг мэдрэмжийг төрүүлэхгүй. Угаас тэр цорын ганц! Гэхдээ үнэндээ бүгд л цор ганц байх л даа. Миний хувьд, түүнийг сонсдог хүмүүсийн хувьд тэр цор ганц юм, ямартай ч. 

         Миний хотод 21:14 цаг. Өдийд хичээл, ажилтай л биш, онцгой тохиолдолд үзвэр үзэхээр биш л бол гэртээ л сууж байдаг би хүссэн киногоо үзэхээр явж байна. Миний л хувьд 'ийм орой' гэрээс гарна гэдэг ховор тохиолдол учир сонин. 

         "Шөнийн" хүн ч (гэгээ тасармагц л хачин сонин бодлууд эргэлдээд, юм хийх эрч хүч, хүслээр бялхаж гардаг учраас ийн хэлэв) гэлээ шөнийн хотын амьдралд 'оролцоод' байдаг хүн биш тул өдийд гадуур гарах дуртай биш ээ. Өдрийнхөөсөө өдийд зам илүү их түгжрээд, гадуур явах хүмүүс ихэсчихдэг мэт. 

         Турк гаралтай Германы нэрт кино найруулагч Фатих Акин найруулж, гол дүрд нь Б.Ананд хэмээх монгол хүүгийн тоглосон кино. Зүгээр ч нэг кино биш, жинхэнэ 'фильм' гэсэн мэдрэмж төрөөд байсан тул зорин зорин үзэхээр явж байна даа. Уг нь номыг нь эхлээд уншъя гэж бодож байсан боловч киног үзээд таарчихлаа. Дараа нь номыг нь уншимз. 

         Энэ жилийн Алтан Хальс индепендент кино наадмын хувьд олон сонирхолтой бүтээл гарах юм шиг байсан. Миний хувьд Фатих Акины 'Чик', Элла Манжеевагийн 'Цахлай' хоёрыг л сонирхож үзэхээр шийдсэн. Уралдаант хэсгийнх нь бүтээлүүдийг ч харахыг их л хүсч байгаа ч цаг завын хувьд боломж маань энэ л юм. 

         Гэхдээ, хэт шуналтаад хэрэггүй байх, тийм ээ? Хамгийн их үзмээр байгаа хоёрыгоо л үзэж байгаа нь хангалттай л даа. Өө нээрэн, маргааш бороотой гэсэн. Энэ халууныг, энэ өдрүүдийг сайхан 'угаагаад' өгөх байх гэж найдна. 

         За, киногоо үзчихээд бичих хүсэл төрвөл бичнэ ээ! 

         2017.06.09 21:34 цаг
         УБ хот. 
         Цээгий. 

САЙНТӨРИЙН ЦЭРЭНДОЛГОР

No comments:

Post a Comment

Instagram