Жич: Энэхүү дууны дүрс бичлэг нь "Sleep on The Floor", "Angela" хоёрын үргэлжлэл буюу сүүлийн хэсэг нь юм. (Тус бүр дээр дарж үзнэ үү.)
Залуухан, жүжигчин, Клеопатра байв, би.
Өмнө минь сөхрөөд гарыг минь гуйх тэр үед
Аав минь авсанд, харин би хар даашинзтай
Ямар ч төлөвлөгөө үгүй байсан болохоор хүнд байсан.
Хивсэн дээр гишгэхдээ тарьсан шавхай яг л
Эндээс чамайг явахад сэтгэл ширгэсэнтэй адил хатчихсан.
Шууд л чамтай гэрлэх байсан гэдгээ би хүлээх ёстой.
Эхнэрийг чинь зүхмээр, дэргэд минь л байж байвал амраг чинь ч болтугай болох сон.
Гэвч ингэхэд ч, тэгэхэд ч, нэг насны дурлалынхаа хувьд би дэндүү хожимджээ!
Цаг нь ирэхээр цор ганцаар, цор ганцаар, цор ганцаар үхнэ!
Дотор минь дүрэлзсэн тачаал бүхэн сүмд унтрахад
Бие махбод минь л миний ганц үнэ цэн байсан, тэр хэвээр.
Арын суудал дээр зорчиж буй
Чамайг санагдуулагч тэр үл таних хүмүүсээс
Замын хөдөлгөөн сатааруулдаг болохоор л би
хөлсний тэрэг жолооддог юм.
Гэвч үүнд, түүнд, нэг насны дурлалынхаа хувьд би дэндүү хожимджээ!
Цаг нь ирэхээр цор ганцаар, цор ганцаар, цор ганцаар үхнэ!
Бурханаас авсан бэлэг маань ердөө л төрөлт, салалт байсан ч
Зохиолоо уншиж, хувцасаа өмсөөд өөрт оногдсон дүрдээ тоглоно оо!
Таазнаас ч өндөр, Клеопатра байв, би.
Тэр бүхэн гэвч бүгд өнгөрсөнд үлдэж, салхинд туугджээ!
Одоо цагаан шаахайтай сувилагч намайг өрөөнд минь хүргэнэ.
Энд унтах ор, угаалгын өрөө,
мөн миний төгсгөл бий!
Үүнээс, түүнээс, нэг насныхаа дурлалаас ч би дахин хоцрохгүй.
Цаг нь ирэхээр би цор ганцаар, цор ганцаар, цор ганцаар үхэх болно...
Нэмж хэлэхэд: The Lumineers хамтлагийн тус Video Trilogy нь хоорондоо хэрхэн уялдсаныг дарааллаар нь үзвээс ойлгоно. Гэвч яг ч "гурвал" гэх нь зөв эсэхийг мэдэхгүй юм, үнэн хэрэгтээ тэдний "The Ballad of Cleopatra" хэмээх Клеопатра цомгийн дүрс бичлэгүүдийг нэгэн дор үзвэл нийт 5 клип бий. "Ophelia"-аар эхэлж, "My eyes"-аар дуусна. Тийм боловч энэ гурав л хоорондоо хамгийн их холбоотой нь юм.
Утга санааг нь би энд тайлбарлах илүүц биз ээ. Анзаарвал, бүгдэнд нь нэг л эмэгтэйн түүхийг өгүүлэх вий. Хэдийгээр "Cleopatra" дээр өмнөх хоёр дууны хосууд, бие давхар эмэгтэйн аль аль нь таксинд сууж байгаагаас тэднийг нэг хүн биш гэж харж болох юм шиг боловч түүний өнгөрсөн дэх дурсамж, төсөөллийг харуулах үүднээс метафор маягаар үзүүлсэн байж мэднэ.
Гурван дууны алинд ч бүсгүй төсөөллөө биелүүлдэггүй. Тэр сэтгэл зүрхээ дагаагүй. Дагахыг хүссэн ч эргэн тойрны олон шалтгаан нөхцөлд уягдсан. "Хэрвээ тэгсэн бол..." илүү жаргалтай амьдрал туулж болох байсан нь харагддаг. Гэхдээ яалтай ч билээ! Цаг хугацаа биднийг хүлээхгүй.
Хэрэгтэй гэсэн сонголтоо бус зөв гэж бодсоноо сонгохыг, хожим нь харамсахгүйн тулд одоо л шийдвэр гаргах ёстойг би эндээс мэдэрсэн. Үг хэлээгүй тусмаа илүү үнэтэй санагддаг ч гэлээ...
Очих хүсэлгүй уулзах бодолгүй ч
ороогүй цас, дуслаагүй бороо,
урсаагүй нулимс
орхиод явсан газар,
уулзалгүй удсан хүмүүс
үгүйлэгдэнэ...
- Б.Батзаяа
2018.04.14 01:14
УБ хот.