Ишигүро, та хуучин номын дэлгүүрт өөрийнхөө номтой таарч байв уу?
Тэгэлгүй яах вэ. Хэцүүхэн зүйл шүү. Англид хөдөө юм уу өөр газар хуучин номын дэлгүүрт орохоор миний ном байж байвал "Элэг барьж байгаа юм шүү, нэг хүн нь миний номыг хадгалахыг хүсээгүй байна шүү дээ!" гэж боддог. (Инээв) Гэхдээ бас байхгүй байвал онцгүй мэдрэмж төрнө. "Хүмүүс яагаад миний номыг солилцохгүй байна аа, яагаад энд байхгүй байна аа" гээд л.
Зохиолч хүн үг даадаг байх шаардлагатай юу?
Тийм. Жишээ нь манай эхнэр л гэхэд энэ тал дээр их хатуу. Саяхан гаргасан "Дарагдсан аварга" (англ. The Buried Giant) номоо 2004 онд анх бичиж эхэлж байхдаа эхнэртээ жаахныг уншуулаад л бичихээ больчихсон юм. Мань хүн хог гэж үзсэн хэрэг. (Инээв) Үерхэж эхлэхдээ би зохиолч байгаагүйд учир бий л дээ. Бичиж эхлээ ч үгүй байхдаа бид үерхсэн учраас миний бичсэнийг уншихаараа нэг өдөр зохиолч болно гэж боддог магистрын оюутан чигээр маань л санадаг байх.
Бичиж байгаа зүйлийнхээ мөн чанар, чухал хэсэг дээр хэзээ ч буулт хийдэггүй.
Бүүкэрийн шагнал авсны чинь дараа хүртэл үү?
Нэг их сүрдсэндээ биш л дээ, үндсэндээ эхнэр маань намайг зохиолоо хэвлүүлэхээс бүр өмнө нь ямар байсан тэр л янзаар шүүмжилдэг юм. Тийм ч байх нь дээр. Бид миний болон бусдын зохиол, үзсэн кино, жүжгийнхээ талаар хоорондоо 1980 оноос хойш 35 жилийн турш мэтгэлцэж байна шүү дээ! Санал нийлэх юм байна, санал зөрөх ч юм байдаг. Тийм болохоор эхнэрийнхээ хэлснийг ер тусгаж авахгүй зүйл гэж байхад ул суурьтай хүлээж авах ёстой зүйл ч бий. Бодолдоо бат зогсдог хэд хэдэн тодорхой зүйл түүнд бий.
Гэхдээ та гол санаан дээрээ бууж өгдөггүй байх.
Яг тийм, бичиж байгаа зүйлийнхээ мөн чанар, чухал хэсэг, ерөнхий санааны тухайд бол би хэзээ ч буулт хийхгүй. Гэлээ ч эхнэр маань энэ тухайд шүүмжилдэггүй юм. Гүйцэтгэл дээр л юм хэлдэг. "Энэ чинь аятайхан болоогүй байна. Санааг чинь мэдэж байгаа ч нэг л сайн болоогүй байна" гэх юм уу, иймэрхүү маягаар. Тэрнээс "Зохиолын чинь үндсэн санаа буруу байна" гэсэн юм огт хэлдэггүй ээ.
Тэгвэл чухам яагаад "Дарагдсан аварга"-ыг тийм удаан хойш нь тавьсан юм бол? Аль 10 жилийн өмнөөс л бичиж эхэлсэн юм байна шүү дээ, уг нь.
Заримдаа бичиж байгаагаа хэдэн жилээр орхичихдог. Өмнөх "Намайг бүү явуулаач" (англ. Never Let Me Go) зохиол дээр гэхэд гурван удаа оролдсон. Бичиж байгаагаа түр хойш тавиад хоёр, гурван жилийн дараа эргээд бичихэд өөр болчихсон байдагт дасчихсан шүү. Төсөөлөл маань өөрчлөгдсөн, эсхүл өөр санаа, өөр арга олсон байдаг. Өмнөхтэйгээ төстэй, адилхан аль нь ч байлаа гэсэн ач холбогдол нь өөр болсон байдаг. Урьд нь ингэж л байсан болохоор хэн нэгэн надад "зүгээр хойш нь тавьчих" гэвэл гайхдаггүй. Туршлагаасаа тэгэх нь хавь илүү дээр байдгийг мэдсэн учир.
Номоо дуусгахаар ямар мэдрэмж төрдөг вэ?
Ерөөсөө "Хөөх, би дуусгачихлаа шүү дээ" гэх үе надад байгаагүй болохоор таны асуулт сонин санагдаж байна. Хөлбөмбөгчдийн хувьд бол тэмцээний төгсгөлд шүгэл үлээмэгц ялсан, ялагдсан хамаагүй шууд дуусгадаг. Тэр хүртэл байдгаараа тэмцсэн атлаа шүгэл дуугарах мөчид бүх юм дууссан гэдгээ мэддэг. Зохиолч хүний хувьд бол ингэх нь инээдэмтэй хэрэг. Сүүлчийн шүгэл гэж байдаггүй болохоор сонин юм биш л дээ.
Яагаад байж болохгүй гэж?
Ном хэвлэгдсэний дараа ч засвар явж байдаг. Британид хатуу хавтаст хувилбар гарлаа гэхэд орчуулагч нар олон асуулт тавина. Нарийн ширийнийг олж харахдаа ч их гярхай. Хүн бүрийн сэтгэгдлийг сонсмогцоо би дахиад жаахан засна. Зөөлөн хавтастай хувилбарын дараа л нэг сүүлийн хувилбар гэх мэдрэмж төрдөг дөө. Яагаад гэвэл засахад хэтэрхий оройтдог учир сүүлчийн шүгэл болох юм. Жинхэнэ ялалтын мөч гэж харин байхгүй.
"Хөөх, би дуусгачихлаа шүү дээ" гэх үе надад хэзээ ч байгаагүй. Зохиолч хүний хувьд сүүлчийн шүгэл гэж байдаггүй. Сонин юм биш л дээ.
Дахиад цаашаа бичих ёстой гэсэн дарамт маягийн юм та мэдэрдэг үү? 35 жилийн замналынхаа туршид наймхан ном гаргасан байна шүү дээ.
Анх бичиж эхлэхдээ л дэлхий дээрх номын тоонд ач холбогдол өгөхгүй гэж шийдсэн юм. Намайг анх "олж нээсэн" Фабер энд Фаберийн редактор Роберт МакКрамтай энэ тухай ярилцаж байв. Миний хамгийн анхны зохиол гарсны дараа би түүнээс "Миний дараагийн ном хэвлэгдтэл хэр удах бол?" гэж асуулаа. Харин тэр "Карьерынхаа төлөө бол хоёр жил тутамд нэг ном гаргах ёстой" гэв. Одоо ч сайн найзууд хэвээрээ учраас намайг үүнийг ярих бүрд "тэр ёстой тэнэг зөвлөгөө байсан шүү" гэдэг дээ. Гэхдээ тэр үед би "миний хувьд боломжгүй юм байна даа" гэж бодож байснаа санадаг.
Бүтээлч байдлыг яаруулж болохгүй шүү дээ.
Тэр үед би уран зохиолын ертөнцөд тоогоор хувь нэмэр оруулах гээгүй юм шүү гэж шийдсэн; харин миний хийх ёстой зүйл бол аль хэдийн гарчихсан номуудаас арай жаахан өөр ном бичихийг хичээх явдал байв. Арай шинэлэг бөгөөд өөр юм хийхгүй л юм бол уул овоо шиг энэ их номонд нэмэрлэхийн хэрэг юу байна вэ? Энэ тал дээр Стэнли Кубрик надад үлгэр дуурайл болдог. Тэр шинэ төслийнхөө талаар их удаан боддог байсан бөгөөд кино бүр нь нөгөөгөөсөө огт өөр байдаг. "Би Кубрик шиг байх хэрэгтэй юм байна. Хэрэгтэй хэмжээгээрээ завсарлага авъя" гэж бодсон. Ингэснээр зохиол бүрдээ шинэ ертөнц бүтээх боломжтой болдог.
Та эхлээд алийг нь боддог вэ, үйл явдал уу, зураглал уу?
Үйл явдлын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зураглалаа бүтээхийг илүүд үзнэ. Чухамдаа ингэх нь ээдрээтэй байдаг л даа. Зохиол нь байвч хаана, ямар цаг хугацаанд өрнөх зэргийг шийдэж чаддаггүй юм. Кинон дээр хөдөөгийн замаар машинтай давхиж байгаа мэтээр би байршлаа хайдаг юм шиг. Зураглал, түүн дотроо цаг хугацаа, газар зүйн байрлалын хувьд хаана өрнөх нь зохиол бичихэд миний үндсэн хэрэгсэл болдог. Энэ бяцхан ертөнцийг бүтээхэд сонирхолтой байдаг шүү. Бас хөгжим гэдэг мань мэтийн төрлийн бичиглэлд дутуугүй чухал зүйл дээ.
Яаж тэр билээ?
Яаж гэдгийг тайлбарлах хэцүү. Ямар нэгэн хөгжмийг шимтэн сонсох үед үггүй байлаа ч тухайн аялгуунд байх тодорхой сэтгэл хөдлөлийг мэдэрнэ. Бичихдээ би яг тийм сэтгэл хөдлөл, мэдрэмжийг илэрхийлэхийг зорьдог. Тиймдээ ч ихэнхдээ гаргахыг хүссэн мэдрэмжтэйгээ төстэй мэдрэмж төрүүлэхүйц дууны талаар бодоод сууж байх нь бий.
Ямар нэгэн хөгжмийг шимтэн сонсох үед үггүй байлаа ч тухайн аялгуунд байх тодорхой сэтгэл хөдлөлийг мэдэрнэ.
Үггүйгээр холбогдож чадах тийм ямар хөгжим байна вэ?
Саяхны хэдэн өдөр амандаа аялмагц залуу насаа эргэн дурсах өвгөн хүний тухай бичмээр санагдуулдаг миний дуртай төгөлдөр хуурч Кэйт Жарреттын тоглосон ая яагаад ч юм санаанд орсон. Ямар ч үггүй ая учраас дараагийн бичих зохиолдоо энэ тухай зураглахыг хүсэж байна. Харамсал, бахархал хоёрыг зэрэг төрүүлэхүйц мэдрэмжийг би хайдаг бөгөөд тийм мэдрэмжийг гагцхүү хөгжмөөс л авна.
Хөгжмөөс авсан мэдрэмжээ та яаж цаасан дээр үгээр буулгадаг юм бэ?
Зохиолчдын хувьд үг гол хэрэглүүр бөгөөд үгийг эсээ, харилцан ярианд ашиглах хэцүү төдийгүй логик учир шалтгааны үүднээс бодох хэрэгтэй болдог. Мэдээж зохиол бичихэд ингэх нь чухал боловч хөгжимчин, хөгжмийн зохиолч, зураач нар шиг төсөөллөө учир шалтгаан бодолгүйгээр ашиглах нь бас дутуугүй чухал юм. Зүгээр нэг логик сайтай зохиолч болчихгүй юм сан гэх нь миний хувьд их чухал юм аа.
Эх сурвалж: The Talks