Гэрэл зураг: Харуки Мураками "Норвегийн ой"-н монгол орчуулгын анхны болон гурав дахь хэвлэл. Орч. Б.Гэрлээ
Муракамиг уншсаны дараа... (Муракамиг бүхэлд нь уншчихсан юм шиг л уншигдаж байх чинь)
Тодруулбал, Муракамигийн "Норвегийн ой"-д хэдэн өдөр 'шигдсэний' дараа бодит ертөнцийн юм бүхэн гэнэт л ихээхэн гэрэлтэй, дотно санагдлаа. Угтаа бол унших явцад юм бүхэн түгшүүртэй санагдаж байсныг яана. Харьцуулах дургүй, харьцуулах ч аргагүй, өөр өөрийнхөөрөө онцлог зохиолчид ч гэлээ Аюур ах, Мураками хоёрын зохиолоос төстэй мэдрэмж мэдрэх юм. Аюур ах гэж дотночлон буй шигээ Мураками ах гэхээр хөндий, утгагүй санагдах ажээ.
Хэдэн жилийн өмнө, их сургуулийнхаа нэгдүгээр курсэд бил үү дээ, монгол хэлээр анх гарахад нь Норвегийн ойг уншихаар авсан боловч дуусгаагүй, яагаад ч юм тэгэсхийгээд л хаагаад орхичихсон доо. Гэсэн атлаа дараахан нь 1Q84-ийн гурамсан роман, Өнгөгүй Тазаки Цүкүрү, Эрэг дээрх Кафка зэргийг ихэд тамшаалан уншсан юм даг. Харин саяхан, Муракамикийн номуудыг уншихаар надаас авсан ах маань буцааж өгөхдөө Норвегийн ойн Нэпкогоос хэвлэсэн гурав дахь хэвлэлийг бэлэглэв. Цаг нь болсон юм байлгүй, энэ удаад өмнөхөөсөө илүү ойлгож, мэдэрч уншлаа. 18-тай, 23-тай унших хоёрын хооронд багагүй ялгаа бий дэг ээ.
Зохиолын дүрүүдээс нь дор хаяж нэг нь амиа хорлодог, зохиол болгонд нь зүүдэнд эсхүл бодит байдалд болж буй эсэхээ зохиолын баатар нь өөрөө ч ялгадаггүй хурьцлын хэсэг заавал гардаг, пянз, Бийтлзгүйгээр төсөөлөх аргагүй өнөө л Мураками... Хар бараан буюу гэгээн, амьд мэдрэмжийг гэвч нэг дор төрүүлнэ гэдэг... Сонин юм шүү!
Гэхдээ талархах юм. Зохиолыг нь унших болгондоо урлаг гэдэг зүйл бидний ертөнцөд оршин буй нь тун ч их хувь тохиол гэж боддог учраас тэр. Мэдрэмж, хөгжим, ном, зураг... "Амьдлаг", "сүнслэг" мэдрэмж төрүүлдэгт нь талархана.
Мидоригийн гүзээлзгэнэтэй бялууны хэсгийг цөөнгүй хүн ФБ дээр хуваалцсан байсан санагдана, яалт ч үгүй дурлалын тухай бодлыг минь энгийнээр, хөөрхөн илэрхийлсэн байгаа юм.
"... Гүзээлзгэнэтэй бялуу идмээр байна гэхэд ум хумгүй гүйж очоод аваад ирдэг. Одоо идэх хүсэлгүй болчихлоо гээд цонхоор шидчихэд ойлгох хүн л хэрэгтэй ..."
Дэргэдэх хүн маань харин тийнхүү "ум хумгүй" гүйж очоод авчрахыг мэдэхгүй л дээ. Учир нь би одоогоор түүнээс иймэрхүү зүйл хүсээгүй л байна. Гэлээ ч тэгнэ гэдгийг нь мэдэрдэг юм. Үгүй ядаж, мэдрэмж, итгэл хоёр байгааг мэдэх ч бас муугүй шүү! Ерөөс ийм мэдрэмж эргэлзээгүй төрж байх нь л хангалттай байж мэднэ ээ. Тэрнээс, бодитоор гүзээлзгэнэтэй бялуунд яваад ир гэж 'шалгаж, шахахдаа' гол нь биш.
Зохиолд гардаг шиг 'Энэ дэлхийн хаана ч очсон адилхан' гэдэг нь нэг талаасаа үнэн байх. Гэвч хаана нь ч очсон адилхан энэ дэлхийг хөндлөн гулд тойрмоор санагдсан. Хаа ч оршиж л байдаг баяр жаргал, зовлон шаналал байх ч тэдгээрийг бий болгож буй ялгаатай соёл, урлаг, орчин тойрныг үзмээр. Үгүй ядаж дассан газраасаа холдоход мэдрэгдэх эрх чөлөө, бие даасан байдал, 'юм үзэж, нүд тайлж' буй мэт (хуурмаг байж болох ч) мэдрэмжийг мэдэрмээр... Гэвч тэгэхдээ ганцаараа биш, түүнтэйгээ л хамт явмаар. Ерөөс хамтдаа байвал энэ дэлхийн хаана ч байсан яах вэ дээ! Хамтдаа л байвал... Тэгж бодогдсон мөчид энэ хүн миний хувьд хичнээн эрхэм болохыг дахин мэдэрсэн юм.
Нэгдүгээр курсдээ номыг нь дуусгаагүй ч Бийтлзийн Норвегийн ой хэмээх богинохон атлаа аялгуулаг дуунд дуртай болсон сон. Зорьж сонсоогүй харин уджээ. Энэ удаад номоо хаасан даруйдаа сонслоо. Одоо ч сонсож байна. Сэтгэл татах гойд юмгүй юм шиг хэрнээ л энэ дуу дулаахан санагдах ажээ. Леннон, МакКартни хоёр хэрхэн сэтгэл хөндөхөө сайн мэдэх юм.
Гуниг зовлон, баяр жаргалынхаа шалтгаан нь гагцхүү хүн өөрөө, мөн хариуцлагаа ч өөрөө л үүрэх тул бусдыг шүүх нь утгагүй. Гэлээ ч Муракамигийн зохиолын баатруудын хувьд амиа хорлох сонголтыг ядах юмгүй хийх нь бий. Үхлийн тухай бодох нь аймаар зүйл биш, үхэх тухай бодох нь ч гаж юм биш. Гэвч сайн дураараа үхэх сонголт хийснээр л бүх зовлон зүдгүүртээ цэг тавьчихна гэвэл өрөөсгөл. Тэр тусмаа энэ амьдралыг яаж ийгээд 'амьдарч' л дуусгах ёстой юм шүү гэсэн бодол төрсөн. Хамгийн сонирхолтой нь, тэс өөр мэдрэмж, үй явдал хүүрнэх атлаа Үй Хуагийн 'Амьдрахуй', 'Норвегийн ой' хоёрыг уншсаны дараах бодол адил байх аж.
Гэснээс, гүзээлзгэнэтэй бялуу идмээр санагдах. Жимсэнд нь дуртай ч гүзээлзгэнэтэй бялуунд дуртай биш л дээ. Гэхдээ магад Мидоригийн өмнөөс нэг амталж болох л юм.
Эцэст нь надад ингэж бодогдож байна. Өөрөө хүсвэл, гүзээлзгэнэтэй бялуу төдийхнөөр л хүмүүсийг, амьдралыг төсөөлж болох юм шүү. 'Хүсвэл' шүү дээ.
2019.05.14.
Улаанбаатар.