Нүүр тулан уулзаж, үг солин ярилцаагүй ч нэг хотод, нэгэн цаг хугацаанд бид хамтдаа оршиж л байсан байх даа... Чухам хэчнээн удаа нэгнээ танилгүй зөрж өнгөрсөн бол? Уулзахын тулд дахин хэдий хэр хугацааг туулах учиртай юм бол?
Гэхдээ л бүх саад тотгор, цаг хугацааны шалгуурыг даван бид уулзсан. Анх уулзахдаа чамайг таниагүй ч дэргэд чинь үлдэхийг эрхгүй хүссэн. Азаар чи намайг "авч үлдсэн". Хөл алдам том хотод зүрхийг минь дүүргэх нь ганцхан чи! Дутуу юм юу ч үгүй баян хот гэвч чи үгүй бол би энд байж тэсэхгүй. Ингэхээр чи миний "гэр" юм!
Ачаагаа хамтдаа үүрч асан тэр өдрүүдийнх шиг дурсамжийг дахин олохгүйгээ мэднэ. Мэдэх тусмаа гуниг мэдэрнэ. Мэдрэх бүртээ талархан дурсана.
Том харагддаг байсан эл хотын гудамжууд одоо уйтай, давчуу санагдаж, алхам тутамд чамтай өнгөрүүлсэн өдрүүд сэтгэл өвтгөхөд би эндээс явсан. Гэвч бүх зүйл сэтгэл дотор л байдаг болохоор тив алгаслаа гээд чиний тухай бодол замхарсангүй. Бодол бүхэнд чи, булан тохой бүрд чиний үлдээсэн хэсгүүд.
Бидний яриа, бидний дурсамж, бидний дуунууд. Өөр хэнийг ч оруулж зүрхлэхгүй нандин орон зай!
"... Хаана, хаана би чамайг харлаа?
Инээмсэглэх чинь ихэд дотно санагдах ч
Хаана харснаа л санахгүй юм.
Өө! Зүүдэндээ үзсэн байх нь ээ!
Зүүдэндээ, зүүдэндээ чамтай би уулзсан!
Мөн байна!
Зүүдэндээ үзсэн тэр нэгэн
Чи мөн байна! ..."
хэмээн намуухан аялгуулах Тереза Тенгийн хоолой, бидний л мэдрэмжийг илэрхийлэх түүний дуунууд...
Цаг хугацаа хорвоо ертөнцийг, оршин буй бүхнийг өөрчиллөө ч мартагддаггүй учрал, бүдгэрдэггүй дурсамж гэж байдаг ажгуу. Тэгэхээс тэгэх гэсэн мэт он цаг улирах тусам тод санагдах сэтгэл.
Учрал тавилан бүхэнд ерөөл бий! (-Л.Ө-гийн үг) Амьдрах цаг хугацаандаа хэдэн ч удаа салаа замаар явсан бай уулзах хүмүүс уулздаг. Дахин дахин, эргэн эргэн бидний зам яаж ийгээд огтлолцсоор л байдаг. Үнэн үгүйг нь гэхдээ мэдэхгүй л дээ, ямартай ч би ингэж итгэдэг юм.
Тиймдээ ч, хамгийн сайхан нь, салаа замаар алхсан хойноо нэг цаг хугацаанд, нэг газраа "зөрж өнгөрсөөр" өчнөөн удаа төөрсний эцэст бид дахин учирсан. Тереза Тенгийн өнөө л намуухан дууны ачаар...
Питер Чаны найруулсан "Бараг л хайрын түүх" (Comrades: Almost a love story, 1996) киног үзээд төрсөн сэтгэгдэл. Сайхан дүр бүтээж, гэгээн мэдрэмж төрүүлснийх нь төлөө Мэгги Чун, Леон Лай нарт талархах учиртай! Мөн, хамтдаа үзэж, хамтдаа энэ нандин мэдрэмжийг "мэдэрсэн"-д баярлалаа, эрхэм хүн минь!
2018.11.09. 01:17 цаг.