Зургийн эх сурвалжийг энд дарж харна уу.
(Disclaimer: Спойлер агуулсан, гэвч их биш нтр)
Аавынхаа ажилладаг номын сангийн байнгын үйлчлүүлэгч, ном унших дуртай Шизүкү. Гэтэл авсан ном бүрийнх нь бүртгэлийн хуудаст Сэйжи Амасава гэсэн нэр дурайна. Уншаагүй дээ гэж бодсон ховор номд хүртэл "Амасавагийн хувийн цуглуулгаас хандивлав" гэсэн бичигтэй тамга байх аж. Яах аргагүй өөрийнх нь уншдаг бүх номыг түрүүлээд уншчихсан тэр хүнийг хэн болох, ямар хүн болох тухайд гайхаж эхэлнэ. Ингээд л дунд сургуулийн төгсөх ангийн сурагч Шизүкү нууцлаг уншигчийг дотроо төсөөлөх, хорвоо ертөнцийг уншсан номоосоо гарж сэтгэх, өөрийгөө хэн болох, ирээдүйд хэрхэх талаараа эргэцүүлсэн адал явдалт өдрүүд эхэлдэг дээ.
"Зүрхэн шивнээ" (Whisper of the Heart) гэх 1995 оны энэхүү бүтээл Жибли студийн хамгийн "underrated" киноны нэг байж магад ч миний хамгийн дуртай нь. Порко Россо гэхдээ үргэлж нэгдүгээрт л дээ. Хаяо Миязаки зохиолыг нь бичиж, Ёшифүми Кондо найруулсан энэ кино бүхэлдээ гэгээн итгэл, мөрөөдөл, сайн сайхнаар дүүрэн.
Дунд сургуулиа төгсөөд удахгүй ахлах ангид орох боловч яг хэн болмоор байгаагаа, чин үнэн дурладаг зүйлтэй эсэхээ Шизүкү охин Сэйжи гэх хүүг олсноор анх удаа ул суурьтай эргэцүүлэн бодож эхэлдэг. Киноны эхэнд Америкийн гитарчин агсан Жон Дэнвэрийн "Гэрт минь хүргээч, хөдөөгийн зам аа" (Take Me Home, Country Roads) хэмээх аялгуулаг, намуухан дууг Шизүкү япон хэлнээ хөөрхөн буулгахдаа хошигнол болгон Concrete Roads гэсэн илүү хувилбар бичсэнээ өнөөх номын сангаас авсан "Амасавагийн хувийн цуглуулгаас хандивлав" тамгатай зузаан номны дотор хавчуулан сандал дээр үлдээчихдэг. Гээснээ санан эргээд тавьсан сандал дээрээ ирвэл нэг хүү өөрийнх нь юм шиг нээн сууж байснаар зогсохгүй "Concrete Roads" хэмээн егөөдчихөөд яваад өгөх нь тэр.
Түүнээс хойш таарах бүрдээ тийнхүү шоолох, өхөөрдөхийн хооронд мэндлэх хүүд Шизүкү эгдүүцэвч хажуугаар нь бас өнөөх гайхал нууцлаг Сэйжи Амасаваг дотроо гайхан төсөөлнө. Үнэн хэрэгтээ явж явж тэрхүү Сэйжи Амасава нь таарах бүрдээ шоолдог хүү байж таардаг. Хүү Италийн Кремона хотод суралцаж хийл урлаач болох мөрөөдөлтэй, эртний ховор сонин эдлэлийн дэлгүүр ажиллуулдаг өвөөтэй баялаг сонирхолтой нэгэн байв. Хэн болох талаараа гайхам тодорхой зураглалтай Сэйжигээс урам аваад Шизүкү ч бас эргэцүүлсээр дуртай зүйл нь бичих юм байна гэдгийг мэднэ. Чухам бичиж чадах эсэхээ мэдэхийн тулд Сэйжиг хоёр сар Кремона руу туршилтаар дадлагажихаар явсан хойгуур зохиол бичиж дуусгадаг.
Шизүкүгийн зохиолын гол дүр нь Барон хэмээх муур агаад Сэйжигийн өвөөгийн дэлгүүрт байдаг язгууртны хувцастай Барон гэдэг муурны баримлаас санаа авсан хэрэг. Өвөө Бароныг зохиолын дүр болгох охины хүсэлтийг "хамгийн түрүүнд өөрт нь уншуулах" болзолтойгоор зөвшөөрдөг. Шизүкү хичээлээ үл хайхран байж, зохиолдоо хамаг сэтгэл зүрх, эрчим хүчээ шингээн бичээд өвөөд эхний гар нооргоо уншуулахаар өгөхөд өвөө "Мэдээж яг таг бүрэн болоогүй, гүйцэд зорогдоогүй байгаа ч маш сайн болжээ" гэсэн утгатай дүгнэлт хэлнэ. Тэгээд Сэйжи та хоёр яг энэ бүрэн зороогүй эрдэнийн чулуу шиг гээд үзүүлж байсан байгалийн төрхтэй хэвээрээ байгаа маргад эрдэнийн чулууг бэлэглэдэг дээ.
Гэснээс тэр Сэйжи гэдэг хүү үнэн хэрэгтээ охиноос ч өмнө өөрийг нь анзаарч хараад, өөрийгөө таниулахын тулд бүх номыг түрүүлээд уншсан гэдгээ сүүлд нь Шизүкүд хэлдэг юм.
Хүнд итгэх, мөрөөдөлдөө итгэх нь яагаад ч юм хэцүү болсоор байгаа мэт манай нийгэмд сайхан хүмүүс, чухам ийм кино, ном, хөгжмийн ачаар л урагш алхах хүчээ олдог шиг ээ. Технологийн асар хурдацтай өөрчлөлт дунд хүний нөөцийг хиймэл оюунаас дутуу үзэх болж буй, цаашид энэ хандлага улам гүнзгийрэх энэ цаг үед "хүнээрээ" үлдэх учиртай сануулдаг урлаг байдагт талархнам.
Сайн хүн, сайхан хүн байх хүсэл үнэхээр төрж болдог юм шүү. Яг тийм хүсэл төрүүлэгч, өөрсдөө буй байгаагаараа үлгэрлэгч хүмүүсийг ямар азаар таньдаг юм бэ гээд бодоход сэтгэл дүүрээд л ирж байна. Ерөөс тийм хүн байхгүй байлаа ч өөрөө тийм байхыг бодох. Бүх зүйл мөнх бус энэ амьдралд ер юу ч ялгаагүй мэт санагдавч яг үнэндээ сайн сайханд илүү итгэдэг өөртөө мөн талархав. Харанхуйг дагаад харанхуй болох нь өөрийнх нь хүсэл зориг бол хамаагүй л дээ. Гэвч харанхуйгаас гэрэлд, гэрлээс гэрэлд тэмүүлэгч байхыг л хүснэ.
Үгүй тэгээд гэрэлд тэмүүлнэ гэдэг муу муухайг хараагүй, мэдээгүй, сонсоогүй юм шиг өнгөрүүлнэ гэсэн үг бас биш л дээ. Үнэнийг үнэнээр нь хүлээж авах, болохгүйгийн өмнөөс дуугарах, тэр тусмаа сайн сайханд тэмүүлэх.
Энэ дуунд гардаг тэр Жон Дэнвэрийн дуу гэртээ байгаа хэрнээ л гэрээ санах мэдрэмж төрүүлдэг нь сонин. Inside Llewyn Davis дээр гардаг "500 Miles" бас ялгаагүй, яг тийм. Ирэх жилүүдийн аль нэгэнд гэртээ биш өөр газар байвал энэ мэтчилэн сонсох дуунуудаа ямар ч байсан олчихсон л байгаа шүү.
Энэ тэмдэглэлийг бичиж байхдаа цааш нь лавшраад бүр