Girl From the North Country by Bob Dylan.
Хил дээр нь хүчит салхи үлээсэн
Хойд нутгаар аялах бол
Тэнд амьдрах нэгэнд мэндийг минь уламжлаарай
Тэр охин нэгэн цагт миний үнэнч хайр байсан юм.
Цасан ширхэг шуурч
Гол зайрмагтсан, зун дуусах цагаар явах бол
Цадиггүй их салхинаас халхлах
Дулаан хүрмээ тэр охин өмссөн эсэхийг нь хараатахаарай.
Энгэр цээжээр нь намиран урсах
Урт үс нь хэвээр эсэхийг миний өмнөөс үзээрэй.
Эгээ л түүнийг хамгийн сайхнаар нь дурсаж явах тэмдэг
Урт үс нь хэвээр эсэхийг өмнөөс минь хараарай.
Тэр намайг ер дурсдаг болов уу?
Тоолшгүй олон удаа би ингэж хүссэн сэн
Шөнийн харанхуйд ч
Өдрийн гэгээнд ч...
Хил дээр нь хүчит салхи үлээсэн
Хойд нутгаар аялах бол
Тэнд амьдрах нэгэнд мэндийг минь уламжлаарай
Тэр охин нэгэн цагт миний үнэнч хайр байсан юм.
Нэмж хэлэхэд: Энэ дууг Боб Дилан тэртээх 1963 онд зохиожээ. Дуу бүтсэн түүх зэрэг нь Google "ах"-ын санд бэлэн байх тул энд нуршаад яах вэ. Миний хувьд өглөө сэрээд блог уншиж яваад гэнэт л Боб Диланыг сонсмоор санагдсан билээ. Бүтэн нэг цаг орноосоо босолгүй түүний л дуунуудыг сонссоор яваад энэ дуун дээр "гацаж" орхисон. Маш аялгуулаг, үг нь сэтгэлд их ойрхон байснаас тэр байж мэднэ. Бас, юугаараа ч юм Женис Жоплин эгчийн "Me and Bobby McGee"-г санагдуулам. Угаас Дилан өөрөө шүлэг бичдэг тул түүний дуунуудыг орчуулах амар биш. Гэлээ гэхдээ энэ дууны үгийг орчуулах гэж ихэд хүссэн. /Орчуулах гэхээсээ оролдсон гэх нь ононо./
Тэнэгхэн, бага залуу наснаас маань алсарч одсон он жилүүдэд бүдгэрэлгүй үлдсэн хэн нэгэн хүү, охины тухай бодлыг бүх л хүмүүс сэтгэлдээ тээж явдаг байх даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрөх юм. Гэгээн үедээ учирсан болохоор дурсамж нь ч бас гэгээнээр үлдсэн байдаг биз ээ. Харин миний хувьд, бороотой өдөр хөдөөгийн замаар явахдаа сонсох дуу мөнөөс мөн төдийгүй дуртай дууны минь плейлист энэ аялгуулаг дуучны ахин нэг дуугаар нэмэгдэв.
2017.07.21. 09:25 цаг.
УБ хот.