Тэрээр
Энэтхэгт бясалгал заахын тулд Бирм дэх амжилттай худалдаачны амьдралаасаа татгалзаж,
өнөөдрийн бидний мэдэх бясалгал түгэн дэлгэрэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.
С.Н.Гоенка 1986 онд. Дэлхий
даяар бясалгалын төвийг үүсгэн байгуулахаас өмнө тэр толгойн өвчнөө анагаах
зорилгоор бясалгал хийж эхэлсэн гэдэг. Массачусетс дэх Саяжи Уба Хины дурсгалын төвд.
“Анзаараагүй” (Overlooked) бол 1851
оноос хойших The Times сэтгүүлд нийтлэгдээгүй өнгөрсөн сод хүмүүсийн
гэгээн дурсгалд зориулсан цуврал юм. Төслийг анх 2018 онд эмэгтэйчүүд дээр төвлөрч
эхлүүлсэн боловч энэ жилээс цар хүрээгээ өргөжүүлж байна.
Нийтлэгч
Дэвид Гэллэс
1955 оноос Бирмийн нэр хүндтэй үйлдвэрийн
эзэн Сатьяа Нарайян Гоенкагийн толгой нь хүчтэй өвдөх болов. Ердийн анагаах
ухаан өвчнийг намжааж чадахгүй байсан тул тэр найзынхаа зөвлөснөөр бясалгалын
багшийн эрэлд гарлаа.
Тухайн үед Бирмд (одоогийн
Мьянмар) хүмүүс өдөр тутамд бясалгах нь түгээмэл бус байсан бөгөөд гол төлөв
Буддын шашны лам, хандмаа нар л идэвхтэй хийдэг байв. Гэвч Гоенка Саяжи У Ба
Хин багшаасаа 14 жилийн турш суралцаж, бясалгажээ.
Тийнхүү 1969 онд Гоенка ажил хэргээсээ татгалзан
бүтэн цагаар випашяна буюу “ажиглалт”-ын бясалгалыг заахаар Энэтхэг рүү явсан
гэдэг.
Лам, хандмаа нарт заахын оронд Гоенка өөр
шигээ энгийн хүмүүст заахыг зорьжээ. Тэр байтугай, нийгмийн давхарга, хүйсээс
үл хамааран тэр суралцагчдаа хүлээн авч байлаа.
Энэтхэг дэх түүний айлчлал Америк,
Британийн залуухан аялагчдын Дорнын оюун санаанд татагдаж асан давалгаатай
давхцсан байна. Хэдэн сарын дараа гэхэд англи хэлтэй Гоенка хожим нь өөрийн эрхээр
алдартай бясалгалын багш болсон залуухан Америкчууд зэрэг Өрнөдийнхний дунд өндөр
эрэлттэй багш болов.
“70-аад оны эхээр Өрнөдийнхөнд нээлттэй, харилцахад
амар цөөн хэдэн хүний нэг нь тэр байлаа. Өрнөдөд анхны бясалгалын багш нарын
нэгэн үе бий болоход тэр голлох үүрэг гүйцэтгэсэн билээ” хэмээн Гоенкагийн
шавь, “Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан” (Emotional Intelligence) (1995) номын зохиогч Даниел Гоулман
ярьж байна.
2013 оны Есдүгээр сарын 29-нд таалал төгсөх
үедээ Гоенка дэлхий даяар аль хэдийн 100-гаас илүү бясалгалын төвийг байгуулсан
байлаа.
Өнөөдөр бясалгал, сэрэмжийн талаар албан байгууллага,
сургууль, эмнэлэг, шоронд заах болж, энэ төрлийн цахим
хэрэглүүрийг маш олон ухаалаг утсанд суулгах болжээ.
“Түүний үлдээсэн өв агуу их. Хэрэв та өнөөдөр
сэрэмжтэй байх талаар сонирхож буй бол энэ нь Гоенкагийн л ач юм” хэмээн
Гоенкагийн 1971 оны шавь, бясалгалын багш Шэрон Шалзбэрг өгүүлэв.
НҮБ-д шашны удирдагчдын хуран цугладаг
томоохон уулзалт болох Мянганы Дэлхийн Энх тайвны Дээд хэмжээний уулзалт (Millennium World Peace
Summit)-д 2000 онд оролцохдоо тэрээр хэдийгээр өөрийнх нь заах
арга барил Буддын сургаалаас эхтэй боловч шашны хандлагыг хамгийн бага
хэмжээгээр байлгахыг хичээсэн гэдгээ дурдсан байдаг.
Тэр “Бид хүмүүсийг нэг зохион байгуулалттай
шашнаас нөгөө зохион байгуулалттай шашинд урвуулахын оронд тэдний өвчин зовлонг
аз жаргалд, уяас хүлээсийг эрх чөлөөнд, харгис хэрцгийг бодь сэтгэлд урвуулахыг
хичээх учиртай” гэсэн юм.
Гоенка
1924 оны Нэгдүгээр сарын 30-нд Бирмийн Мандалайд Энэтхэг гаралтай чинээлэг
Хиндү гэр бүлд мэндэлжээ.
Гоенка 1971 онд Энэтхэгийн Бодьгаяад.
“Бид хүн төрөлхтний өвчин зовлонг аз жаргалд, уяас хүлээсийг эрх чөлөөнд, харгис хэрцгийг бодь
сэтгэлд урвуулахыг хичээх учиртай”. Гэрэл
зургийг Билл Хиггинс.
Дэлхийн II дайны үе буюу 1942 онд
Япончууд Бирм рүү довтлоход Гоенкагийн гэр бүл Энэтхэг рүү зугтсан байна. Гэртээ
буцаж ирсний дараагаар тэр гэр бүлийнхээ бөс бараа, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн
экспортолдог холимог бизнесийг эрхлэх болжээ. Улмаар 30 насандаа Рангун (одоогийн
Янгон)-ы Худалдааны танхимын тэргүүнээр сонгогдсон аж.
Гэвч эд материалын амжилт түүнийг жаргалтай
болгосонгүй бөгөөд түргэн ууртай, аминчхан болсноо өөрөө хүлээн зөвшөөрч байв.
Бясалгаж
эхэлснээр Гоенка хэдий ламын сахил хүртээгүй ч Буддын сургаалд сүслэх болжээ.
Түүний багш У Ба Хин ч мөн Бирмийн Засгийн газрын албан хаагч, энгийн хар хүн
байв. Энэтхэг рүү нүүж, ажил хэргээсээ
завсарлага авахын өмнө Гоенка ажлынхаа хажуугаар хагас цагаар бясалгал заадаг
байсан байна. Тэр эхнэр Элайчи Дэвигийн
хамтаар зургаан хүүтэй.
Түүний шавь Салзберг багшийнхаа тухайд “Тэр
бол энгийн хар хүмүүсийн дундах үлгэр жишээ байлаа. Энэ дэлхийн үүрэг
хариуцлага бүхий амьдралаар амьдарсан ч гүн бясалгах боломжтойг тэр өөрөөрөө
үлгэрлэсэн юм” гэжээ.
Салзберг 1971 оны Нэгдүгээр сард Буддагийн
гэгээрэлд хүрсэн гэгддэг Энэтхэгийн Бодьгаяа хотод анх удаа Гоенкагийн хичээлд
суусан байна. Тэрхүү 10 хоногийн нам гүм бясалгалд түүнээс гадна хожим нөлөө
бүхий бясалгалын багш нар болсон 5 Америк хүн байсан ба тэдгээр нь Рам Дасс,
Кришна Дас, Жозеф Голдстайн, Мирабай Буш, Гоулмэн (Нью
Йорк Таймс сонинд сэтгэл хөдлөл хийгээд сэтгэлзүйн асуудлын талаар өргөн хүрээний
нийтлэл бичсэн) нар байлаа.
Гоенкагийн бясалгалын арга барил эрчимтэй бөгөөд
хатуу чанга байсан талаар Салзберг дурсав. Урт хугацааны нам нүм байдал гагцхүү
үе үе Гоенкагийн айлдвар, дууллаар түр тасалдаж байв. 10 хоногийн турш завилан
суухад хөл бадайрах, хөндүүрлэх төдийгүй бие шаналж, сэтгэл долгилно. Гэвч амьсгал болон биеийн бусад мэдрэмжээ
анхааралтай ажиглах энгийн дасгалаар Гоенка сурагчдадаа мөнх бусын тухай
ойлголт хийгээд бодь сэтгэлийн хязгааргүй мэдрэмжээ хөгжүүлэхийг заасан байна.
Салзберг “Бясалгалын эхний орой багш “Будда
Буддизмыг бус амьдралын зам мөрийн талаар л сургасан” гэж билээ” хэмээн дурслаа.
Гоенка анхны бясалгалын төвөө 1976 онд
байгуулжээ. Гэвч бясалгалын цар хүрээ өөрийнх нь нөөц бололцооноос хэтийдсэн
тул 1982 оноос туслах багш нарыг бэлтгэж эхэлсэн байна.
“Аль болох олон хүнийг бэлтгэхээр багш ханцуй
шамлаж байсан” гэж Гоенкагийн 1973 оны шавь, анхных нь туслах багш нарын нэг,
одоо Калифорнийн төвд багшилж буй Жон Бэри ярив.
Хэдий
тийм ч багш нар өөр өөрсдийн арга барилаар тус бясалгалыг хөгжүүлдэггүй бөгөөд
Гоенка багшийнхаа айлдваруудыг тоглуулж, гагцхүү сурагчдын эргэлзээтэй асуулт,
тодруулгад хариулт өгөх замаар багшилдаг.
Дээрх хэв маяг нь содон хэдий ч хичээл зүтгэл
нь амжилттай болж, түүнийг таалал төгссөнөөс хойш ч цар хүрээ нь өргөжин
тэлсээр байна. Өнөөдөр Техасын Кауфман, Финландын Хельсинки, Өмнөд Африкийн Баруун
Кап зэрэг газруудад салбартай болж, дэлхий даяар 200 гаруй бясалгалын төв үйл
ажиллагаагаа явуулж, жил ирэх тусам нэмэгдсээр байна. Энэтхэг дэх төв байгууллага
нь заах арга зүйд хяналт тавьдаг. Төвүүд хараат бус байдлаар үйл ажиллагаа
явуулж, төлбөр авдаггүй бөгөөд сайн дурын үндсэн дээр оршдог. Өргөл, хандиваар
үйл ажиллагаагаа явуулдаг.
Гоенка олон нийтэд танигдахын хэрээр ном
бичиж, аялж, олон улсын хэмжээнд багшлах болсон байна. “Цаг хугацааг
бясалгахуй, Випашянаг бясалгахуй” нэртэй баримтат кинонд Гоенкагийн айлдвар Энэтхэгийн
хамгийн том шоронд ял эдэлж буй хүмүүс болон харгалзагчдыг хэрхэн өөрчилж буй
талаар харуулсан байдаг. Бэригийн тооцоолсноор Гоенкагийн удирдан явуулсан 10 хоногийн
бясалгалд даруй 1 сая гаруй хүн суужээ.
“Ариун
зам мөрөөр бусдыг дадуулахыг хүсвэл өөрийнхөө доторх ариун чанарыг хөгжүүл. Өөрийнхөө
доторх бодтой энх тайван, зохицлыг нээ, аяндаа л бусдад үр ашиг болж урсах
болно” хэмээн Гоенка 1989 онд сурагчдадаа айлджээ.
No comments:
Post a Comment