Эрхэм Вервордт та уран зургийн цуглуулга, эртний эдлэлийн худалдаа, архитектор, дизайн гээд олон чиглэлд ажилладаг - мэргэжлээ хэрхэн тодорхойлох вэ?
Хариулахад их хэцүү асуулт л даа! (Инээв) Би ямар мэргэжилтэй вэ? Өөрөө ч мэдэхгүй. Юутай ч хүмүүс намайг засал чимэглэлч гэж дуудахад л их дургүй дээ. Ерөөсөө таалагддаггүй юм. Миний хийдэг бүх юм биш болохоор. Ерөнхийдөө би урлагийн бүтээлийн зууч бөгөөд цуглуулагч боловч архитекторын ажил бас хийдэг. Олдмол зүйлсийг ашиглаад тавилгын загвар бүтээж, үүнийгээ мөн ажил гэж үздэг. Би их олон юм хийдэг! Сайхан уран барилга, түүхий эд, сайн урлагт дуртай. Үнэхээрийн эрж хайдаг зүйл минь зохицол (harmony) юм даа.
Ямар зохицол билээ?
Би ариун геометрт суурилсан архитекторлог байдлаар ажиллах дуртай. Тэгж гэмээнэ бүх зүйл илүү утга учиртай, бодлоготой бөгөөд хүндэтгэлтэй болно. Би уур амьсгал бүрдүүлэх дуртай. Зүгээр нэг гоё сайхны тулд биш, энерги, гэгээлэг мэдрэмжийн тулд.
Шинэ газар руу нүүхэд энэхүү гэгээлэг мэдрэмжийг бий болгоно гэдэг хамгийн чухал зүйл мөн үү?
Гэрийн эзэн буюу тухайн байшинд амьдарч байгаа хүмүүс байраа өөрсдийнхөө нэг хэсэг, нэг зүйл гэж мэдэрдэг байх нь л хамгийн чухал гэж боддог. Зочломтгой, дулаахан, амьтай гэр бий болгох нь чухал ба ингэхэд мөнгө ямар ч хамаагүй. Энгийн цэцэгс, олсон жижигхэн зүйлсээрээ ч гайхалтай уур амьсгал бүрдүүлж болно. Чухамдаа миний хувьд маш үнэтэй байшин, өндөр өртөгтэй уран зураг дээр ажиллахдаа эднийг энгийн харагдахуулахуйц болгох дуртай. Хэн бүхэнд тухтай мэдрэмж өгч байх нь чухал гэж боддог доо.
"Биеийн чинь нөгөө сүнс мэтээр л гэрээ тохижуулах нь зүйтэй. Дэлхий дээрх таны хамгийн тааламжит газар байх учиртай юм!"
Музейд байгаа юм шиг мэдрэмжийн оронд.
Яг тийм. Нэг өрөөндөө л амьдардаг, бусад өрөөнүүдээ зочдод үзүүлэх зорилгоор л байлгадаг айлуудад үнэхээр дургүй ээ. Өрөвдөлтэй хэрэг. Биеийн чинь нөгөө сүнс мэтээр л гэрээ тохижуулах нь зүйтэй. Дэлхий дээрх таны хамгийн тааламжит газар байх учиртай юм!
Нөгөө сүнс мэтээр гэрээ тохижуулна гэдэг нь зөн совингоо дагах маягийн зүйл үү эсвэл суралцаж болдог зүйл юм уу?
Зөн совин гэвэл амар боловч илүү мэдрэмж тал руугаа, арай өөр зүйл хийх зоригийн тухай юм. Гэхдээ хүсвэл юуг ч сурч болно шүү дээ. Олон жил олон үйлчлүүлэгчтэй харилцаж байхад зарим нь анхандаа ямар ч амьгүй гэрт амьдардаг байв. Надтай танилцаж, шинэ байран дээрээ хамтарч ажилласнаар амьд уур амьсгал бүрдүүлэх мастерууд болсон доо, тэд. Тэгэхээр гэртээ сайхан уур амьсгал бий болгож чадсан үйлчлүүлэгчдийн маань олон туршлага надад бий.
Таны туршлагаар харвал хүмүүсийн гэрээ тохижуулахдаа гаргадаг алдаа юу вэ?
Бүх юм хэтэрхий төгс байх албагүй! Тэгвэл хүн биш болно. Хүн гэдгээрээ бид ямар ч байсан төгс бус шүү дээ. Төгс бус гоо сайхан, хийх зориг л юм даа. Өөр нэг чухал санагддаг зүйл гэвэл гоо сайхны эрэл хайгуул, бодит байдал хоёрыг хослуулж байж амьтай болно. Жишээ нь, над шиг хуучин байшинд амьдардаг бол эхний хэдэн жилдээ тухайн байшиндаа аль болох хүндэтгэлтэй хандахыг хүснэ. Хэтрүүлэггүй байх. Эхлээд байшингаа сонсож, хэв маягийг нь дагах нь чухал болов уу. Та гэрээ, гэр чинь таныг хайрлах, яагаад гэвэл түрүүн хэлсэнчлэн та хоёрын дунд нэгдэл байх ёстой юм.
Та тэгвэл энэ нэгдэл гээчийг яаж бий болгов?
Одоо миний энэ сууж байгаа өрөө гэхэд л түүхээс нь эхэлсэн. Эх зураг, ил зуух хоёрыг сэргээн засварласнаар илүү классик болсон. Харин миний ард байгаа өрөөнд илүү контемпорари бүтээлүүд байгаа. Дээшлэх тусам бүр орчин үеийн шинжтэй болно. Хоёрдугаар давхар яг бясалгалын өрөө аятай. Гэртээ аялах боломжтой байна гэдэг гайхамшигтай шүү! (Инээв)
Таны цуглуулга дахь эртний эдлэлүүдээр энэ мэдрэмж нь бүр ч баяжсан болов уу. Эхнэртэйгээ амьдардаг Гравенвецелийн цайзын зургуудаас тань уран зураг, баримлууд нь дандаа л өрөө хооронд нүүсэн харагдах юм.
Би өөрчлөлтөнд хайртай юм аа! Агуулах дүүрэн том урлагийн цуглуулгатай болохоор урлагийг дахин шинээр нээж байна л гэсэн үг. Шинэ бүтээл худалдаж аваад өлгөлөө гэхэд орчин тойрных нь юмс зохицохгүй харагдвал жаахан өөрчлөх хэрэгтэй болно. Гэвч яг тэндээ л байх ёстой юм шиг өөрчилж болдоггүй бүтээл бас бий. Номын сан дахь Лучио Фонтанагийн бүтээлүүд эсхүл дээд давхарт байгаа том Антони Тапиэсийн бүтээл зэргийг байрыг нь солих гэх бүрд болдоггүй дээ.
Үе үе та зургаа авахуулахдаа тавьж харагддаг Буддын ламтны модон сийлбэр яасан бол? Таны хамгийн нандигнадаг цуглуулгын нэг болов уу.
Одоо манай Канаалын галлерэйд байгаа шүү! Жижгэвтэр хийд маягийн зүйл хийж өгснөөр тохиромжтой байрлалаа олсон. Саяхан даа, гэрээсээ өөр тийш зөөх гэсэн ч бүтэлтэй болоогүй болохоор даруйхан буцаагаад тавьж байсан юм. Гэхдээ одоо дөрвөлжин ариун өрөөтэй болсон болохоор шашны орон зайгаар хүрээлэгдсэн. Маш сайхан, маш бясалгасан, маш шашинлаг. Үнэхээр өөдөөс ярьдаг юм шүү.
Ховор, гоё, их мөнгө олохуйц байсан ч би худалдаж авахгүй. Юмыг харахаас илүү мэдрэх нь чухал гэж боддог.
Гэрт чинь байхгүй болохоор нь үгүйлж байх юм уу?
Үгүй шүү. Юм болгоныг хадгалахыг хүсдэг байсан бол би хэзээ ч урлагийн бүтээлийн зууч болохгүй байсан шүү дээ! (Инээв) Эднийг мэдэж байх нь л надад чухал. Алдартай музейд, үйлчлүүлэгчийн гэрт байна уу хамаагүй, энэ бүтээлүүдэд илүү тохиромжтой газар олох нь л миний үүрэг гэж боддог. Уран бүтээлчдийнх нь хувьд ч мөн хувийн цуглуулгад байснаас том музейд байх нь чухал байдаг. Тэгэхийгээ би бараг үүрэг гэж л санадаг шүү. Алс ирээдүйгээ бодсон ч бас тэр юм.
Нөгөө талаасаа та бас түүхэн бүтээлийг баримтжуулж, архивжуулж байгаа болохоор тэр байх.
Тийм. Гэхдээ өөрийнхөө цаг үеэс зугтахыг хүсдэгтээ урлагийн бүтээлийн зууч болоогүй л дээ. Хуучны юмсаас мөнхийн, нийтлэг зүйл олж харах дуртай, миний эрэл хайгуул үргэлж тийм л байсан. Мянган жилийн, зуун жилийн настай байж болно, тэр нэг мөнхийн, сүнслэг мэдрэмж байхад нас хамаагүй. Тэгээд тэрхүү хуучны юмсыг контемпорари бүтээлтэй холбох дуртай. Би хувьсалд дуртай болохоос хувьсгалд дуртай биш билээ. Контемпорари бүтээл байсан ч үргэлж л оршиж ирсэн юм шиг болгох мэдрэмж, уур амьсгалыг би бүрдүүлэх дуртай юм. Түүнчлэн, контемпорари бүтээлээс хуучны юмсаас тэр бүр олж хардаггүй орон зай, хоосны мэдрэмжийг авдаг. Хоосныг мэдэрнэ гэдэг их чухал шүү.
Тэгэхээр зохицол сайтай гэрт шинэ хуучин хоёулаа байх хэрэгтэй байх нь.
Яг тийм. Тухайлбал, гэрийнхээ зай талбай ихтэй, гэрэл сайтай гоё өрөөгөө харьцангуй хоосон байлгана. Харин харанхуй талдаа өрөөндөө олон ном тавьж, сайхан номын сангийн өрөө болгоно. Ингэснээр гэгээтэй, харанхуй өрөө гээд арга билэг (Ин Ян) болох юм. Гоо зүйн талаасаа би хэзээ ч үнэ цэнд нь эсвэл гоё сайханд нь болж авдаггүй, тэр нь заавал эерэг энергитэй байх хэрэгтэй. Тийм ч учраас дайны юмс ер цуглуулдаггүй. Сөрөг энерги мэдрэхээрээ худалдаж авах нь байтугай гар хүрэхийг ч хүсдэггүй. Ховор, гоё, их мөнгө олохуйц байсан ч худалдаж авахгүй л дээ. Юмыг харахаас илүү мэдрэх нь чухал гэж боддог.
Эх сурвалж: The Talks
No comments:
Post a Comment