...Аль насныхаа ерөөлөөр
би энэ өглөөг зүүдтэйгээ андуурсаар л,
Аль эрт нойр сэргэснийг ч,
хувцаслаад гадагш гарснаа ч
мартан самуурсаар л,
Ахин чамайг харах гэж дэмий, нүдээ анисаар л,
Цээжилсэн ганц тарниа ид шидтэй гэж
итгэсээр л
зогсоно вэ!
- Г.А
/"Бясалгал" түүвэр, 211 дүгээр тал/
Хэлэхийг хүссэн ч үгээ залгисан. Хармаар байсан ч нүдээ аньсан. Харсан хэдий ч сэтгэлээ нуусан. Дэргэдүүр чинь алхахдаа зүрхээ дараад өнгөрсөн. Ийм ойрхон. Гэхдээ тийм алс.
Баригдахгүй хоосон атлаа дотроос төөнөх дурсамжууддаа хөглөгдөж амьдрах би. Чи миний хөг юм! Ирэх болоогүй нууцлаг өдрүүдийг гэгээнээр төсөөлж амьдрах чи. Би чиний гэрэл юм!
Бичмээр байвч үгс хүртэл надаас явчихсан саарал хоногуудад гэрэлт үгсийг харамгүй бэлэглэсэн нь чи учраас. Ярилцмаар байвч сүүдэртэйгээ үлдсэн харанхуй өдрүүдэд хань болсон нь чи учраас. Хүйтэн шөнө гал үгүй даарч суухад оч асаасан нь чи л учраас.
Ойлгуулсан бүхэн чинь чухал болохоор хожимдсон цаг хугацааг зүхэхгүй. Мэдрүүлсэн бүхэн чинь хэвээр болохоор хүрч чадаагүйдээ гомдохгүй. Сэтгэл, хайр гээчийг мэдэрдэггүй хүмүүсийн дунд хамтдаа "ганцаардсан" болохоор харамсах зүйл үлдээгүй ээ.
Учрахгүй байж болох л байсан. Ухаарахгүй, ойлгохгүй байж ч болох байсан. Учирсан ч мэдрэхгүй байж бас болох байсан. Учирсан, ойлгосон, мэдэрсэн болохоор чамтай учруулсан цаг хугацаанд үргэлж талархана. Мэдрэмж, дурсамж хоёроос өөр юм үлдээгүй ч эд өөрсдөө үнэтэй юм.
Гэмтсэн далавчаа тэмтчин зогсоход минь эдгээж өгчихөөд эргэж харалгүй ниссэн гэгээн шувуу юм, чи!
Ахин өөр шиг тань хүнтэй таарахгүй гэхэд баярлана. Бусад шиг байгаагүйд, дурлал гэх улиг болсон залхмааргүй зүйлийг хүндэтгэсэнд, хэлээгүй үгсийг минь уншиж, харуулаагүй харцыг минь ойлгосонд ахин дахин чамд талархана аа!
Дааж ядам хүнд гунигаа үүрээд үлдсэн энэ цаг хугацааг туулахдаа чиний үлдээсэн дурсамжаар сэтгэлээ дүүргэн явна. Олны хөл хүрээгүй ариун газар очих бүрдээ чиний л тухай даатган залбирна аа, би одоо.
/"Хайрын сэтгэл" (In the Mood for Love)
киног үзээд төрсөн сэтгэгдэл/
Нэмж хэлэхэд: Мэдрэмж дүүрэн гайхалтай бүтээлд тань талархлаа, Вон Кар Вай! Яруу найраг шиг хөгжим зохиосонд тань мөн баярлалаа, Шигэрү Умэбаяши!
In the Mood for Love- ene kinoog uzmeer sanagdtal bichjee. Zaaval uznee 😊
ReplyDeleteСайхан бичдэг юм байна, авьяас байна.
ReplyDeleteЯвуулсан бороонд чинь норлоо чамайг мэдрээд сайхан байна
ReplyDelete