Американогоос эхлэлтэй оюутан насны минь гэрэлт өдрүүд...


/Гэрэл зураг: Болхау зах, Португал, зурагчин Анри Картье-Брессон/

         Гэнэт нэг их сайхан Американо уумаар болох шиг. Хотын захын дүүрэгт байршилтай эмнэлэгт хэвтэж буй хүнд ямар юмных нь Американо олдох вэ, кофены мухлаг ч ойр хавьд үгүй шүү дээ. Гэхдээ оронд нь олон бодол, дурсамжаар сэтгэл дүүрчихлээ.

         Их сургуулийн оюутан болсон анхны жилээ л би кинон дээрээс хардаг кофегоо анх амсаж үзэж билээ. Нэгдүгээр курсийн намар, хичээл эхлээд удаагүй байх үед "Эрх зүйн онол" гэх хичээлийн лекцэн дээр багш нэг эсээ бичих даалгавар өгөв. Чухам ямар эсээ байсныг санадаггүй юм. "Эрх зүй гэж юу вэ?", "Хуульч гэж ямар хүнийг хэлэх вэ?" гэсэн шүү л утгатай байсан санагдана. Тухайн өдөртөө бичиж хураалгах болчихоод хаана бичихээ мэдэхгүй эргэлзэв. Сургуулийн номын санд шагайж ч үзээгүй байсан үе. Арга ч үгүй дээ, есдүгээр сарын хоёр дахь долоо хоног л байсан байх.

         Угийн зожигдуу, дотогшоо, дээрээс нь хорин нэгэн аймгаас ирсэн хэдэн арван танихгүй хүүхдүүдэд дасаагүй, тэр хэрээрээ найзтай болж амжаагүй явсан үе юм л даа. Дунд сургуулиас авахуулаад "Хороолол"/3, 4-р хорооллыг "хороолол" гэж товчлон ярьдаг билээ./-д л амьдарсан, Өргөө кинотеатраас Гандан хүртэл бол нүдээ аниад явсан ч чадахаар мөртөө хорооллоос өөр газар огт мэдэхгүй, орон нутгаас ирсэн оюутнуудаас ялгарахгүй шахуу л хүүхэд байжээ. Арван жилийн сургууль, гэр хоёр маань ердөө хоёр л зам гараад оччихоор ойрхон байсны улмаас автобусанд сууж сураагүй, гэр, сургууль, хаа ганц үзвэр үзэх, хамаатныдаа зочлохоос өөрөөр ийш тийшээ "тэнэж үзээгүй" байсан тул хотод амьдардаг нэрнээс цаашгүй л байсан аж, одоо бодоход. 

         За тэгээд эсээгээ бичих газар хайж сургуулиас гартал модон самбар дээрх хаяг нүдэнд тусав. Сургуулийн маань чанх хойно, бүр тодруулбал Бүгд Найрамдах Куб Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зүүн талд "Cafe de Amor" нэртэй, гаднаа хашаатай, модон ширээ сандалтай жижиг кафе байдаг юм. МУИС-ийн оюутнууд, ялангуяа манай сургуулийнхан тийшээ одоо ч орсоор байдаг юм билээ. Энэ жижигхэн, дулаахан кафегаас л би анх кофетэй "ойроос" танилцжээ.

         Тэр өдөр нар ээсэн, намар эртийн дулаахан өдөр байсан. Дотогш орвол бараг хүн алга. Намрын нар кафед дулаахан өнгө нэмснээс гадна кафе өөрөө сэтгэлд дотно мэдрэмж төрүүлэхүйц газар юм. Ханан дээрх цэс бичсэн самбарыг харлаа. Олон нэрний алиныг нь ч гэж ялгасангүй ээ. Хамгийн эхэнд бичсэн нэр л нүдэнд тусахад байнга уудаг аятай "Ах аа, нэг Американо!" гэж хэлснээ тод санаж байна. Хүн багатай байсан тул захиалга маань төдөлгүй бэлэн болж, "цэлийсэн хар" өнгөтэй кофегоо аваад цонхны хажуугийн булангийн ширээнд тухаллаа даа.

         Цүнхнээсээ А4-ийн хэмжээтэй бичгийн цаас, үзгийн саваа гаргаж тавьчихаад кофеноосоо балгаж үзтэл... Өөрөө ч мэдэлгүй нэг их ярвайснаа л тод санаж байна. "Чихэр хийх үү?" гэж асуухад нь "Үгүй" гэж хэлсэндээ тэгэхэд л харамсав. "Ийм гашуун муухай амттай хэрнээ ийм үнэтэй байх гэж..." гээд л учиргүй гайхширч билээ. 

         Хэдий тийм ч тэр үеэс хойш тэр газар юугаараа ч юм намайг татаад л байсан тул үргэлж биш юм гэхэд үе үе ордог болсон. Шалгалтдаа бэлдэх гээд эрт ирэх үед кафе маань нээгдсэн байдаг нь сайхан. Бага багаар бусад кофетэй ч "танилцсан". Гэвч явж явж Американо л "миний амт" байж билээ. Тэгээд л ямар ч онц гойд амтгүй, ердөө л эспрессо, ус хоёроос бүтсэн, хав хар, гашуун тэр кофег чихэргүйгээр уух дуртай болсон доо.

         Бүх мөнгөөрөө нэг аяга Американо авах гэж л ордог асан хэдий ч тэр л үеэс би өөрийн гэсэн "таашаадаг" зүйлстэй болж эхэлсэн гэж боддог. Нээрэн тэр кафед ойрд ороогүй юм байна. Нэгдүгээр курсийн дунд үеэс овоо хэдэн нөхөдтэй болсон бөгөөд тэдэнтэй хамт хаа ганц тэрхүү кафед орж хичээлээ хийцгээнэ. Ингэхдээ "оюутан" л болсон хойно хоол, зууш төдийлөн авч чадахгүйн дээр зарим нэгэн нь зөгийн балтай сүү авахаас хэтэрдэггүй байв. Тэгсэн атал хоёр, гурван цагаар сууна. Үүнээс болоод кофены мухлагийн эгч нэг удаа бидэн дээр ирээд "Та хэд ингээд юм авахгүй удаан хугацаагаар суугаад байхаар хэцүү юм, нэг их юм авахгүй бол орж ирэхгүй байсан нь дээр дээ" гэж аминчлан хэлж билээ. Тэрүүхэндээ хоорондоо "Огт юм аваагүй биш шүү дээ" гэж ярилцан гоморхоод өнгөрсөн ба дахин тийшээ хамт ороогүй юм. Гэхдээ одоо бодоход тэр эгчийн зөв байсан.

         Урлагийг таашаадаг эсхүл өөрсдөө урлагийг "бүтээдэг" хүмүүс тэнд орж, элдвийг ярилцаж, зорьж очин хоол, зуушийг нь захиалан идэх буюу ганцаараа нам гүм орчинд дуртай кофегоо уунгаа ажлаа амжуулдаг гэдгийг би гадарладаг, мэдэрдэг л байсан. Их сургуулийн нэгдүгээр ангийн юугаа ч мэдэхгүй шаагилдсан хэдэн хүүхэд ороод хамаг ширээ сандлыг нь нийлүүлж суучихаад бусдын тав тухыг алдагдуулаад байхаар таатай л байв гэж дээ. Мөн бодох нь ээ, тэр эгч биднийг юм авсангүй гэсэн утгаар бус ердөө л бусдын "тухтай бүс"-ийг алдагдуулаад байсан болохоор тэгж хэлсэн юм билээ.

         Тухайн үед "Caffe Bene", "Tom n Toms" зэрэг Франчайзын гэрээгээр орж ирсэн кофешопууд нээгдээд тун удаагүй үе байсан бөгөөд яг л "Cafe de Amor" шиг кофены мухлаг тоотой хэд байдаг, тэгээд тэр хэд нь ихэд "үнэ цэнтэй" байжээ. "Nayra" зэргээс авахуулаад. Алинд нь ч ороогүй их уджээ, ямар сонин юм бэ. Одоо кофены амт, орчин нь хэвээрээ эсэхийг мэдэхгүй. Гэхдээ үүнийг бичиж суухдаа өөртөө нэг зорилго тавив. Зорилго ч гэж дээ, хэрэгжүүлье гэвэл уг нь амархан л даа. "Төгсөхөөсөө өмнө эдгээр кафед орох юм шүү" гэж.

         Манай сургууль таван жилээр суралцдагт анхнаасаа л дуртай байсан, хэзээ ч төвөгшөөж байгаагүй. МУИС-д таван жилээр суралцдаг анги байдаг тухай сургуульд ортлоо мэддэггүй байсан даа. (Одоо ч МУИС-ийн ХЗС 5 жил гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй юм билээ.) Их сургуулийн таван жил намайг хувь хүний минь хувьд ихээр өөрчилжээ.

         Өөрийгөө бүрэн таних, олох гэдэг хэзээд хангалтгүй, энэ нас түүнд хүрэлцэхгүй гэдэг дээ. Гэлээ гэхдээ "эрэл хайгуул" байх юм бол тодорхой хэмжээнд мэдэх боломжтой байх. Ном л уншаад суух дуртай, амьд хөгжим сонсдог боловч түүнээ ил гаргадаггүй, дотогшоо, барагтай бол хүнтэй өөрөө түрүүлж очиж танилцдаггүй, өдөржин шөнөжин ямар нэг зүйлийн эргэцүүлэн түүнээ дэвтэртэйгээ хуваалцахаас хэтэрдэггүй асан охиныг их сургуулийн таван жил л өөрчилжээ. Одоо ч би бүрэн дүүрэн нээлттэй болсон гэж хэлэхгүй. Амьдрал туршаа ч ер нь тийм болохгүй байх. Гэвч харьцангуй нээлттэй болсон бөгөөд магад хамаагүй илүү "нийгэмшиж" сурсан гэвэл зохино. Угаас суралцаж буй мэргэжил маань ингэж шаардана. Азаар тэдгээр өөрчлөлт нь илүү сайхан тал руугаа байсанд талархдаг.

         Шинэ орчин, шинэ сонголт, шинэ газар бүхэн биднийг өмнөхөөс илүү нээж, олж хараагүй байснаа олж харж, магад хардаг л байсан ч анзаардаггүй асан зүйлсийг маань таниулдаг юм шиг ээ. Тиймийн учир "юм үзэж нүд тайлах" хэрэгтэйг, тэгэх тусам алив зүйлийг зөвхөн өөрийн бус өрөөлийн өнцгөөс ч харахыг хичээж, гагцхүү өөрөө л зовоод, жаргаад байна гэх ядмаг бодлоос ангижирч, бусдыг ойлгодоггүй юм гэхэд үзэл бодол, сонголтыг нь хүндэтгэн үздэгийг ойлгосон. 

         Мэдээж зөвхөн их сургууль ийм бодол төрүүлдэг гэсэн үг биш. Гэвч миний л хувьд их сургуулийн он жилүүд л ингэж бодоход хүргэжээ. Их сургуулийн он жилүүдэд танилцсан хүмүүс, уулзсан учралууд, тохиосон үйл явдлууд л...

         Монгол Улсын бүхий л нэртэй хуульч, эрдэмтэн, профессорууд хичээл ордог болохоор ч тэр юм уу, нэгдүгээр курсийн хичээлийн анхны өдрөөс л харах өнцөг, хандах хандлага маань сайхан тал руу өөрчлөгдөж, мэддэггүй зүйлээ мэдэж авах хүсэл, мэдэж авахын хэрээр юу ч мэддэггүйгээ ойлгох ухаарал дотор минь сууж эхлэх болжээ. Хаа очиж гаргасан бүтээлээ оюутнуудад "шахах" гэдэг, номыг нь худалдаж авснаар л дүн нэмэх гэдэг багш манай сургуульд байсангүй. 

         Хүний эрхэм чанар, үзэл бодлыг нь хүндэтгэн үзэх, зохиогчийн эрхийг дээдлэх, хаанаас ирсэн, хэн байхаас үл хамаарч "хүн" гэдгээр нь л хүндэлж харьцахыг багш нар маань сургаж ирсэн. Гадаадын нэр хүндтэй сургуульд магистр, докторын зэргээ хамгаалсан, түүний хажуугаар "хүн байх"-аа мартаагүй гайхалтай багш нараар хичээл заалгасандаа өөрийгөө азтайд тооцдог оо. Мөн яг биднийг элсэхийн өмнөх жилээс лекц болон хичээлийн анги танхимууддаа их засвар хийсэн тул МУИС-ийн хамгийн гоё лекцийн танхимд хичээл үздэгтээ талархаж ярьдаг сан, оюутнууд маань. 

         Жилээс жилд сургууль маань өнгө нэмсээр буй. Сургуулийн үүдээр ороход л сургуулийг маань Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимид абугайн нэрэмжит болгох тухай Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 452 дугаар Тогтоол болон "Хуульч хүн жинхэнэ хүн байх ёстой!" хэмээх түүний үгийг сийлсэн гэрэлт самбар угтана. Энэ л үгээс хичнээн олон оюутан урам авдаг бол гээд бодохоор сайхан.

         Ааш муутай сургалтын албаныхан гэдгийг нь ч аз болоход оюутны таван жилдээ харсангүй ээ. Харин саяхан МУИС-ийн бүх сургалтын алба нэгдсэн нэг байранд буюу хичээлийн II байранд байрлах болсон тул тийш очиж өөр салбар сургуулийн сургалтын алба руу андуурч ороод л, оюутнуудын ярьдаг тэр "ааш"-тай нь тулгарсан юм. Гэвч тэгэхэд л би сургуулийн маань сургалтын албаны ах эгч нар ямар уриалгахан, сайхан хүмүүс болох тухай анх удаа нухацтай бодсон доо. Саар бүхэн сайхныг илүү тодруулдаг юм хойно.

         Олонхийн "бөөгнөрөл"-д би дургүй. Мөн гадаадад харьцуулахуйц сургуульд суралцаж үзээгүй боловч Монгол Улсын боловсролын тогтолцоонд шүүмжлэлтэй ханддаг. Гэвч "их сургуулийн сургалт ийм л байх ёстой доо" гэмээр тийм сайхан сургуульд, эрдэмтэн багш нараар хичээл заалгасны ачаар "хурдан төгсөх сөн" гэх бодолгүйгээр их сургуулийн минь таван жил тун ч гэрэлтэй өнгөрчээ.

         Нэг л газраа "хадагдахаасаа" өмнө шинэ газар орноор аялж, өөр соёлтой танилцаж, бусад хүмүүсийн ертөнцөд нэвтэрч үзэх хүслийг, хорвоо ертөнц ийм уудам байхад дөрвөн хананы дунд суучихаад түүгээрээ л бүх зүйл, бүх хүнийг төлөөлүүлж, төсөөлж амьдрах хэрэггүйг, хүн бүхэн өөрийн гэсэн түүхтэйг, бүгд адилхан зовж, жаргадаг, амьдрах гэж хичээж яваа гэдгийг оюутан насны минь таван жил надад зах зухаас нь ойлгуулж, цаашдын замаа олох аяны эхэнд хөтөлсөн болохоор талархахгүй байж чаддаггүй юм.

         Арван жилийн сургууль маань хувийн өмчийн сургууль байсан ба дунджаас дээгүүр орлоготой айлын хүүхдүүд ихэнх суралцагчийн хувийг эзэлдэг, анги дүүргэлт дээд тал нь 20 хүнээс хэтрэхгүй, мөн хувь хүнийг хөгжүүлэх болоод өөрийнхөө дотор руу өнгийх боломж олгодог урлагийн талын хичээлүүд төдийлөн ордоггүй, оролт нь чанартай биш байсны улмаас сурагчид өөрсдийгөө бус өрөөлийг өөлж гоочлох, өөлөх зүйл олдохгүй бол хувь хүнийх нь эмзэг тал руу буюу дутуугийн мэдрэмж өндөр байх хэсэг рүү нь "дайралт" хийдэг байв. Мэдээж бүгд биш ч дийлэнх нь тийм байсан. Нөгөө талаас, өсвөр насны төлөвшиж амжаагүй хүүхдийн гэнэн саваагүйтэл ч байдаг л асан байх. Азаар, багш нар маань сайхан хүмүүс байсан тулдаа би хичээлээ таслахгүй явдаг байсан. Сургуулийн орчинд, бужигнасан олны дунд байх дургүй байсан ч хэнхэгдүү гэмээр сурагч байв. 

         Гэхдээ арван жилийн сургуулийнхандаа би талархдаг. Тэд л намайг өөрийнхөө дотор руу анх "өнгийхөд" хүргэж, дотоод сэтгэл амар амгалан байвал гадаад ертөнц түүнийг алдагдуулж чадахгүйг, өрөөлийг бус өөрийн үйлдлийг шүүж, цэгнэдэг байхыг, өмнөө тавьсан зорилгынхоо төлөө өөрөө л хичээх хэрэгтэйг ойлгуулсан билээ. Их сургууль харин тэр бодлуудыг улам батжуулж, сайхан тал руу нь хөтөлж, гэрэлтэй дурсамжаар дүүргэж өгсөн.

         Хэдий тийм ч энэ бүх нуршуу бичвэрийн төгсгөлд надад ийм бодол төрж байна. Хувийн буюу төрийн өмчийн, нэр хүндтэй, нэр хүндгүй сургууль байхаас үл хамаарч, ер хаана ч сурсан бай хүн өөрөө л хичээхгүй бол огт өөрчлөгдөхгүй юм байна. Муу муухайгаа жаахан ч атугай өөрчлөх гэж, хувь хүнийхээ үүднээс дэвших гэж өөрөө л хичээхгүй бол Харвардад сураад ч нэмэргүй юм. Л.Ө эгчийн нэгэнтээ "...хүн өөрөө өөрийгөө л боловсруулдаг болохоос сургуулийн сайн, мууд гол учир нь байдаггүйг сайн сургуульд сурч чадахгүй байгаадаа гутруухан явдаг олон залууд хэлмээр санагддаг. Дээд сургуульд бүр огт сурахгүй байсан ч дээгүүр амьдарч болно гэдгийг "амьдрал сайн мэднэ."" гэж бичсэн шиг. Тийм ээ, хүн л өөрөө өөрийгөө "боловсруулдаг" юм билээ.

         Байз, би уг нь үүнээс өмнө Американо л уухыг хүсэж байсан шүү дээ. Тэгсэн атал эргээд харахад өөрөө ч уншихаас залхмаар яасан нуршуу юм бичиж орхио вэ! Уншихгүй ч байж болох бичвэрийг минь энэ хүртэл уншсан хэн нэгэнд гэхдээ талархлаа илэрхийлнэ ээ! /Ямар ч зүйл дээр хэзээд "хэн нэгэн" байдаг даа./

         Одоо өмнө минь хичээлийн бүтэн нэг семестр хүлээж буй. Оюутан насны сүүлийн семестр! Тэгээд хавар айсуй... 

         Би хичээнэ ээ! Та нар ч бас хичээгээрэй!

2018.01.10 15:15 цаг.
Улаанбаатар хот.

САЙНТӨРИЙН ЦЭРЭНДОЛГОР

2 comments:

  1. Сурагч байхдаа хурдхан шиг л төгсөөд энэ яадаргаатай ахлах сургуулиас нь салж явах юмсан гэж дандаа боддог байсан хэрнээ Оюутан гэдэг нэрийг өөрийн болгочихоод тун удалгүй учиргүй ихээр 10 жилээ дурсан санаж билээ дахиад 1 өдөр ч болтугай 10 жилийнхээ хичээлдээ суух юмсан гэж бодсоор 1-р курсээ төгссөн юмдаг ха ха.Одоо би 2-р курс бараг дараа жилийн өдий хүртэл сураад л шууд ажил дээр гарна тэгсэн хэдий ч одоо хэрнэ 10 жилдээ буцаж суух хүсэл минь хэвээрээ л байна ха ха Би яг хэзээ өнгөрснөө ардаа үлдээж чадах хүн юм бол доо ха ха

    ReplyDelete
  2. Уншдаг шүү! Баярлалааа..

    ReplyDelete

Instagram