Hello, Folks!


Гэрэл зураг: Буйдхан хотын маань "өвгөн" хорооллын хаа нэгтээ... 2018.09.22.

     Ахлах ангид байхад аав надад Михаил Горбачевийн "Бүх юм өөрийн цаг хугацаатай" гэх номыг бэлэглэсэн юм. Унших цаг нь болоогүй л юм байлгүй, одоог хүртэл "тогтож" уншаагүй л явна. Гэхдээ номын сангийн минь хамгийн "тод" харагдах тавиурт байх эл номын нэр үргэлж нүдэнд тусна. Одоо л энэ үг ой ухаанд минь "буух" шиг... Тийм ээ, "бүх юм өөрийн цаг хугацаатай"!

      Ерөөс энэ амьдралд суралцсаар, суралцсаар л байх аж. "Ухаантай болчихлоо гэж бодтол ухаан надаас тээр хол..." гэдэг шиг. Сэтгэл тавгүй үедээ өөрийгөө "уудалж", дотроо ажиж тайвширдаг, гаднаас бус өөрөөсөө амар амгалангийн шалтгааныг хайхыг эрмэлздэг асан би гэдэг хүн сүүлийн хэдэн сар өөрийнхөө ч мэддэггүй шинэ зан чанаруудыг нээж байна. Эсвэл шинэ юм ч бус, угаасаа дотор минь байсан нуугдмал төрхүүд байж мэднэ. Бүр эсвэл зүгээр л хувьсан өөрчлөгдөж байж ч болох юм.

      Сайн муугийн аль нь болохыг мэдэхгүй ч өөрчлөлтүүддээ нэг их тайван сэтгэлээр хандахгүй байгаагаа эхэндээ мэдэрч байв. "Тухтай бүсээсээ гарсан үед л жинхэнэ амьдрал эхэлдэг" гэдэг харин үнэн юм. Шинэ орчин, шинэ эхлэл, хувийн оройн зайд минь тохиосон шинэ үйл явдлууд... 

      Өөрийнхөө жижигхэн, зожигдуу ертөнцөд л "намуухан" оршихыг урьтал болгодог, тэрүүхэн тэндээ баясан амьдарч асан орон зайд маань гэнэт "бүхий л төрлийн" шинэ харилцаа "ороод ирэв". Угаас юм бүхэн гэнэтийн байдаг даа. Тэгэхдээ нэг нэгээрээ бус бүгд нэг дор хаалгыг минь тогшлоо шүү. Магад өмнө нь бат бэх (чухам бат бэх үгүйг мэдэхгүй юм) хана босгочихоод түүнээ нураалгахаас хулчийдаг байсан байх. Тиймээс энэ удаад би хаалгаа зоригтойгоор нээсэн. "Зоригтойгоор" гэсний учир нь ирээдүйд үүсэх ямар нэгэн үр дагавраас эмээгээгүй гэсэн үг...

        Дээрх өгүүлбэрүүдийг аль 11 сард бичээд дуусгалгүй орхисноо сая саналаа. Блогт бичилгүй яасан удсан юм! Эргээд уншиж суухад мөнх бусын үнэнийг л улам мэдрэх юм. Дурдсан гэнэтийн өөрчлөлтүүдэд дасахад жаахан хугацаа шаардагдсан ч бүх л мэдрэмж мөнх бус юм хойно, дассаан. 

        Их сургуулиа төгсөөд салбарынхаа нэлээд том, чамгүй нэр хүнд бүхий судалгааны байгууллагад ажилд орж, эхний 1 сарыг нь юу ч мэдэхгүйгээ гайхаж, шантарч, 5 жил Хууль зүйн сургуульд юу сурсан юм бол гэж өөрийгөө чамлаж, мэдэхгүй зүйлээ суралцах хүсэл төрж... Дараагийн 2 сард нь толгой өндийх завгүй ажиллаж, гэрийнхээ барааг шөнийн 12, 1-ээс хойш харахаа байж, оноос өмнө судалгаануудаа дуусгахаар ханцуй шамлаж, ажлынхантайгаа илүү ойроос танилцаж, мундаг хүмүүсээс суралцаж өнгөрөөв. 

        Мэдээж одоо ч суралцсаар л байна. Юутай ч ажилд орсон эхний 3 сар буюу туршилтын 3 сарын хугацаанд цаашид сонгосон мэргэжлээрээ ажиллах ур чадвар, мэдлэг надад байгаа эсэх, суралцсан мэргэжилдээ дуртай эсэх, үлдсэн бүх амьдралынхаа туршид энэ салбарт ажиллахад бэлэн байгаа эсэх гэсэн асуултуудыг өөрөөсөө асууж, хариултыг нь хайсан өдөр хоногууд байв. 

        Ур чадвар, мэдлэгийг бол шаргуу хичээл зүтгэлийн үр дүнд олж авч болно. Энэ бүрэн боломжтой зүйл. 1%-ийн авьяас, 99%-ийн хөдөлмөр гэх үг оргүй биш юм билээ. Суралцсан мэргэжилдээ дуртай эсэх тухайгаа харин ажилд орсон эхний 2 сард нэлээд нухацтай эргэцүүлэх шаардлага гарсан. Гэвч үнэндээ дургүй болохоор биш мэдэхгүй, чадахгүй байсандаа л шантарч байснаа ойлгосон. Үлдсэн амьдралынхаа туршид энэ салбарт ажиллахад бэлэн эсэхээ одоог хүртэл бүрэн тодорхойлоогүй л яваа ч дуртай зүйлээ хийхэд сэтгэл баяраар дүүрдгийг ажлын талбар дээр бататгаж авсан учир "бэлэн" гэж хариулах байна.

        Гэвч дээрх хугацаанд өөрийнхөө доторх "би"-г орхигдуулсан байснаа "амсхийх" завдалтай болмогцоо л ухаарч байгаа юм. Ерөөс шинээр ажилд орсон бүх л мэргэжилтнүүд тийм байдаг болов уу, ажил, хамт олондоо ээнэгших, хийж буй зүйлдээ дасах, суралцах гэсээр илүү дутуу бусад зүйлийг "хойш нь тавьчихдаг". Гэхдээ одоо бодохоор гайхах юм. Бүхэл бүтэн 3 сарын турш би хэнтэй ч уулзаагүй (гэрийнхэн, эрхэм хүнийг маань эс тооцвол), ажлын холбогдолтойгоос өөр ном уншаагүй, гадаад орчинтой харьцаагүй атлаа мөн "өөртэйгээ байх" цаг ч гаргаагүй байв. Хэдийгээр сонгосон мэргэжил маань илүүтэй зүүн тархины ажиллагаа, логик сэтгэлгээг шаарддаг боловч дотоод хүн маань баруун тархиа ажиллуулах дуртай, утга, уран зохиолд шимтэж, бүтэн өдөр "зүгээр суух"-даа баярлахаар төрлийн хүн шүү дээ. Мөн тэдгээр зүйлээс эхний гурван сар "ухамсартайгаар" түр өөрийгөө "тусгаарласан" ч тэр үед миний дотор нэг л зүйл "дутуу" байгаад байсныг анзаардаг байсан. Тэр бүх үйл явдал, мэдрэмж гэвч үүрд үргэлжлэхгүй, "мөнх бус" юм шүү гэдгийг санахыг хичээж байсандаа л харин талархдаг юм. 

       "Дассан газрын даавуу зөөлөн" гэгчээр ажилдаа, хамт олондоо, хийж буй зүйлдээ дасаад, ид ачаалалтай өдрүүдийн ард гараад ирэхээр аяндаа л эргээд хэвийн хэмнэлдээ орж эхэлсэн дээ. Харин үргэлж "албан ёсны" үг хэллэгээр бичиж, түүнээ маш нямбай "хянуулж", засварласаар байгаад мэргэжлийн үг хэллэг, найруулан бичих чадвар маань мэдэгдэм сайжирсан ч "дотроо уудлаад" бичих гэхээр үг гарахаа больчихсон байлаа. Тэгээд л магад энэ бичвэрийг оруулах гэж ингэж удсан байж мэднэ. Албаны хүрээнд хийдэг судалгаанаас ялгаатай нь мэдрэмжээ бичнэ гэдэг "албадлагаар" бүтдэг зүйл огт бишийг тэгж сайн мэдрэв. Гэвч "бичих эрдэмд суралцана" гэдэг нь ч уйгагүй оролдлого, хүчин чармайлтын дүнд төрдөг зүйл мөн. Юутай ч, энэ бүхэн ч бас мөнх бус л учраас нэг л өдөр би "зогсолтгүй" бичиж эхлэх байх. Үгүй байлаа ч яах вэ, "хувь тавилан"-д найдаад дохио, тэмдэг хүлээж суулгүй тэмдэглэлээ бичиж л байхаар шийдлээ.

      Хорвоо ертөнц, "бодит амьдрал"-тай "ойроос" танилцахаар хичээж ахуйд минь миний хотод аль хэдийн хавар иржээ. Дээр дурдсан шинэ орчин, шинэ өөрчлөлт гэдэгт хамаарах хамгийн чухал хэсэг нь ажлаас гадна "хамтдаа ганцаардаж" болохуйц нэгэнтэй учирсан явдал байлаа. Угтаа бол би өөрийгөө ойрын 4, 5 жилийн дотор хэн нэгэнтэй сэтгэл зүрхний харилцаатай болохгүй байх гэж боддог, тэр бүхэн надаас нэг л харь хөндий, хол санагддаг байв аа. Гэвч энэ амьдралд бүх юм бидний бодсоноос ихэнхдээ өөр, гэнэтийн байдаг хойно, "тэр" нэг л өдөр миний амьдралд ороод ирсэн юм. Анх танилцах үедээ ч бүх насныхаа турш хүлээсэн нэгэн маань мөн гэж ер бодоогүй сэн. Тэгээд л бодогдоогүй тусмаа сайхан ажээ. Бүх цаг хугацаагаа зөвхөн өөртөө зориулдаг, өдийг хүртэл зөвхөн өөрийгөө бодож ирсэн, нэг талаас нь харвал "хэт зожиг" эсвэл "хэт аминчхан", нөгөө талаас нь харвал "жаргалтай ганц бие эмэгтэй" ч гэж болохоор миний амьдралд тэр орж ирснээр бас л нэг дор олон зүйлд дасах хэрэгтэй болсон. Гэвч одоо би нэг зүйлийг итгэлтэй хэлж чадна. "Хамтдаа" байна гэдэг өөрөө "бүх зүйл" юм! 

     Он дамнан дуусгалгүй орхисон тэмдэглэлээ энэ хүрээд дуусгая даа. Ерөөс тэгээд энэ бүх хугацааны туршид бодогдсоор асан бодол бол "Дотоод ертөнц амгалан бол гадаад ертөнц амгалан" болох тухай билээ.

  2019.04.04. 11:35 цаг.
Улаанбаатар хот, Монгол Улс.

САЙНТӨРИЙН ЦЭРЭНДОЛГОР

No comments:

Post a Comment

Instagram