Виктор Цой: "Нар" нэртэй од...


Гэрэл зураг: 1984 он. Виктор Цой Новосибирскийн Академгородокт. Новосибирск хот дахь "Камчатка" нэртэй түүний фен клубийн гишүүний зургийн сангаас.

     "Виктор Цой" хэмээх нэрийг мэдэх хэн бүхэн "Цой амьд, тэр зүгээр л тамхилахаар гарсан!" (Цой жив, он просто вышел покурить!) гэх үгийг ч бас хэдийн сонссон биз ээ. Энэхүү бичвэрийг эхэндээ эл алдартай үгээр нэрлье гэж бодсон ч түүний "Нар нэртэй од" (Звезда по имени Солнце)хэмээх дууны нэр илүү онох юм шиг санагдав. Учир нь тэр манай гараг дээр бууж ирсэн "Нар" гэх од шиг л давтагдашгүй нэгэн байсан билээ.
     Ерөөс түүний тухай "даацтайхан" бичвэр блогтоо оруулах юм сан гэж удаан бодсон юм. Мэдээж энэ хугацаанд цаг үргэлж бодсон гэвэл худал болно. Юутай ч бодлоо хадгалж явсаар гурван жилийг өнгөрөөчихсөн гэхээр "ажил хэрэг" болгох гэж их л удав бололтой. Үүнийг бичихтэй холбогдуулаад цахим орчинд хайлт хийж үзвэл монгол хэлээр лав түүний тухай цөөнгүй нийтлэл байдаг юм байна. Мэдээж орос, англи хэл дээр бол бүхэл бүтэн ном гаргаж болохоор их мэдээлэл бий. Монгол хэл дээр хайсны учир нь нэгэнт бичигдсэнийг "давхардуулаад" яах вэ гэж бодсоных. Гэхдээ тэднийг зэрвэс гүйлгэж хараад л өнгөрсний дээр бодит хүний түүхийг өөрсдийнхөөрөө зохиож бичихгүй нь ойлгомжтой тул намтрын хувьд давхардах л байх. Угаас хэлбэрийн хувьд л өөр болохоос агуулгын хувьд бидний бодсон, бичсэн, ярьсан, бүтээсэн бүхнийг нэгэн цагт өөр нэгэн илүү сайхнаар аль хэдийн бодоод, бичээд, бүтээчихсэн байдаг даа. Цойгийн тухай бичвэл заавал уншуулаарай гэж захисан, мөн блогтоо түүний тухай бичих талаар зөвлөж асан хүмүүс минь, их зүйл бүү хүлээгээрэй. Энд ердөө л болхи орчуулга, молхи тайлбар, гагцхүү нэг хүний л сэтгэгдэл, мэдрэмж бий шүү. Ингээд хэт нуршихаас урьтаж гол хэсэгтээ оръё доо. ЖИЧ: Нийтлэл гурван гол хэсгээс бүрдэх бөгөөд нэлээд урт болохыг эрхэм уншигч танд сануулах нь зүйтэй биз ээ.

1. Намтар, уран бүтээлийн замнал, хувийн амьдрал [1]

     Виктор Робертович Цой нь Зөвлөлт Холбоот Улсын алдарт рок хөгжимчин, дуучин, гитарчин, дуу зохиогч төдийгүй домогт "Кино" хамтлагийг үүсгэн байгуулагч, гоцлол гитарчин нь байлаа. Мөн түүнчлэн кино урлагийн дэлгэцэнд "Асса" (1987, найруулагч Сергей Соловьёв), "Зүү" (1988, найруулагч Рашид Нугманов) зэрэг кинонуудаар дүрээ мөнхөлжээ.

Хүүхэд нас ба гэр бүл

     Виктор Цой 1962 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Ленинград хотноо солонгос гаралтай инженер Роберт Максимович Цой болон биеийн тамирын багш Валентина Васильевна нарын ганц хүү болон мэндэлжээ. 

Гэрэл зураг: Зүүн гар талаас түүний нагац эгч, аав, ээж, эмээ, Виктор Цой болон түүний өвөө
     
     Түүнийг долоон настайд эцэг эх нь салсан боловч тэрхүү салалт нь нэг жилийн л "настай" байжээ. Гэсэн хэдий ч тэр энэ хугацаанд ээжтэйгээ илүү дотно болсон байв. Виктор Цой багадаа ном унших дуртайн дээр зураг зурах, баримал хийх зэрэг олон талын авьяастай байсан бөгөөд тавдугаар ангидаа гитар барьж сурчээ. Хожим түүний талаар ээж нь "Би түүнд бүрэн итгэдэг байв. Авьяастай хүмүүс хэрхэн төлөвшдөгийг би ихэд сонирхдог байсан. Хамгийн гол нь, Витяг өөрийгөө нээж, авьяасаа хөгжүүлэхэд нь туслахыг хүсдэг байлаа" хэмээн бичжээ.

     Ерөнхий боловсролын сургуульд явахын хажуугаар тэрээр 1974-1977 оны хооронд урлагийн сургуульд суралцав. Багшийнх нь өгүүлснээр тэр үнэхээр зурах авьяастай байсан боловч тогтворгүй, эрс тэс хүүхэд байсан аж. "Тэр хүссэн үедээ л зурна, бүр гайхамшигтай зурна, харин хүсээгүй үед нь хүчлэх аргагүй" гэж багш нь дурссан байна.

Гэрэл зураг: Виктор Цойгийн зурсан зураг.

     Виктор 1978 онд наймдугаар ангиа төгсөөд В.А.Серовын нэрэмжит Ленинградын Урлагийн Коллеж (1992 оноос хойш тус коллежийг Н.К.Рерихийн нэрэмжит Санкт-Петербургийн Урлагийн Коллеж гэх болсон.)-д орлоо. Гэвч энд сэтгэлийн таашаал өгөх зүйл хийхгүй, төлөвлөгөөт зурагт хуудас голдуу зурах тул хөгжимд илүү шимтэн татагдах болсноор сургуулиа орхижээ. Ингээд 1979 онд СГПТУ-61 буюу Техник мэргэжлийн 61 дүгээр дунд сургууль (одоогийнхоор бол МСҮТ)-д модон сийлбэрчний ангид элссэн байна. Энэ үеэс тэрээр зөвлөлтийн домогт жүжигчин Михайл Бояарски, яруу найрагч Владимир Высоцкий болон Брюс Ли нарыг шүтэх болсон төдийгүй шүтээнээ дуурайн тулааны урлагаар хичээллэж эхлэв.

Уран бүтээлчийн замнал эхэлсэн нь

     Дээр дурдсанчлан арван жилийн сургуульд байхдаа буюу 13 настайгаасаа Максим Пашков ахлагчтай, гурван хүний бүрэлдэхүүнт "6 дугаарын өрөө" нэртэй хамтлагт тоглож эхлэн 1974-1977 оны хооронд 3 жилийн турш тус хамтлагт тогложээ. Максим Пашковын дурссанаар Виктор хөгжимд маш дуртай боловч анхандаа гитар бараг тоглож чаддаггүй байсан аж. Хөвгүүд түүнд хуучин барааны дэлгүүрээс басс гитар худалдан авч өгсөн ба "ердөө дөрөвхөн утастай" юм чинь сурахад амархан байх гэж бодож байв. Хамтлагийн гурав дахь гишүүн пионерийн бөмбөр "нүдэж", ийнхүү гурвуулаа Оззи Осбурн болон "Black Sabbath" хамтлагийн хэв маягаар хүнд рок тоглох болсон байна. Хөвгүүд маш хурдан суралцаж байлаа.

     1970-аад оны сүүлээр тэр Алексей Рыбин болон Майк Науменко (Зоопарк хамтлаг), Гахай хочит Андрей Панов нартай танилцсан бөгөөд 1970 оны сүүлч, 1980 оны эхээр Гахай хочит Андрей Панов санаачлан Зөвлөлтийн анхны панк хамтлагуудын нэг болох "Автоматические удовлетворители"-г байгуулж хамт тоглох болжээ. Тэд орон сууцны доод давхарт тоглодог байсан ба олон орон сууцны ачаар алдаршиж, Москва руу Артемий Троцкийн орон сууцанд тоглохоор хүртэл явдаг байв.

Гэрэл зураг: Виктор Цой Гахайн найзуудын хамт, хамтлагт байх үедээ.

     Ленинградад болсон нэгэн удаагийн андерграунд тоглолтын үеэр тухайн үеийн рок давалгааны удирдагч гэгддэг Борис Гребенщиков Виктор Цойг анх олж харсан гэдэг. Энэ тухай тэрээр хожим "Яг хайж, хүсэж байсан зөв дуугаа олж сонсох үед эгээ л үнэт чулуу олж нээсэн хүн хэрхэн догдлон чичирдэг билээ, түүнтэй адил мэдрэмж надад тэр үед төрсөн" хэмээн дурссан нь бий. Гребенщиков залуу хөгжимчнийг дэмжихээ амласан бөгөөд дараахан нь түүнийг Андрей Тропилло, Сергей Курёхин зэрэг олон алдартнуудтай танилцуулсан билээ.

     1981 оны зун Виктор Цой, Алексей Рыбин, Олег Валинский нар хамтран "Гарин ба гипербол" нэртэй хамтлаг байгуулж, тус жилийнхээ намар нь Лениградын рок клубийн гишүүн болсон байна. Гэтэл удалгүй Олег Валинский цэрэгт явснаар хамтлаг нэрээ "Кино" болгон өөрчлөв. 

     Нэрээ сольсны дараахан 1982 оны хавраас хамтлаг анхны цомог дээрээ ажиллаж эхэлжээ. Зун гэхэд цомог бэлэн болсон ба дуунуудын тоглох нийт хугацаа 45 минут байсан тул "45" хэмээн цомгоо нэрлэсэн гэдэг. Цомог дээр ажиллах байх үеэрээ хамтлаг Ленинградын рок клубийн фестивал дээр анх тоглосон бөгөөд бөмбөрчингүй байсан тул бөмбөрийн машинаар орлуулсан байна. 

     Тухайн жилийнхээ намар нь "Зоопарк" хамтлагийн бөмбөрчинтэй хамтран "Хавар", "Сүүлчийн баатар" зэрэг хэд хэдэн дуу бичүүлсэн боловч Цойгийн албадлагаар бичлэгийг зогсоож, цацагдалгүй үлджээ.
     
     1983 оны 2 дугаар сарын 19-нд "Кино" болон "Аквариум" хамтлагууд хамтран томоохон хэмжээний тоглолт хийсэн ба "Электричка", "Хөнгөн цагаан өргөст хэмх", "Троллейбус" зэрэг дуунууд дуулагдсан байна. Гэтэл удалгүй Юри Каспарян хамтлагт орж, Алексей Рыбин хамтлагаасаа гарчээ.

     Шинэ гитарчинтай болсны дараагаар "Камчаткийн удирдагч"  (Начальник Камчатки)цомгийн удиртгал болгож "46" цомгийг бичүүлж байсан боловч тус цомог илүү алдаршиж, бүрэн хэмжээний цомог адил үнэлэгдсэн гэдэг. 1983 оны намар Цой цэргийн албанаас зайлсхийсэн тул бүтэн нэг сар, хагасын хугацааг "Пряжкагийн" гэгддэг сэтгэцийн эмнэлэгт өнгөрүүлжээ. Эмнэлгээс гармагцаа тэр "Номхруулагч" (Транквилизатор)нэртэй дуу зохиосон гэдэг. Кино хамтлаг 1984 оны хавар Ленинградын рок клубийн хоёр дахь удаагийн фестивалд оролцож, "Гэрээ цөмийн зэвсэггүй бүс болохыг тунхаглая" (Я объявляю свой дом безъядерной зоной) нэртэй дуугаараа фестивалыг нээж, мөн энэ дуугаараа шагнал авсан төдийгүй тус оны шилдэг "дайны эсрэг" дуу хэмээгдэж байв. Түүнчлэн, 1984 онд Георгий Гурьянов хамтлагт бөмбөрчнөөр орлоо.

Алдар нэрийн оргил үе

     1984 оны зун "Кино" хамтлаг Андрей Тропиллогийн "Антроп" студид ахин Борис Гребенщиков, Сергей Курёхин нарын туслалцаатайгаар "Камчаткийн удирдагч" цомгоо бичүүлж эхлэв. Удалгүй хамтлагийн "алтан" бүрэлдэхүүн бүрэлдсэн бөгөөд тэдгээр нь Виктор Цой, Юри Каспарян, Георгий Гурьянов болон шинэ гишүүн Игорь Тихомиров нар билээ.

Гэрэл зураг: "Камчаткийн удирдагч" цомгийн хавтасны зураг

     1985 онд хамтлаг дахин "Антроп" студид "Шөнө" (Ночь) нэртэй цомгийн ажлаа эхлүүлсэн боловч шинэ дуугаралтын эрэл хайгуул зэрэг шалтгааны улмаас цомгийн явц удааширч байлаа. Тус цомгийг түр хойш нь тавиад Алексей Черригийн студид Виктор Цой долоо хоног хүрэхтэй үгүйтэй хугацаанд "Хайр биш" (Это не любовь) гэх цомог бичүүлэв. Харин "Шөнө" цомог дараахан нь 1986 оны 1 сард цацагдсан ба "Шөнийг үзлээ" (Видели ночь), "Ээж анархи" (Мама Анархия) зэрэг алдартай дуунууд нь тус цомогт бий.

     Тэр жилээ "Цусны бүлэг" (Группа крови) хэмээх цомог дээр мөн ажиллаж эхэллээ. Тэдний америк найз, алдарт хөгжим сонирхогч Жоанна Стингрей Ленинград дахь студид дөрвөн оролттой, зөөврийн "Ямаха МТ-44"-ийг авчирсан бөгөөд хөгжимчид Густавын гэрт бөөнөөрөө төвхнөж авав. Артемий Троцкийгоос эхлээд хамтлаг бүрэлдэхүүнээрээ тэнд байж, бүх л цагаа бэлтгэл хийж, ярилцаж, зураг зурж, хөгжим сонсож, шинэ дуу бичиж өнгөрүүлж байв.

     1987 онд "Цусны бүлэг" цомог гарсан нь хамтлагийг алдрын оргилд авчирсан юм. Алдар нэрийн энэхүү оргил үедээ "Кино хамтлаг" "Аквариум" болон "Алиса" хамтлагуудтай хамтран томоохон хэмжээний тоглолт хийсэн бөгөөд Орос, Беларус, Украйн зэрэг орнуудаар аялан тоглолт хийсэн билээ. Сүүлд нь 1988 онд "Нар нэртэй од" (Звезда по имени Солнце) цомог гарч, 1989 онд Юрий Айзеншпис хамтлагийн шинэ продюсер болжээ. Шинэ продюсер хэд хэдэн телевизийн бүтээл хийж, цацсанаар ЗХУ-ын өнцөг булан бүрт "Кино" хамтлагийн алдар нэр түгсэн юм.

     "Түүний бүтээлүүдэд би дуртай байсан, түүн шиг уужуу, илэн далангүй, хүнлэг зохиогчтой ярилцсан эхний мөчөөс л тэр надад таалагдаж билээ" хэмээн хожим нь Юрий Айзеншпис дурссан байдаг.

     1989 онд "Сүүлчийн баатар" (Последний герой) цомгоо Францад бичүүлэв. 1990 оны 06 дугаар сарын 24-нд Москва дахь Лужникийн цэнгэлдэх хүрээлэнд Виктор Цой болон "Кино" хамтлагийн сүүлчийн тоглолт болсон бөгөөд тоглолтын үеэр Москвад болсон зуны олимпийн 80 дугаар наадмаас хойш анх удаа олимпийн бамбарыг асаасан юм. Тус тоглолтод 64 мянган хүн цугласан гэдэг ба сүүлчийнх гэдгийг мэдсэн бол үүнээс хэд дахин илүү хүн цугларах байсан нь гарцаагүй. Тоглолтын дараахан Цой, Каспарян хоёр шинэ цомог дээрээ ажиллаж байгаа тухай ярьж байсан боловч Цойг нас барсны дараа Каспарян тус цомгоо "Хар цомог" (Черный альбом) гэж нэрлэснээ мэдэгдсэн билээ.

Хувийн амьдрал

     Виктор Цой амгалан боловч бүрэг, дотогшоо, хөндий гэмээр хүн байжээ. Александр Титов түүний тухай "тэр их биеэ барьдаг байсан, өөрийгөө илэрхийлдэггүй, хамтлаг дотроо хүртэл ичимхий" гэж дурссан байна. 
     
     1982 оны 3 дугаар сарын 5-нд найзууд дээрээ зочлох үедээ 19 настай Цой 23 настай Марианна Игоревна Родавонскатай анх танилцжээ. Тэр үед Марианна хөгжмийн амьдралаас хол, циркт ажилладаг, Мухины сургуульд (тухайн үед Санкт-Петрбургийн Улсын Урлаг, аж үйлдвэрийн их сургуулийг В.И.Мухины нэрэмжит Ленинградын урлаг, аж үйлдвэрийн дээд сургууль гэдэг байв) суралцаж, урлагийн боловсрол эзэмших хүсэлтэй нэгэн байв.
Гэрэл зураг: Виктор Цой эхнэр Марианнагийн хамт.

     Марианна тухайн үед өөрийн гоё гэх хэд хэдэн хөгжимчнийг таньдаг байсан боловч Виктор Цой үнэхээр тэс өөр нэгэн байлаа. Хожим нь Марианна номдоо "Хэт догдлолоос хавь илүү, тийм их гайхшралыг төрүүлэх зүйлийг олж сонсоно гэдэг үү! 19-хөн настай Цойгоос тийм зүйл би үнэхээр хүлээгээгүй байсан" гэж бичжээ. Тийнхүү охин Цойд болон түүний хөгжимд дурлаж, төдөлгүй циркийн ажлаа хаяснаар "Кино" хамтлагийн зохион байгуулагч, туслах ажилтан, мөн хөгжимчдийн дотны нөхөр болсон юм.          

     1984 оны хоёрдугаар сард Марианна, Виктор хоёр хуримаа хийсэн бөгөөд Борис Гребенщиков, Майк Науменко, Александр Титов, Юри Каспарян, Георгий Гурьянов (Густав) зэрэг тухайн цаг үеийн ихэнх алдартай рок хөгжимчид тэдний хуриманд оролцжээ. "Манай умгар гэрт 100 хүн ороод ирсэн дээ" хэмээн хожим нь Марианна дурсжээ. 1985 оны 8 дугаар сарын 5-нд Виктор Цойгийн ганц хүү Александр мэндэлсэн билээ.

Гэрэл зураг: Виктор Цой болон Марианна Цой нар хүү Александрын хамт.

     1987 онд тэд хоёр тийш болсон боловч албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй юм. Амьдралынхаа сүүлийн жилүүдийг Цой Москвад сэтгүүлч, кино шүүмжлэгч Наталья Разлоговатай өнгөрүүлжээ. Наталья Разлогова Цойг нас барсны дараа АНУ руу явж, тэндээ хүнтэй гэрлэсэн гэдэг. Наталья Викторын сүүлчийн хайрт хүн нь төдийгүй дотны, итгэлт анд нөхөр нь байлаа.

Гэрэл зураг: Виктор Цой Наталья Разлоговагийн хамт.

Баяртай, "Нар" нэртэй од оо!


     1990 оны 8 дугаар сарын 15-ны 12 цаг 28 минутад Виктор Цой 28 насандаа автомашины ослоор хорвоог орхисон билээ. Албан ёсны мэдээллээр бол тэр жолоо барьж явахдаа унтсанаас болж хар хөх өнгийн Москвич эсрэг урсгал руу орж, өөдөөс ирж явсан Икарус автобустай мөргөлдсөн гэдэг. Түүнийг 8 дугаар сарын 19-нд Ленинградад олон мянган шүтэн бишрэгчдийнх нь хамтаар үджээ. Виктор Цойгийн үхэл хүнд цохилт болж, шүтэн бишрэгчдийнх нь дунд амиа егүүтгэх явдал ихээр гарсан гэдэг юм билээ.



2. Виктор Цой: "Би нэгээс илүү өдрийн цаадахыг төсөөлдөггүй" 

(Ярилцлага) [2]


     Тэртээх 1989 онд "Кино" хамтлагийн ахлагч Виктор Цойтой оросын алдарт өдөр тутмын хэвлэл болох "Комсомолын үнэн" (Комсомольская правда) сонины сурвалжлагч ярилцлага хийсэн бөгөөд түүнийг мэндэлсний 55 жилийн ойгоор тус ярилцлагыг дахин нийтэлснийг чадах ядахаараа орчууллаа.

     1989 оны долдугаар сард Одесст болсон "Алтан гүнтэн" (Золотой дюк) кино наадмын үеэр миний бие энэхүү ярилцлагыг түүнээс авсан билээ. Наадамд оролцогч бүтээл "Зүү" (Игла) хэмээх киног тэр төлөөлж яваа аж. Хальсыг дэлгэцэнд тоглуулах үед хажууд байсан арван таван насны гэмээр хоёр охин баясгалантайгаар чанга хашхиралдаж 
     - "Хөөх, хар даа, Цой байна!" гэлээ. Нээлтийн дараа би Виктор дээр очсон юм.

     Сур: Алдартай рок хөгжимчин юуны учир кинонд тоглохоор болов оо? "Түйвээгч" кинонд гол дүр бүтээсэн "Алиса" хамтлагийн Кинчевийг дуурайхыг хүсэв үү?
     В.Ц: Юун түрүүнд надад сонирхолтой санагдсан. Хоёрдугаарт гэвэл, найруулагч нь залуухан хүн, бид түүнтэй эртний танилууд юм. Илүү ч бай, дутуу ч бай олонд танигдсан найруулагчийн бүтээлд би огт оролцохгүй. Кино бүтээхийн нэг хэсэг болно гэдэг миний хувьд чухал байлаа. Надаар хийлгэх гэснийг биш өөрийнхөө хүссэнийг хийнэ гэдэг.
      
     Сур: Гэхдээ сайн найруулагчид жүжигчдийг сайн захирагддаг байхыг шаарддаг шүү дээ.
     В.Ц: Үгүй дээ, бид хэн хэнийхээ үзэл бодлыг хүндэтгэж ажилласан.

     Сур: Сүүлийн үед рок соёлын төлөөлөгчид дэлгэцээр мансууруулах бодист донтох, гэмт хэрэг хийх зэрэг эрүүгийн хэргийн сэдэвтэй бүтээлүүдэд тоглож байна. ("Асса", "Түйвээгч" гэх мэт.) Харин "Зүү" киноны хувьд мансууруулах бодис наймаалагч бүлгэмийн эсрэг тэмцэж буй гол дүр гардаг. Залуу үеийнхний гол сэдэв гэгддэг болохоор энэ кинонууд тэдний амьдралыг харуулсан гэж та бодож байна уу?
     В.Ц: Зөвхөн гэмт хэргийн талаар өгүүлдэг гэж би бодохгүй байна. "Асса" кинонд би хэлбэрийн төдий дүрд тоглосон, үйл явдалтай огт хамааралгүй. "Түйвээгч"-ийг үзээгүй ч найзууд маань маш муу кино гэж байсан шүү. Харин "Зүү" бол мансууруулах бодист донтох нь хэчнээн хортой талаар гэхээсээ илүү бид өөрсдөө ямар ойворгон юм бэ гэдгийг харуулдаг. Гагцхүү мансууруулах бодисын талаар биш.
     
     Сур: Кинонд олон сонирхолтой тулаант хэсэг гардаг. Та өөрөө тоглосон уу эсвэл орлон тоглогч оролцсон уу?
     В.Ц: Би чөлөөт цагаа спортод зориулахыг хичээдэг юм. Кунфу заасан мундаг найзтай. Гэхдээ түүний хажууд миний зодолдох чадвар муу л даа. Би бэлтгэл хийх дуртай. Харамсалтай нь зарцуулах цаг ховор юм даа.

     Сур: Та бол удаан хугацааны турш албан ёсоор танигдалгүй ирсэн "андерграунд" урсгалын төлөөлөгч. Сүүлийн жилүүдэд л албан ёсоор тоглолт хийх боломжтой боллоо. Гэсэн ч энэ урсгалын олон залуус улсын хэмжээний арга хэмжээнд "ил гарахгүй" байхыг илүүд үздэг. Харин та "гэрэлтээд" өгсөн. Бүх нийтийн "өмч" болчихвол үзэгч, сонсогчид тань танаас нүүрээ буруулна гэж та айдаггүй юм уу?
     В.Ц: Бунюэль тухайн цаг үедээ иймэрхүү үг хэлсэн байдаг юм. "Кино урлаг өөрийгөө болон нөхдөө хөгжөөх гэж л оршдог" гэж. Тэгээд ч төрөөс санхүүжүүлээд, ийм том боломж олгож байна шүү дээ...

     Сур: Виктор, "Кино"-гийн бүтээл дэх "Аквариум"-ын нөлөөний талаар одоо олон хүн таныг шүүмжилж байна. Та Борис Гребенщиковын хамтлагтай хамтарч тоглолтод оролцож, мөн "Асса" кинон дээр ажилласан. Таны хувьд Гребенщиков таны бүтээлд нөлөөлсөн үү?
     В.Ц: Яах вэ, Михалков, Рязанов нартай уран бүтээлийн хувьд нэг чиглэлд яваа гэж хэлж болох юм.

     Сур: Өнөөдөр залуу үеийнхний шүтээн нь Иргэний болон Эх орны дайны баатрууд бус харин дуучид, рок хөгжимчид болоод байгааг та юу гэж боддог вэ? Тэс өөр цаг үеийнхэн бус, хоёр, гурваар л ах хүмүүс л дээ, уг нь?
     В.Ц: Үгүй ээ, ингэж харьцуулах нь өөрөө буруу гэж би боддог. Хоорондоо эрс тэс ялгаатай шүтээнүүд шүү дээ.
     
     Сур: Та хүмүүст хэт нөлөөлөхөөс айдаггүй юу?
     В.Ц: Үгүй дээ.

     Сур: Тоглолтод оролцож байхдаа үзэгч, сонсогчдодоо хүссэн бүхнээ хэлэх өөртөө итгэлтэй байдлыг та хаанаас олж авдаг вэ? 
     В.Ц: Би ярьж, тэд сонсдог. Мэдээлэл бол бодит үнэ цэн шүү дээ. Хүн бүхэн үг хэлэх эрхтэй. Хүн бүхэн сонсох, сонсохгүй байх эрхтэй.

     Сур: Одоогийнхоо нэр алдарт та яаж ханддаг вэ?
     В.Ц: Хошигнож.

     Сур: Өөрийнхөө болоод хамтлагийнхаа ирээдүйг яаж төсөөлж байна?
     В.Ц: Би нэгээс илүү өдрийн цаадахыг төлөвлөдөггүй ээ.

     Сур: Алдар хүнд чинь унаж эхэлвэл та одоо хийж байгаагаа үргэлжлүүлэх үү?
     В.Ц: Би үргэлж дуртай юмаа л хийдэг. Ирээдүйд яахаа хэлж мэдэхгүй юм. Гэхдээ дуртай юмаа л хийнэ. Амьдралдаа баримталдаг гол зарчим минь энэ юм.
         
     Сур: Юрия Флиновагийн зохиолоор Алексей Учителийн найруулсан "Рок" кинонд танд зориулсан хэсэг бий. Тэр хэсгийн зургийг авсан уурын зуух хэдийнээ алдартай болсон. Киноны зураг авалтаас хойш таны амьдралд ямар нэгэн зүйл өөрчлөгдсөн үү?
     В.Ц: Мэдээж. Одоо би мөнгө олж цагаа үрнэ гэхгүй зөвхөн хөгжмийн бэлтгэлээ хийх боломжтой болсон. Гэхдээ уурын зуух хаягдсанд л жаахан харамсдаг юм. Их дулаахан байсан даа.
     
     Сур: Танай хамтлаг дэлгэцээр үе үе гарах болж, та кинонд тоглох болсон нь цаг үе өөрчлөгдсөний сайн тал юм даа. Өөрчлөн байгуулалтад (Перестройка) хандах таны хандлага андерграундаас ил гарах боломжтой болгосон явдалд л талархах мэдрэмжээр хязгаарлагдаж байна уу даа?
     В.Ц: Энгийн иргэний хувиар одоо үе өмнөхөөсөө хамаагүй дээр гэж би  боддог. Гэхдээ энэ тогтолцоог ч бас удна гэж бодохгүй байна. Мөн бүх юм нь зүй ёсны дагуу, зөв зүйтэй гэдэгт ч итгэлтэй биш байна. Гэлээ ч би улс төрийн зүтгэлтэн биш шүү дээ.

     Сур: Таны дуунуудад хөгжим, шүлгийн аль нь илүү чухал вэ?
     В.Ц: Аль аль нь.

     Сур: Таны шүтэн бишрэгчид таны дуунуудад дуртай учраас л сонсдог гэж та хэлж байсан. Тэгвэл хамгийн алдартай дуунуудын нэг болох "Би хөнгөн цагаан өргөст хэмх тариалж байна..."-ыг аваад үзье л дээ. Таныхаар бол ердийн хүн энэ дууг өдөрт арван удаа сонсох уу? Сонслоо гэхэд юу болох вэ?
     В.Ц: Дуу хөгжимд сэтгэл санааг өргөж, хэвшмэл бодлыг өөрчилж чадах сэтгэл мэдрэмжийн таашаал гэх юм байдаг гэж боддог. Өөр юу ч байхгүй шүү дээ.

Гэрэл зураг: 1980-аад оны сүүлээр Виктор Цой болон Кино хамтлаг тайзан дээр.

     Сур: Энэ бүхэн тань цоо шинэ үзэл санаа, ойлголтыг бий болгочих вий гэж айдаггүй юм уу?
     В.Ц:  Шинэ бүхэн үргэлж хуучнаасаа хавь илүү байдаг шүү дээ.

     Сур: "Зүү" кинонд зориулж та шинэ дуу бичсэн үү?
     В.Ц: Бичиж байх үед минь тэд шинэ байлаа. Тэгээд кино гарч, дуунууд цацагдсан. Одоо хоршоонд кассетаар зарагдаж байгаа. Кинонд "Цусны бүлэг" гэх бүгд мэддэг нэг дуу болон хэний ч сонсоогүй бас нэг дуу бий. Бусад дөрвийг нь кинонд оруулаагүй.

3. Цой амьд, тэр зүгээр л тамхилахаар гарсан... [3]


     Оросын залуусын хүссэн зүйлээ бичиж, хуваалцдаг мэдээ мэдээлэл, энтертайнментын цахим хуудас болох "Пикабу" дээр нэгэн хэрэглэгч дараах бяцхан түүхийг хуваалцсаныг олон хүн уншжээ. 

     "Цахилгаан шат хүлээгээд зогсож байх үед миний хажууд нэгэн эмээ хүү хоёр мөн зогсож байсан бөгөөд юуг ч юм хоорондоо ярилцах ажээ. Гэтэл хүү ханан дээр буй үгийг "Ц О Й А М Ь Д" (Ц О Й Ж И В) хэмээн үсэглэн уншиж эхлэв. Тэгээд "Эмээ, гэхдээ Цой гэж юу гэсэн үг юм бэ?" гэв. Хана сараачиж, хулигаануудын л бичсэн зүйл гэж хэлэх байх даа гэж бодож байлаа. Гэтэл эмээ "Цой бол их авьяаслаг дуучин байсан, хорин жилийн өмнө нас барсан" гэж хэллээ. 
     Цахилгаан шат ирж, дотогш ороход ч тэдний яриа дууссангүй, "Тэр үхсэн юм бол яагаад амьд гэж бичсэн байгаа юм бэ?" гэж хүү асуулаа. Удаан бодолгүйгээр эмээ нь "Цой олон сайхан дуутай. Дуунууд нь амьдарсаар байгаа болохоор тэр ч бас амьд" хэмээн хариулсан юм. Тэгснээ тэр "Өөрчлөлтийг хүснэ" (Хочу перемен)-ийг дуулж эхлэв. Харин би буух давхартаа буугаад мөн өөртөө дуулж эхэллээ."

     Дээрхийг уншаад яагаад ч юм сэтгэл ихэд хөөрөн догдолж билээ. Эмээгийн хариулт "Цой амьд" гэх афоризм аятай болчихсон үгийн утгыг оноод тайлбарласан мэт! 
     Энд түүний хамгийн алдартай дуунуудын нэг болох "Хайрцаг тамхи" (Пачка сигарет) болон "Хөхөө" (Кукушка)дууг сонгон орчуулахыг хичээлээ.

"Хайрцаг тамхи" 
(Пачка сигарет)
Үг, ая: Виктор Цой
Хэний ч юм бэ цонхны тавцан дээр суугаад 
Харь тэнгэр өөд харлаа ч
Танил од нэг ч харагдсангүй
Тэндхийн, эндхийн бүх замаар би алхлаа ч
Эргэж хараад мөрөө олсонгүй.

Гэхдээ халаасанд хайрцаг тамхи байгаа цагт
Өнөөдөр тийм ч муу өдөр биш юм
Тэгээд зөвхөн сүүдрээ л үлдээгээд хөөрөн оддог
Мөнгөн далавчит онгоцны тасалбар байхад...

Сархадгүйгээр гэмшин суухыг хэн ч хүсэхгүй
Нүцгэн гараараа нүүрс ухахыг хэн ч хүсэхгүй
Хөгжимгүй үхэл гэдэг гоо биш болохоор
Үүнгүй бол үхэхийг би мөн хүсэхгүй ээ.

Гэхдээ халаасанд хайрцаг тамхи байгаа цагт
Өнөөдөр тийм ч муу өдөр биш юм
Тэгээд зөвхөн сүүдрээ л үлдээгээд хөөрөн оддог
Мөнгөн далавчит онгоцны тасалбар байхад...


"Хөхөө"
(Кукушка)
 Үг, ая: Виктор Цой
Миний бичээгүй дуунууд. Хэчнээн байна вэ?
Хэлээч, хөхөө минь, дуулаад өгөөч.
Хотод уу, хөдөө юу, би хаана амьдарна вэ?
Чулуу шиг хэвтэх үү эсвэл од шиг шатах уу? Од шиг.

Нар минь, над руу хараач
Нударгаа зангидсаныг минь үзээч
Дарь байвал над руу буудаач
Тэгээд л болох нь тэр...

Баларсан жимийг одоо хэн дагах билээ?
Хүчирхэг, зоригтнууд нь дайны талбарт хучигджээ
Жагсаалдаа бат зогсож асан нь л
Саруул ухаанд минь тодоор үлдэж хоцорчээ

Нар минь, над руу хараач
Нударгаа зангидсаныг минь үзээч
Дарь байвал над руу буудаач
Тэгээд л боллоо...

Хаана байна, чи одоо, эрх чөлөөний тунхаг минь?
Гэрэлт үүрийн гэгээг угтахаар хэнтэй хамт зогсоно вэ?
Хариулаач.
Чамтай хамт бол сайхан, чамгүйгээр бол онцгүй юм.
Гай зовлонгийн өмнө хүлцэн тэвчих минь л...

Нар минь, над руу хараач
Нударгаа зангидсаныг минь үзээч
Дарь байвал над руу буудаач
Тэгээд л боллоо...


4. Төгсгөлийн оронд 

     Сэтгэлийн амгалан, гэрэл гэгээг хаанаас ч юм эрэх хэрэгтэй болоход би түүний дуунуудыг сонсдог. Ямар сархад хүртэх, тамхи татах биш. Түүний дуунууд л миний хувьд "сэргээш" юм. Виктор Цой гэдэг нэрийг анх хаанаас уншсанаа, чухам яагаад сонсдог болсноо мэдэхгүй, хэлье гээд ч хэлэх шалтаг олдохгүй юм билээ. Дорнын төрх, долгиолсон үс, сөөнгө гэмээр баргил хоолой нь юутай ч их гүн сэтгэгдэл төрүүлж билээ. Их сургуульд орох гээд элсэлтийн шалгалтад бэлдэж асан нойргүй шөнүүдэд, их сургуульд орсны дараа бужигнасан олны дунд дасаж өгөлгүй ганцаардах үед түүний хоолой л надад хань болдог байсан. Одоо ч тийм. Сэтгэл хөхиүн үедээ, бусдаас нуугдаад зугтаад алга болчихмоор санагдахад, уйтгар гунигтаа автан суухад, юу ч бодогдохгүй амар тайван үеийн алинд нь ч сонссон "тэр" яг хэвээрээ байдаг!
     Тэр хорин найман насыг насалсан. Өдөр өдрөөр, жил жилээр би ч бас түүний нас руу дөхсөөр л байна. Гэхдээ бид хоёрын хийж бүтээсэн, үлдээсэн зүйлсийн хооронд асар том ялгаа бий. Түүний насан дээр очоод би юу мэдрэх бол? Юуг ч урьдаас тааж хэлэх аргагүй шүү дээ. 
     Түүний дуулж, бичиж, хүсэж явсан "эрх чөлөө"-тэй нийгэмд бид одоо амьдардаг. Гэхдээ хаалттай нийгэмд өөрийнхөө чиг шугамаас хазайлгүй амьдарч чадсан тэр л харин жинхэнэ эрх чөлөөтэй нэгэн байсан юм биш байгаа гэж боддог юм. 
     Тэр үнэхээр амьдарч асан цаг үедээ залуусын үзэл санааны гэрэлт бамбар (энэ "үзэл санааны гэрэлт бамбар" гэсэн үгийг кино зохиолч Л.Таванбаяр ахын нийтлэлээс харснаас хойш санаанд тод үлджээ) байлаа! Одоо түүний хүсдэг асан эрх чөлөөт нийгэмд бид амьдарч буй ч Виктор Цойгийн үзэл бодол хуучраагүй, харин ч илүү хүчтэй яригдах болжээ. Өсвөр насны олон охид одоо ч "Витя"-даа зориулан захидал бичсээр... 
     Магад залуу сайхан төрхөөр нь хүмүүс үүрд дурсаж яваг гэсэндээ тэр тийм эрт явчихсан байж мэднэ ээ. Гэхдээ тэр эмээгийн хэлдэг шиг түүний дуунууд амьдарсаар байгаа болохоор тэр ч бас амьд! Тэр хаа нэгтээ тамхиа татаж байгаа... 
     Цаг үе, нийгэм солигдож, хэдэн ч мянган жил өнгөрсөн Виктор Цой гэдэг нэр оросын түүхийн хуудаснаас арчигдахгүй. Цэл залуугаараа үлдсэн сайхан төрхөөрөө ч, залуусын үзэл санааны бамбар болсон дуунуудаараа ч тэр одоог хүртэл бидний дунд, бидний сэтгэл зүрхэнд амьдарсаар байх нь үнэн билээ.

     Тийм ээ, Цой амьд, тэр зүгээр л тамхилахаар гарсан...! 

02.05-наас 02.07-ны хооронд дуусгав.
2018 он.
С.Ц
___________________________________________________________________ 

Ашигласан эх сурвалж:

[1] https://uznayvse.ru/
      http://www.rosbalt.ru/
      https://vk.com/
[2] https://www.kp.ru/
[3] https://pikabu.ru
      https://www.gl5.ru/

Жич: Энэхүү нийтлэлээс бүрэн эхээр нь болон хэсэгчлэн авах бол нийтлэгчээс зөвшөөрөл авах буюу блогийн холбоосыг заавал дурдана уу!

САЙНТӨРИЙН ЦЭРЭНДОЛГОР

4 comments:

  1. Түүнийг үхэхэд хөгжим болоод хайрцаг тамхи нь хамт байсан байхаа :)

    ReplyDelete
  2. Баярлалаа, уншдаг шүү.

    ReplyDelete
  3. Гайхалтай Түүх үлдээсэн хүмүүн байна.

    ReplyDelete

Instagram