"Мөнх бус" мэдрэмжүүддээ зориулаад...


          "Надаас сайнтай нь учирвал намайг чи мартана даа. 
           Надаас муутай нь таарвал намайг чи санана даа." - А.С.Пушкин        

         Бүх зүйл өөрчлөгддөг. Тийм ээ, тийм, бүх зүйл. Мэдээж би энд нэг янзаараа байж л байдаг материаллаг юмсыг хэлээгүй. Гэхдээ материаллаг зүйлс хүртэл хуучирч, ганддаг болохоор өөрчлөгддөг л гэсэн үг юм даа. 

         Ирж, явж л байдаг өдөр хоногууд. Санаж, мартагдаж л байдаг хүмүүс. Ерөөс сүүлдээ дасаж орхиж дээ! Гэлээ гэхдээ огтхон ч гунигтай мэдрэмж биш юм. Юмсын зүй тогтлыг зах зухаас нь бага багаар гадарладаг болж байгаа болохоор өнгөрсний тухай 'дурсамжууд' ч орж ирэх нь багасч байна. Зөвхөн 'одоо', зөвхөн 'энэ мөч'. 

         Юу ч юм бичихгүй л бол болохгүй мэт санагдаад би бичиж сууна. Энгийнээр бол зүгээр л бичмээр санагдсан хэрэг. "Алибаба"-г ч юм уу, "Мянга нэгэн шөнийн үлгэр"-ийг ч юм уу, Тазаки Цүзүрүг ч юм уу, ерөөс зүгээр л хуучин 'москвич' эсвээс 'мерседес бенз'-ийг ч юм уу санагдуулам нэгэн дөнгөж сая надад 'блогтоо юм нэмээч' гэсэн л дээ. Бичих хүсэлгүй л бол хэн ч юу ч хэлээд нэмэргүй л дээ. Тэгэхээр түүний хэлсэн үгтэй холбоотой биш ч, бичиж буй цаг хугацаа минь өөрөө түүнтэй 'холбоотой' ажээ. Гэхдээ, Хоёр давхарт 'суудаг' Карлсон минь, 'далавч'-аа гээж болохгүй юм шүү! 

         Би бодож сууна. Миний хувьд 'дурсамж' болоод үлдсэн хүмүүсийн нэгэн адил би ч тэдний хувьд 'дурсамж' л болоод үлдсэн байх даа гэж. Эсвэл магад зүгээр л 'тоос' болсон ч байж мэднэ ээ. Аль нь ч байлаа гэсэн одоо нэг их хамаатай биш шүү дээ. Гэхдээ, ер бид өөрсдийгөө хичнээн 'их юманд' боддог юм бэ! 'Тэр намайг дурсаж байгаа даа, би түүний сэтгэлд онцгой дурсамж үлдээсэн байх даа' гэж улаан цайм бодохгүй ч битүүхэн ийн найдаж, хүснэ. Утгагүй юм. Энэ хүртэл нь хамт байгаагүй мөртөө үлдээгээд одсон цаг хугацаандаа юунд эрдэнэ вэ! Над шиг, чам шиг, надаас өөр бас чамаас өөр хэн нэгэнтэй дахиад л учрах болно шүү дээ! "Өө, ийм хурдан уу", "намайг ямар хурдан мартаа вэ", "надгүйгээр сайхан л байгаа юм байна" гээд л өөр нэгэн найзтай, хүнтэй авахуулсан зургийг нь хараад гутруухан бодно. Нөхөрлөл, хайр дурлалын аль алинд ч. Өөрөө л сэтгэлдээ хайрлаад явбал болохоос бус түүний амьдралд орж ирэх нэгэнд 'зай тавьж өг'-сөн нь дээр байлгүй дээ. (Энэ үгсийг өөрийнхөө 'эго'-д бас хандан хэлж байгаа болно.)

         Явсан ч, эс явсан ч, дэргэд минь үлдсэн ч, эс үлдсэн ч, ерөөс бүгд сэтгэлдээ харуусалгүй сайхан л явбал болох нь тэр ээ! Илүүг хүсэхгүй. Би ч гэсэн харамсахгүй байх болохоор. 

         Харамсахгүй гээд дурсамж, цаг хугацаа бүхнээ үгүйсгэж байгаа юм ч биш л дээ. Харин ч алсарч одсон тэр сайхан цаг мөч бүрийн төлөө би одоо ч сайн сайхныг л бүтээх ёстой. Энэ л миний хувьд тэднийг хүндэлж байгаагийн минь илрэл, дурсамж бүрийнх нь төлөө талархаж байгаагийн минь илэрхийлэл! 

         Гэхдээ жаргалтай үедээ зовж байгаа бүхний өмнө буруутай мэт санагдан гэмших үе зөндөө. Мэдэрнэ гэдэг хичнээн хүнд билээ! 

         Өө гэхдээ нээрэн, 'жаргалтай байхыгаа л бид гоё байна гэж боддог, гэтэл үнэндээ амар амгалан байх нь л өөрөө жаргал юм, яваандаа чи өөрөө мэдэрнэ' гэж мундаг бясалгагч эгч надад хэлж билээ. 

         Эцэст нь 'шал далий' ганц асуулт. "Чи инээмсэглэж байна. Харин жаргалтай байна уу?"   

         Хариулт хэрэггүй дээ. Бичиж байгаа зүйлд минь 'төгсгөлийн үг' хэрэгтэй болсон л төдий юм. 

         2017.08.06. 02:03 цаг. 
         УБ хот. 

         (Тэгээд халуун зуны төгсгөлд '11 дүгээр сарын бороо'-г сонсох гоё биш гэж үү?) 


САЙНТӨРИЙН ЦЭРЭНДОЛГОР

No comments:

Post a Comment

Instagram