Төөрсөөр төрөлдөө гэдэг шиг явсаар эхэлсэн цэгтээ ирэв бололтой. Хэд хэдэн блог хөтлөх муугүй л дээ, заавал аль нэг нь илүү гэх юм үгүй. Гэхдээ энд бичихээр гэртээ байгаа мэт дотно, дулаан мэдрэмж төрдөг учир зорин зорин бичиж сууна.
Би ер нь шинэ ажилд орохоороо л энд "ирдэг" юм болов уу? Анх ажилд орж байсан үеэс ялгаатай нь харьцангуй мэддэг бөгөөд чаддаг зүйлээ хийж байгаа тул харь мэдрэмж бага ч дастлаа хугацаа орохыг мэдрээд л байна. Миний амьдрал дахь эгзэгтэй, шинэ мөчүүд дандаа хоёр, гурваараа огтлолцож таардаг юм шиг билээ. Адаглаад л гурван жилийн өмнө туршлагагүй шинэ төгсөгч+шинэ ажил+үерхэл+шинэ хамт олон байсан бол одоо шинэ ажил+шинэ хамт олон+шинэ байр зэрэг нэг дор амжуулахыг шаардах олон "чиг үүрэг" байна. Үүн дээр гэр бүл, ажлаас гадуурх төсөл гээд хэд хэдэн зүйл бас бий.
Цаг хугацаанд хугацаа олгосноор сарын дараа гэхэд энэ бүхэн тэс өөр байх нь мэдээж. Гэсэн хэдий ч сүүлийн хэдэн өдөр "дуртай зүйлээ хий" гэсэн дуудлага, дохио маягийн зүйлстэй байнга тааралдах болсноос үүдсэн үү, одоо хийж байгаа ажил маань яг чин дуртай зүйл мөн үү гэсэн асуултыг өөрөөсөө асуух боллоо. Дуртай ажил гэдэг дандаа амархан байна гэсэн үг биш, тиймээс мэдээж тийм хуумгай хариулт хэрэггүй л дээ, гол нь ажлын хүндээс үл хамааран үнэхээр миний дуртай зүйл мөн үү гэсэн асуултдаа хариулт эрээд олдоггүй дээ.
Бүр яг "зүрх сэтгэлийн дуудлага"-аа юу байж болохыг (болохыг гэнэ шүү) мэдээд байгаа юм аа, уг нь. Түүнээ хийе гэхээр хаанаас, юунаас эхлэхээ мэдэхгүй, гээд яг урдах ажилдаа дургүй юм уу гэхээр бас дуртай. Магад зориглож чаддаггүйгээсээ болоод эцсийн дүндээ нэг байгууллагад тогтвортой сайн ажилтнаар хэвээрээ үлдсэн миний мэдэх хэд хэдэн хүн бий. Мэргэжилтний хувиар урам зориг авдаг ч арван жилийн дараа, хорин жилийн дараа өөрөө бол яг хүссэн зүйлээ бие даан хийгээд явмаар эго дотроос хатгаад байх.
Мэргэжил, ажил, албан тушаалыг маань салгахаар хэн ч биш болчихгүй юм сан гэх эго, нөгөөтэйгүүр нөхөр, хүүхэд, гэр бүлээсээ ангид байсан ч хэн нэгэн хувь хүн хэвээрээ байх хүсэл төрнө. Доторх хүнээ сонсдог, дагадаг байлаа гээд гэр бүлээ хаях, ажлаа цалгардуулах гэсэн үг биш юм л даа, уг нь. Ямартай ч нэг иймэрхүү бодлууд ойрд бодогдоод байгааг бичиж дотроо уудлах минь.
Зүгээр л нэг тийм гагцхүү урдах ажлаараа өөрийгөө тодорхойлохгүйгээр өөр чаддаг, дуртай зүйлтэй байх, түүнээсээ таашаал авч амьдармаар байна. Гээд бас хоёр туулай хөөж хоосон хоцрохын оронд урдах зүйлээ хамгийн сайнаараа хийх хэрэгтэй биш үү гэж өөрийгөө зэмлэх аядана.
Бичнэ гэдэг өөрөө гэхдээ тайвшрал юм байна аа, үнэхээр. Богино ч гэлээ энэ тэмдэглэлийг дуусгахад ингэж бодогдоно. "Урдах зүйлээ хичээгүйлэн хийе. Гэхдээ бас өөр юу хийж чадахаа ч харъя!"
Баярлалаа, блог минь! Ойр ойрхон "эргэж" байна аа.
2021.11.15. С.Цэрэндолгор
No comments:
Post a Comment