Чик /Tschick/


         Ганцаардвал, гуниглавал, аз жаргалгүй байвал... Залуу байгаа гэдгээ санаарай. Шинэ газар үзэж, шинэ хүмүүстэй танилцахад хангалттай цаг хугацаа байгаа шүү! - Эзра Көэниг. 

         Ямар ч элдэв гоёл, чимэг хачир хэрэггүй. Хамгийн сайхан нь бид залуу байна. "Залуу"! Айх зүйлгүй, хэн нэгнээс хараат бус, 'гэрлэлт' гэх зүйлд 'хашигдаагүй', хяссан хүслээр дүүрэн ч мөрөөдөгчид хэвээрээ, салхи шиг, гал шиг, аянга шиг, цахилгаан шиг... 

         Гэхдээ... "Залуу" байгаа гэдгээ, хоосон, зүүд зэрэглээ мэт, материалист ертөнцөд эргэлдсээр сэтгэл хөдлөлүүдтэйгээ тэмцэлдсээр дуусахад энэ үе хэтэрхий богинохон гэдгийг хэд нь мэддэг бол? Хичнээн нь ойлгодог бол? 

         Ойлгохгүй зүйлээ үзэн яддаг. Үзэн ядсан шалтгаанаа ч мэддэггүй хүмүүс. Гоё сайхан гэсэн хуурмаг ойлголтондоо өөрсдөө төөрчихөөд шоу цэнгээн, савж унатлаа бүжиглэх, хөөрхөн охин, гоё залуу, тансаг машин, том байшин, сайн дүнгээр бүгдийг төсөөлчихдөг 'залуухан' туршлагагүйчүүд. 

         Үнэндээ бид бүгд л туршлагагүй. Гэтэл яагаад ялгаатай юм бол? Яагаад зарим нь амьдралын утга учрыг ойлгохын тулд түүнээ өөрийнхөө сэтгэлээр олж мэдрэхээр их аянд гарж байхад яагаад зарим нь утга учир гээчийг ойлгосон гэж бодоод л түүндээ эргэлдээд, дөрвөн ханан дундаа амьдраад байдаг юм бол? 

         Яагаад бидний зарим нь залуухан атлаа настай өвгөд шиг байхад яагаад зарим нь яг л тэр 'тэнэгхэн' арван дөрвөн насандаа л 'байгаад' байдаг юм бол? 

         Бүгдэд гадуурхагдаж, хэнд ч үл ойлгогдож, хоосны өмнө худалч атлаа өөртөө үнэнч, бусдад үнэнч, амьдралд үнэнч орос хүү. Түүнийг 'Чик' гэж дууддаг. 

         Архинд донтсон ээж, мөнгөтэй атал 'ядуу' аавтайгаа эд хогшлоор дүүрэн том байшинд амьдрах байдаг л нэг герман хүү, Майк. Ангийнхаа 'хамгийн хөөрхөн' охинд дурласан, төрсөн өдөрт нь уригдахыг хүссэн. Уригдаагүй болохоор шаналсан. Ээж нь 'гоо сайхны ферм' (архины эмчилгээг хэлж байна) рүү явчихсан. Аав нь 'залуухан' амрагтайгаа 'ажлаар' зугаалганд явчихсан.  

         Гэтэл өнөө л 'хачин' Орос хүү ирээд хулгайн, өөрийнх нь хэлснээр 'түр зээлсэн' Ладагаараа хамт явахыг урина. Ингээд л жолооны үнэмлэхгүй, насанд хүрээгүй орос, герман хоёр хөвгүүн Герман орныг хөндлөн гулд туулна. Майкийн 'нүд нээгдэж', юмсыг харах өнцөг нь ч өөрчлөгдөнө. 

         Замдаа олон сонирхолтой адал явдал, хүмүүстэй тааралдана. Гэхдээ энэ бүгдийг энд бичээд яах вэ, өөрсдөө хүсвэл үзнэ биз ээ. 

         Биднийг энд дөрвөн ханан дундах өнцгөөр бүгдийг сэтгэж, захын пацан нь сонгууль ярьж, улс төрөөр 'мэтгэлцэх' мөртөө сонгуулиа өгдөггүй, бүх зүйлийн бурууг Засгийн газар руугаа чихэх мөртөө өөрсдөө юу ч хийдэггүй, нэгнээ муулж, нөгөөдөө атаархдаг маш жижигхэн нийгэмд 'амьдрах' хооронд дэлхий ертөнц эргэлдсээр, манай гарагийн нөгөө захад амьдрал үргэлжилсээр л байна. 

         Амьдрал богинохон. Залуу нас мөд дуусна. Бид өтөлнө. Тэгээд үхнэ. Зарим нь өтлөхгүй ч байж мэднэ. Зуун жилийн дараа л цоо шинэ үеийнхэн энд оршино. 

         Хэдий зүүд боловч, хэдий хоосон боловч, дэлхий ертөнц уудам. Үзэх газар, уулзах хүмүүс хаа сайгүй! Сонсох хөгжим, үзэх 'фильм' дуусашгүй! Унших ном барагдашгүй! Урд минь хүлээх замд төгсгөл үгүй. 

         Гэхдээ бид нэг л өдөр энд анхнаасаа огт оршиж байгаагүй юм шиг л хумхийн тоос болно. Тиймийн тул, дуусчихаас нь өмнө 'амьдарч амжих' юм шүү! 

         Яг үнэндээ машин 'хулгайлж' аваад л хандсан зүгтээ явчихмаар санагдсан. Тэгээд бүр 'Лада' л олмоор санагдсан гээ! Мэдээж 'буруу' санаа өгөх кино биш л дээ. Зүгээр л хэсэг зуур орж ирсэн бодол юм. Харин энд уусалгүй өөрийгөө 'хадгалж үлдэж' чадвал, аав ээжийнхээ санааг жаахан ч атугай амраачихаад өөрийгөө, өрөөлийг, хорвоо ертөнцийг 'таних' аянд гарах юм шүү гэж бодогдсон. "Чик" шиг 'нөхөртэй' бол за тэгээд л бүр л адал явдал болох байх даа! 

         Сайн дүнтэй диплом, шилдэг их сургууль, нийгэмд тогтсон байр суур, тансаг 'хаус', үнэтэй машин, романтик хайр, олон танил нөхөд гэх зүйлсэд аз жаргал, амьдралын утга учир оршдоггүй. Тэгж ч чадахгүй. Гэхдээ аз жаргал гэдэг нь ч бас л субъектив ойлголт юм болохоор дээрх зүйлсээр л аз жаргал, хүсэл мөрөөдөл, амьдралынхаа зорилгыг тодорхойлчихдог хүмүүс олон бий. Тэднийг буруутгахгүй л дээ. Эцсийн эцэст хэн ч хэнийхээ өмнөөс хариуцлага хүлээхгүй учир хэн нь ч хэнийгээ шүүмжлээд яах вэ дээ! Гэвч, миний л хувьд эдгээр зүйлс лав биш! Яавч биш! Эндээс би өөрийгөө олохгүй. Гэхдээ би эдгээрээс ангид гэсэн үг биш. Зүгээр л эдгээрээр бодлоо хязгаарлахгүй, эдгээрт хэт автахгүй гэсэн үг. 

         Аз жаргалыг ч, утга учрыг ч эцэстээ бид дотроосоо л олдог байж мэднэ ээ. Эсвэл үүнээс бүр гүнзгий буюу бүр энгийн ч утгатай байж мэднэ. Аль нь ч байлаа гэсэн өчигдөрт шаналахгүй, ирээдүйд санаашрахгүй, зөвхөн энэ мөчийг 'мэдэрч', дараа нь бодоод инээмсэглэж чадах нандин дурсамжийг л чадах чинээгээрээ цуглуулна! 

         "Чик" надад энэ бодлыг минь улам баталж өгсөн. Арван дөрөвхөн настай ч амьдралыг 'туулчихсан' тэр хүү л надад энэ бодлыг төрүүлсэн. Гэснээс, Б.Ананд гэх хүү үнэхээр юм дуулгана аа! Бахархсан! 

         Номыг нь авч уншина, тэгж байгаад. Ямар ч кино зохиолоо гүйцдэггүйг мэдэх ч киног нь түрүүлээд үзчихсэн болохоор элдэв үнэлэмж төрсөнгүй ээ. Тэгээд ч, дулаахан мэдрэмж нь өөрөө хангалттай! Хөгжим нь бас 'янзтай'! 

         AKIFF (Altan Khalis Independent Film Festival) сайхан эхэлж байна! 

         За, 'амьдраад' байж дээ! Талархлаа, 'Чик' ээ! 

         2017.06.10 01:24 цаг. 
         УБ хот. 
         Цээгий. 

САЙНТӨРИЙН ЦЭРЭНДОЛГОР

4 comments:

  1. Ёоо янзтай! Росантик гэснээ засаарай ^-^

    ReplyDelete
  2. https://youtu.be/v4pi1LxuDHc

    ReplyDelete
  3. Mm, ази төрхтэй хүүг герман хүүгийн дүрд тоглуулсан нь зоригтой л шийдэл байна. Киног нь үзмээргүй санагдчихлаа, хэхэ.

    ReplyDelete

Instagram