Зураг: Аавын ээжид явуулж асан ил захидал, 1988.
Зүгээр л нэг тийм гоё, захиа гэдэг зүйл 'жинхнээсээ' байдаг асан цаг үед амьдарсан бол гэх бодол үе үе төрдөг юм.
Төдийлөн их харилцаа холбоо үгүй, захиа л бичиж, захианыхаа хариуг хэдэн сар жилээр хүлээгээд л, үе үе шуудангийн өрөөгөөр эргэлдээд л.
Магад, төсөөллийн болоод учир шалтгааны дагуу бодвол, урд насандаа тэр үед амьдарч байсан ч байж мэднэ. Гэлээ гээд санах бил үү! Б.Э ахын бичиж, Нисванисын дуулдгаар эндхийн амьдрал зүүд бөгөөд эргээд хэн ч түүнийг санахгүй шүү дээ.
Гэвч би захиа бичих дуртай. Хэнд ч юм зориулаад, юуг ч юм бэ бичиж л байвал тэр нь миний 'кайф' юм даа. Өөрийн гараар, зүрхэн дэх үгсээ буулгаж байгаа тул тэр үгс үнэн байдаг. Хиймэл оюун ухаан дээр 'товшиж' буй үгсийн цаанаас төдийлөн мэдрэгддэггүй 'амьд' мэдрэмжийг гараар бичсэн захидлаас л олж харах вий.
Бидний аав ээж, эмээ өвөө нар харин захиа гэдэг зүйл ид хүмүүсийн харилцаанд 'амилж' асан тэр л цаг үед амьдарч байснаараа сайхан. Саяхан даа, арваад хоногийн өмнө аав ээж хоёрын нэг нэгэндээ бичиж асан захидлуудыг олов. Олсон ч гэж дээ, ээж л олоод надад өгсөн хэрэг л дээ. Наяад онд хойно сурч байхдаа бичилцдэг байсан захианууд нь харамсалтай нь олон удаагийн нүүдэл суудалд бага багаар орхигдсоор, ганц хоёр зурагт мэндчилгээг эс тооцвол өнөөдөр нэг нь ч үлдсэнгүй. Гэсэн хэдий ч одоогоос 15, 6 жилийн өмнө буюу намайг нэгдүгээр ангид орохоос өмнө явуулж асан зарим захидлаа олсноо өгсөн юм. 'Чамайг иймэрхүү зүйл сонирхоод байдаг болохоор чинь ээж нь олмогцоо өглөө' гэсэн.
Тэрхэн дороо задлаад уншчихвал нандин мэдрэмжүүд нь сарничих юм шиг санагдаад, барааг нь харж сэтгэлээ баясгачихаад л, тэр янзаараа бараг тав хоног явлаа. Ширээн дээр өнөөх захидлууд тавьсан байрандаа байсаар. Тэгэн тэгсээр уншмаар санагдаж, эхнэээс нь уншиж эхэллээ. Эхний цогцолборыг уншсан төдийнөө л нүдний аяга нулимсаар дүүрээд ирлээ шүү. Догдлол, инээмсэглэл, гэгээн мэдрэмж...
Тэнд огтоос уянгын халилтай үгс байгаагүй. Ердөө л хол байгаа сэтгэлт хүмүүсийн бие биедээ амьдралын тухай хүүрнэсэн энгийн үгс л байв. Гэвч тэр тусмаа л энгийн зүйлс үргэлж сэтгэлд ойр байдаг даа.
Эдгээр захиаг бичсэн цаг мөчид аав шинэ албан тушаалд томилогдоод, орон нутгийн цэргийн ангид очоод байсан үе. Ажлаа бүрэн хүлээлцсэнийх нь дараа гэрийнхэн нь очдог байв. Хилчин хүний, тэр тусмаа цэргийн хүний эхнэр байна гэдэг үү! Тушаал хаашаа, амьдрал тийшээ л. Гэвч энэ гайхалтай орны хаана ч очсон хилээ зүрхнээсээ манаж зогсох дулаан сэтгэлт цэрэг эрсээр дүүрэн байдаг тул бага насаа инээмсэглэл, хайран дунд өнгөрөөсөндөө үргэлж талархдаг аа.
Захиа бүр 'Сайн байна уу, Хайрт хань минь!' гэж эхлэх ажээ. Энд заримаас нь дурдвал,
'... 2 дахь уутанд байгаа жаахан чихрийг бид хоёр чамд тусад нь явууллаа. Чиний дуртай чихэр. Охин чинь ухаантай том охин болж байгааг чамайг явснаас хойш л мэдэрч байна. Хөдөөнийхөн бүгд сайн гэнэ лээ. Ээж Баска, Бандиа хоёртой байгаа гэсэн. Тоолуур гэсэн байна. Эд нарыг буцахаар явуулахыг бодно. ...Чамайгаа маш их санаж байна шүү. Энд шороо ихтэй, ердөө чийг унаагүй байна.
...Чамдаа эрүүл энх, ажлын амжилт хүсэж тэврэн үнсье!
Энхээ чинь!
Охин өөрөө хэлж өгөөд дараах захиаг бичүүллээ.'
'... Та ажлаа сайн хийж байгаа биз дээ? Аав аа, та наанаа биеэ сайн бодоорой. Би мөнгөө цуглуулахаараа танд явуулна аа. ... Би энд Бөөжий, Бука аниа, ээжтэйгээ гоё амьдарч байна. Аав минь байгаа бол бүр ч гоё. Та олон кино үзэж байна уу? Би олон гоё кино үзээд ээждээ туслаад маш их завгүй байна. Өнөөдөр Буд ахынд очиж Энхээтэй тоглосон.
Наана чинь цас бороо орж байна уу? Энд шороо ихтэй байна. Би наана чинь очмоор, тантайгаа хурдан уулзмаар байна. Аав аа, би сургуульд ороод гоё байна байх аа. Хичээлээ би сайн хийнэ ээ, эхлээд л нэг муухай бичих байх.
Би танд маш их хайртай шүү! Түр баяртай!'
'Сайн уу, миний хань!'
'... Маргааш эсвэл 1 дэхэд үсээ аваарай. Би энэ аппаратыг 95,000 төгрөгөөр авлаа. (Германых) Чамдаа явуулчих юм ч олддоггүй. Ганц уут чихэр явуулъя.
... Чи минь биеэ бодоорой. Бид нарт санаа зоволтгүй. Түрүүн эмч ирчихсэн байсан болохоор чамтайгаа олигтой ярьж чадсангүй.
Яарч бичлээ. ... Тэврэн үнсье!
Охин бид хоёр чинь.'
Ийм л энгийн үгсээр дүүрэн, дулаахан захианууд. Эдгээрийг уншаад хичнээн их хайран дунд өссөнөө бүр ихээр мэдрэв. Ай, сайхан байна! Өмнө нь аавын оюутан байхдаа ээжид явуулж асан 'Хайрт хань чамайгаа тэврэн үнсье!' гэх үгтэй зурагт мэндчилгээнүүдийг л харж байсан бол энэ удаад арай 'дэлгэрэнгүй'-г олсондоо олзуурхлаа. Нэг нэгнээ, бас намайг ямар их хайрладгийг нь үргэлж мэдэрдэг ч энэ захидлууд улам их 'батлав'. Тэгээд л хайрлаж өсгөсөнд талархлаа гэж тэдэндээ хэлмээр.
Итгэл, хүндлэл, хайран дунд өсгөж, хайраар л 'хүмүүжүүлсэн' болохоор нь үүнийг дааж явах их ухаан хэрэгтэй юм шүү гэж бодох. Ийм сайхан хүмүүсийн үргэлжлэл учраас би ч бас гэрэл гэгээг л түгээх учиртай юм шүү гэж бодно.
Нялуун үг, бялуурсан харилцаа миний сонирхол биш. Хундага дарс, баглаа цэцэг, лаатай үдэш ч огтоос сонин биш юм. Хэрэв эдгээрийг л 'романтик' гэж үзэх юм бол би эднээс үнэхээр харь хүн болов уу. Харин сэтгэл зүрхнээс гарсан үг энгийн атлаа үнэн байхад, тэр үгээ мэдрүүлж чадах өчүүхэн төдий үйлдэл байхад л хангалттай.
Ямартай ч аав ээж хоёрын энэ захидлуудаас л үүдээд хичнээн ч их гэрэлтэй бодол араас нь хөврөв дөө!
Тийм ээ, захиа гэдэг зүйл 'жинхнээсээ' байдаг асан тэр цаг үед би байгаагүй боловч тэд маань тэр үеийг туулсан. Туулах туулахдаа хожим нь би унших учиртай байсан гэрэлт үгсийг хадгалж үлджээ.
Ерөөс, хүнд хайртай болбол, захиа л бичнэ ээ! Л.Ө эгч ээ, цэцэгнээс гадна ҮГ үлддэг юм байна шүү!
2018.07.10 00:09 цаг.