When we meet again...


         Хорвоогийн сайн муу, сайхан муухай бүхнийг огт голж шилэлгүй ярилцсан бидний эмх замбараагүй яриа. Ярилцагчдаас нь өөр хэн ч ойлгохооргүй үгс. Одоо бол дурсамжинд л үлдсэн миний амьдралын хэсэгхэн хугацаа. 

         Тэдний тухай дахин бичих юм гэж би ер бодоогүй дээ. Тиймээс л юм гэдэг бидний санаснаас өөр байх юм. Бичмээр санагдсан ч зуурдын тэр хүслээ сэтгэлдээ л хадгалъя гэж боддог байв. Гэхдээ ерөөс бичиж байж л энэ бүхэнд жинхнээсээ 'баяртай' гэж чадах юм байна. 

         Ингээд л бодож суух нь ээ, надад үнэхээр 'найз' байжээ! "Найз" байсан. Өнгөрсөн, ирээдүйн талаар юуг ч бодолгүй, зөвхөн сэтгэл зүрхнээсээ л бүхнээ 'уудалж' асан нандин дурсамж. Авмаар санагдах бус өгөөд л, өгөөд л баймаар санагдах сэтгэл. 

         "Найз" гэж чин зүрхнээсээ эрхэмлэн боддог асан тэр хүмүүсээс танилуудын эгнээнд 'шилжээд' хагас жил өнгөрчээ. Юу ч мөнх бус шүү дээ. Үүрдийн юм гэж үгүй болохоор энэ амьдралдаа биш юм гэхэд хэзээ нэгэн цагт бид өөр өөр замаар алхах л байсан. Гэхдээ л байгаа дээр нь үнэ цэнийг нь мэдрэх сэн гэж хэн хэн нь хичээсэн юм шүү. 

         Алив бүхэнд шалтгаан байдаг тул бидний зам салсанд ч бас учир шалтгаан бий. Учир шалтгаанаас илүүтэй зүгээр л зам салах цаг нь ч ирсэн байж мэднэ ээ. Аль нь ч байлаа гэсэн өөрсдөө хүсвэл өөр замаар алхахгүй ч байж болох л байсан. Тийм болохоор цаг хугацаа, учир шалтгаан, хөндлөнгийн аль нэг хүчин зүйлд бурууг өгөх нь утгагүй юм. 

         Нөхөрлөж асан хүмүүсээ чухам хэн бэ гэдгийг нөхөрлөл дууссаны дараа л жинхнээр нь олж хардаг гэж харин үнэн юм байна. Би тэднээс сайныг нь ч, муу муухайг нь ч харсан. Гэлээ гэхдээ сайн нь илүү юм шүү. 

         Хэн хэнийхээ амьдралаас явснаас хойш бидний эргэн тойрон дахь олон хүний зан байдал, хандах хандлага бас өөрчлөгддөг юм байна. "Тэр тэрэнтэй нийлэхээ больчихжээ" гэсэн бодол бусдад их ач холбогдолтой байдаг бололтой. Ямартай ч өөрийнхөө л хувьд олон ертөнцийг шинээр нээсэн дээ. 

         '17 - 21 насанд бид маш олон зуурдын хүмүүстэй учирдаг!' гэсэн үг саяхан олж уншиж билээ. Энэ үгтэй санал нийлж буй ч ерөөс зөвхөн энэ насны хооронд ч бус амьдрал гэдэг өөрөө түр зуурынх билээ! Гэхдээ дөнгөж төлөвшиж эхлээд, хорвоо ертөнцийг 'өөриймсөг' нүдээр харж эхэлж буй нас тул бүр ч илүүтэй 'түр зуурын' учрал олон байдаг биз ээ, энэ насанд. 

         Ямартай ч дөрвөн жилийн туршид сэтгэлд минь гэрэл болж, олон үнэтэй дурсамжуудыг үлдээснийх нь төлөө, найз гэж хэн байхыг амьдралд минь анх удаа чин зүрхэнд минь ойлгуулсны төлөө, дулаахан, дулаахан мэдрэмжүүдийг төрүүлсээр байсных нь төлөө би тэдэнд талархах учиртай юм аа! Үргэлжид талархаж, бас сайн сайхныг хүснэ. 

         Би явсан ч тэд хамтдаа үлдсэн тул сэтгэл гэхдээ арай хөнгөн. Хэн хэн нь 'явж чадахаар' хүмүүс биш тул (үнэндээ би ч явдаг биш явуулдаг нь юм) тэр 'сонин' өдрүүдэд цэг тавих гэсэндээ би явсан. Ядаж нэг нь алхам хийх хэрэгтэй шүү дээ. 

         Бороо ороод дуусч, нар гарч байхад шүхэр бариад уйлдаг уйланхай жаал шиг байхгүй гэсэндээ харамсал, гуниг бүхнээ үгүйсгэхийг хичээдэг байжээ, би. Гэхдээ одоо дахиад тэгэхгүй. Энэ мэдрэмжүүдээс ахин би зугтахгүй. Мэдрэгдэж буй бүхнийг хүлээн зөвшөөрөөд өнгөрсөн, ирээдүйн талаар санаашрахгүй. Харин энэ хугацаанд гуниг бүхнийг минь нимгэлэхийг хүсч асан, шинэ гэрэлтэй дурсамжуудыг бүтээлцсэн сэтгэлд минь яг энэ мөчид хамт байгаа хүмүүст маш ихэр талархаж, байгаа дээр нь хайрлах юм шүү! Өнгөрсөн дурсамжиндаа харууссаар байгаад дэргэдээ байгаа цаг мөчийг, хажууд минь байгаа сайхан хүмүүсийг би анзаараагүй байсан байна шүү дээ! Иймд үүнээс хойш дэргэд байгаа бүхнээ хайрлана аа! Энэ бодлыг төрүүлсэнд бас талархлаа, дурсамжууд минь! 

          Д.Төрмөнх ахын бичсэн шиг  'үүрдийн юм гэж үгүй болохоор бид дахиад л учирна'! Тэр нь хэзээ, хэдэн зууны дараа гэдгийг би мэдэхгүй. Гэхдээ дахин уулзахаараа ярьж дуусгаагүй тэр түүхүүдээ үргэлжлүүлэн ярьж өгнө өө! Тэр болтол өөр өөрийн замаараа гэрэл гэгээг түгээгээд амьдарч байгаарай, гэрэлнүүд минь! 

         Баяртай, бас баярлалаа! Маш их! 

                                    2017.07.11 20:13 
                                    УБ хот. 

САЙНТӨРИЙН ЦЭРЭНДОЛГОР

No comments:

Post a Comment

Instagram