Өөртөө дүн шинжилгээ хийсэн нь

Цаг хугацаа харваж байна. Нэг л мэдэхэд гээд суумааргүй байгаа болохоор оршин байгаа хормуудаа сайхан, муухайн алинаас үл хамаарч хайрлахыг бодож байна. Гээд сүүлийн хоёр долоо хоногт айхавтар ханиадаа эдгээх гэж оролдохын сацуу ажлаа хийх, өмнө минь байх олон "үүрэг хариуцлага"-аа цалгардуулахгүйг хичээх зуур сэтгэлзүй хэдэн ч удаа савлаж, хэчнээн ч донслов, Бурхан минь.

Бичих маань цөөрсөн, ер нь л бичнэ гэдэг үйл судалгааны ажлаар хэмжигдэхээс өөрөөр утга илэрхийлэхээ больсон байх юм. Яах учраа төдийлөн олохгүй ийм өдрүүдэд энд бичих нь эдгэрэл гэдгийг мэдэрмэгц, үгүй тэгээд мөн бичмээр хүсэл төрөхүйд ийнхүү сууж байна.

Сүүлийн 1 сарын өөрийнхөө сэтгэл, үйл хөдлөл, бодолд ул суурьтайхан дүн шинжилгээ хийхээр шийдэн жаал ажиглав. Үр дүнд дараах шинжийг өөрөөсөө ажиглалаа:

  • Хүнээс үг сонсож чадахаа байсан, ямар нэгэн тайлбар хэлэхгүй л бол болохгүй мэт санагддаг болсон;
  • Үүрэгт ажлаа ачаа мэт хүлээж авдаг, түүнээсээ болж ажлаас халшрах хам шинж илт илрэх болсон;
  • Хүмүүстэй ярилцах, уулзах хүсэл төрөх ч яг тийм хэмжээний залхуурах, төвөгшөөх байдал бий болсон;
  • "Болно доо" гэсэн бодол нэг хоромд орж ирмэгц алга урвуулах төдийд "яаж болгох билээ?" гэсэн асуулт бүр дарамт болдог болсон;
  •  Хүмүүстэй юу ч хамаагүй хуваалцмаар санагддаг ихэвчлэн яриа байдаг нь цөөрч "яршиг даа, юуны хамаа" гээд үгээ залгидаг болсон;
  • Мэдрэмжээ илэрхийлмээр санагдах бүрд "миний мэдрэмж хэнд хамаатай аж" гээд дотогшоо хургадаг болсон;
  • Уйлмаар байвал юу ч бодохгүй уйлж чадахаа байсан. Хэцүү байгаагаа хүлээн зөвшөөрч чадахгүй, юундаа ч уйлах вэ дээ гээд нулимсаа зэмлэх, уйлсан ч "болохгүй дээ" гэсэн мэдрэмжтэйгээр шаналж уйлдаг болсон. Товчхондоо, уйлахдаа хүртэл өөртөө шалгуур тавьдаг, "муу ёр байгаа даа" гэх нь холгүй.
Дээрхээс гадна өөрөө анзаарч чадахгүй сөрөг зүйлс бас байгаа биз ээ. Дээрх шинж илрэхэд гадна, дотны олон хүчин зүйлс нөлөөлсөн нь мэдээж. Гэвч эцсийн дүндээ бүх юм миний сэтгэлээс үүдэлтэй гэдгийг ч мартчихсан явж байснаа өчигдөр анзаарав. Ямартай ч удаан ийм байдалтай явж болохгүйгээ, өөрийгөө хуурч чадахгүйгээ мэдэж байгаа болохоор түр зогсоод (цаг хугацааг зогсоож чадахгүй ч өөрөө түр зогсоё) гүнзгий амьсгаа авах хэрэгтэй байна.

Харин ийнхүү бичих явцад үнэхээр дээрх бүхэнтэй нүүр тулах, хүлээн зөвшөөрөх зориг төрж эхэлж байна шүү. Бодь мөрийн замд орсон нэгэн байлаа ч тэр нь бас мөнх бус тул хэзээ ямагт сэтгэлээ ажиглахгүй л бол нэмэр үгүйг ойлгохын дээдээр л ойлгож байна.

Сэтгэлээ амар амгалан байлгахын тулд бидний хийдэг зүйлс ч яг оносон арга зам биш юм шиг. Бид ярьдаг даа. Дургүй хүрээд байгаа хүнээ дагахаа больчих, харьцахаа больчих, ажил чинь таалагдахгүй байвал гарчих гэх зэргээр. Өнгөц харахад хялбархан юм шиг хэрнээ өнгийгөөд үзвэл дандаа л "зугтах" арга. Гээд зугтахгүй байгаа нь энэ гээд шүдээ зуугаад, багтартлаа тэвчиж хүлцэхийг яриагүй юм шүү. 

Ямартай ч би бас өмнө нь тэгдэг байв. Сэтгэлд таагүй мэдрэмж төрүүлсэн бүхнээс зугтах, холдох тухай боддог, тэр хэрээр зүгээр болох юм шиг санагдавч сэтгэлийн мухартаа асуудлаа шийдвэрлэж чадаагүй болохоор хэлбэр нь өөр ч агуулга ижил асуудалтай дахиад л нүүр тулна. Ийнхүү энэ тойргоосоо сүүлдээ гарч чадахгүй, сэтгэлийн нүүдэлчин аятай насаараа амь зуух нь. 

Заавал бүх юм миний "хяналт"-д байгаа гэсэн мэдрэмж төрж байж сайхан байна гэсэн үг угтаа биш шүү дээ. Хянаж, удирдаж чадахгүй өчнөөн юмс бий. Харин эндээс ганц удирдаж, хүссэнээрээ хянаж чадах нь миний өөрийн сэтгэлзүй, мэдрэмж билээ. Ярих амархан, хийх хэцүү. Гэхдээ ярьж байна гэдэг бодож байна гэсэн үг, бодож байна гэдэг хүрэх боломжтой л гэсэн үг.

Зовоод ирэхээрээ гутрах, жаргаад ирэхээрээ хөөрөх мэдрэмжийн хоёр туйлаас ангижрахыг хичээх, гаднаас ирж буй бүхнийг мод мэт хөнгөхөн, тайвуу хүлээж авахад суралцах. 

Үгүй ядаж л, гэрэл гэгээ, сайн сайханд тэмүүлэх хүсэл, өөрийгөө авч үлдэх эрмэлзэл хэвээр байна. Ингэхдээ гагцхүү аз жаргалд дулдуйдах бус, одоо ингээд туулж буй бүхэн маань өөрөө амьдрал, хожим нь дурсамж болохыг ухаарч намуухан амьдаръя! Маргаашд шуналгүй, өчигдрөөс зууралгүй, яг одоо, өмнө минь буй хором мөчүүдийг мэдэрч, оногдсон урдах ажлаа чин сэтгэлээс өөр юм бодолгүй хийж, ирээгүй цагийг тэр цагт нь л даатгая. 

Бусад нь буянаараа болог!

2022.05.11. 11:11.
Монгол Улс, Улаанбаатар.

САЙНТӨРИЙН ЦЭРЭНДОЛГОР

1 comment:

  1. Мэдрэмжээ илэрхийлмээр санагдах бүрт бичиж байгаарай чиний мэдрэмж их гоёштээ 👻

    ReplyDelete

Instagram