Just some random thoughts...

Гэрэл зураг: "Мондрианы гаанс ба нүдний шил", 1926 
/Унгарын гэрэл зурагчин Андре Кертес/

         Жилдээ ганц удаа тохиох "нүсэр" баяр маань ингэж нэг өндөрлөж байх шиг байна. Гэвч "айл хэсэлт" дуусаагүй, монголчуудын маань "назгайралт" талдаа л орж байх шиг ээ. Харин би нэгэн цагт Азийн цагаан дагина гэгддэг асан, одоо бол үнсэн саарал хот болсон Улаанбаатар хэмээх буйдхан хотынхоо хаа нэгтээ үүнийг бичиж сууна. 

         Хаврын тэргүүн сар гарсан ч хүйтний эрч хараахан сулраагүй, гэхдээ утаа униар багассан эл өдрүүдэд гэртээ бүгээд суух нь таатай биш ч юм шиг. Нарны ээх нь хүртэл илүү дулаахан болсныг өнөөдөр ихээр мэдрэв. Нар жаргах дөхөөд ирэхээр өрөөнд минь байгалийн хамгийн гоё өнгөнүүд бүрэлддэг болохоор өдрийн энэ л цаг мөчид, энэ үед төрдөг мэдрэмжинд хичнээн дуртай вэ! Мандах, шингэх нарыг харах үед мэдрэгдэх энэ л мэдрэмжийн төлөө зуун зуун жил амьд явмаар!

         Дээрх гэрэл зураг бол хорьдугаар зууны гайхалтай зураачдын нэг болох Голландын зураач Пит Мондрианы гаанс, нүдний шилний зураг бөгөөд Унгарын алдарт гэрэл зурагчин Андре Кертес хальснаа буулгажээ. Яагаад ч юм, дулаахан мэдрэмж төрүүлэх энэ зургийг энд ямар ч шалтгаангүй тавьсан билээ. Яг юу нь гэдгийг тодорхой хэлж боломгүй атлаа л сэтгэлийг татаад байдаг нь зөвхөн урлагт орших гайхам чанар байх даа.

         "Ёроолтой учраас сав дүүрдэг, ерөөлтэй учраас хүмүүн учирдаг" гэсэн үг ойрын гурван өдөр лав санаанаас гарсангүй. Энэ үгийг надад анх хэлсэн хүүхэд одоо дэргэд минь үгүй, гэхдээ үг нь үлджээ! Одоо дэргэд минь үгүй гээд, уулзсан, хамтдаа байсан, гэрэлтэй дурсамжуудыг бүтээлцсэн нь хангалттай гэхэд л болох атал хэлээгүй үг, хийгээгүй үйлдлүүдийнхээ төлөө үе үехэн санаа алдах л юм. Хүүхдээрээ тэр охин одоо энэ тэнгэрийн доор, хаа нэгтээ инээмсэглэлээ түгээгээд алхаж л яваа даа гэсэн бодол харин сэтгэлийг тайшруулна.

         Гэснээс өнөөдөр Даваа гараг юм байна шүү дээ. Төгсөх жилийн сүүлийн семестртээ Даваа гарагт хичээлгүй гээд бодохоор амар ч юм шиг, онцгүй ч юм шиг. Ажил, хичээл гэх завгүй, тогтмол цагийн хуваариар амьдардаг хүмүүс л Даваа гарагт дургүй, Баасан "ах"-д их дуртай байдаг байх. Гэхдээ бид өөрсдөө хүсвэл өдөр бүр Баасан гараг шиг байж болох юм байна гэдгийг харин ойлгож эхлээд байгаа шүү. 

         Цагаан сарын өдрүүдэд манай үеийнхэнд хамгийн их ирдэг асуултууд нь "Найз залуу/бүсгүй-тэй болсон уу?", "Хэзээ хүнтэй суух гэж байна?" зэрэг байдаг бололтой. Аз болоход, надаас ингэж асуудаггүйд талархмаар. Асуулаа гэхэд төвөг болохгүй боловч ийм асуултын хариу ер хэнд хэрэгтэй юм гэж бодогддог. Гэхдээ жилдээ ганц уулзах хүмүүс нээрэн үүнээс өөр юу ч ярилцах билээ дээ! Ингээд бодохоор бидний ярианы сэдэв дэндүү явцуу ажээ. Хэн нэгэн танихгүй хүнтэй уулзмагцаа гараг ертөнц, сансар огторгуй, үүх түүхийн талаар ичиж эрээлхэлгүй ярилцаж чаддаг хүмүүс тэгэхээр хичнээн гоё юм бэ дээ!

         Ганцаардлаа дүүргэж, дурлалт хүнтэй болох сон гэж хүсэхдээ бид өрөөлийг байтугай өөрийгөө ч хайрлаж чадахааргүй байдаг шүү дээ. Тийм л болохоор сүүлийн үед надад ингэж бодогдох болсон. Ядаж өөрийгөө жаахан ч атугай ойлгож, мэдэж, хайрладаг болсон цагтаа л өөр нэгнийг гэе дээ гэж. Өөрийгөө ойлгохгүй хүн яаж бусдыг ойлгох юм бэ? Өөрийгөө хайрлаж чадахгүй хүн хэрхэн бусдыг хайрлах юм бэ? Энэ бүгдийг жаахан ч атугай ойлгож мэдрээгүй цагт тэнд хайр бус ердөө л шунал, хүсэл тачаал, хайр гэж эндүүрсэн сэтгэлийн шаналал байх болно. 

         За даа, цаг хугацаа, заяа тавиланд энэ асуудлыг даатгачихаад мөрөөрөө, урдах зүйлээ хамгийн сайнаараа хийхийг хичээгээд явж байхад болно биз ээ! Ямар ч шалтгаангүйгээр бичиж эхэлсэн энэ тэмдэглэлд мөн ямар ч утга байхгүй ээ. Юухан хээхний талаар өгүүлэхийг, ямархан нэг далд санааг ойлгуулахыг ч зорьсонгүй. Жирийн үед дэвтэртээ бичдэгтэй адил эрээвэр хураавар бодлын л нийлбэр юм. 

         Урин цаг ирж байна. Миний хотод мөдхөн бороо орно. Харин тэр болтол хичээгээрэй! Би ч бас хичээх болно!

2018.02.19 17:34
УБ хот.

(Дэмьен Райс минь дээ, яаж ийм аялгуулаг байна вэ!)

САЙНТӨРИЙН ЦЭРЭНДОЛГОР

No comments:

Post a Comment

Instagram